Нийслэл болон дүүргүүдийн жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг, зөвлөх багтай хамтран 2018 оны 12 сарын 20-ны дотор НИТХ-аар хэлэлцүүлж, батлуулахаар ажлаа эхлүүлэв.
Тус ажил нь Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс (GIZ) хэрэгжүүлж буй “Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь” төслийн II-р үе шатны хүрээнд хийгдэж байгаа юм.
Жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн уулзалт 10 сарын 10-ны өдөр болж, зөвлөх багаас гишүүдэд дэд хөтөлбөр боловсруулах хэрэгцээ, шаардлага, ач холбогдол, нийслэлийн бүх дүүргийн оролцоонд суурилсан жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээний талаарх төлөвлөгөөг танилцуулж, санал солилцож, ажлын төлөвлөгөөг батлав.
“Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд нийслэлийн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрийг боловсруулах, төлөвлөхөд жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн арга зүйг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Жендэрийн тэгш байдлыг бодлого төлөвлөлт, үйл ажиллагаанд тусгах, эрчимжүүлэх ажлыг жендэрийн дэд хөтөлбөрөөр дамжуулан хийх боломжтой юм. Иймд төслийн зүгээс “Нийслэлийн жендэрийн сургалтын хэрэгцээг тодорхойлох нь” судалгааг 2018 оны 06 дугаар сард хийж гүйцэтгэсэн юм. Түүнчлэн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн /2017-2021/ хэрэгжилтийг нийслэлийн түвшинд хэрэгжүүлэх зорилгоор Жендэрийн Үндэсний Хороотой хамтран Нийслэлийн жендэрийн салбар хороог дэмжин ажиллаж байна.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг Улсын Их Хурлаас 2011 онд баталж, Жендэрийн эрх тэгш байдлыг үндэсний хөтөлбөр /2017-2021/-ийг Засгийн газраас 2017 оны 4 дүгээр сард тус тус баталсан юм. 2018 оны байдлаар Байгаль орчны салбарын жендэрийн стратеги (2012-2020), Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамрагдах байгууллага, агентлагийн жендэрийн стратеги (2016-2024), Хууль зүйн яам, түүний харьяа хууль сахиулах байгууллагуудын жендэрийн нэгдсэн бодлого (2016-2020), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого (2018-2024), Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт жендэрийн талаар баримтлах бодлого (2017-2024), Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт жендэрийн талаар баримтлах бодлого (2018-2024), Баянхонгор, Завхан, Ховд, Сэлэнгэ, Дорноговь, Увс, Өмнөговь аймгууд тус тус жендэрийн дэд хөтөлбөр баталсан байна.
Эх сурвалж: ULAANBAATAR.MN
Холбоотой мэдээ