Ирэх 2020 оны сонгуулийн бэлтгэл ажил эртнээс, эрчтэй эхэлсэн. Олон ч хүн цээжиндээ эмээлтэй хазаартай морь хөтөлчхөөд цогьж яваа. Тэдний нэг нь “Нэт капитал”-ын захирал Д.Сүндий гэж улс төрийн хүрээнийхэн шивнэлдэж байна. Тэрбээр хичээлийн шинэ жилээр 10 мянган хүүхэд Сүндий нэрийн цүнхээ бэлэглэж, сошиалынхан түүнийг хамгийн мэдрэмжгүй залуу, хамгийн болхи брэндээр шүүмжилж байлаа. "Баян хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү хамаагүй" ч Сүндий нэрийн брэндийн, 88 мянган төгрөгийн үнэтэй цүнх үйлдвэрлэж, тараасан нь сайхан сэтгэлийн бэлэг биш цаанаа улс төрийн зорилготой гэж сошиалынхан хардаж байсан нь оргүй ч үг биш ажээ.
Тэрбээр Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдоод зогсохгүй эхнэртэйгээ нийлж, улс төрд хүч үзэхээр бэлтгэж эхэлснийг намын гишүүд нь ярьцгааж байна. Түүний эхнэр Н.Ундрал Чингэлтэй дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд өрсөлдөж байгаа гэнэ. “Нэткапитал”-аар овоглосон нэгэн гэр бүл ийнхүү С.Эрдэнийн намаас улс төрд хөл тавьж магадгүй нь.
УИХ-ын 2016 оны дараа өвдөг шороодсон Ардчилсан нам шинэчлэл нэрээр намын бүх албан тушаалыг арилжааны болгосон. ҮБХ-ны гишүүд, аймаг дүүргийн дарга нарын сонгуулийг мөнгөөр "үнэлсэн" гэх шүүмжлэлийг жирийн гишүүд нь хэлэх болсон. Тиймдээ ч намдаа хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн гишүүд нь гомдолтой байгаа аж. Тэр ч бүү хэл хэрэв 2020 онд Ардчилсан нам намдаа үнэнч зүтгэж ирсэнд нь биш зөвхөн мөнгө төлсөн болгоныг сонгууль нэр дэвшүүлбэл жирийн гишүүд дэмжигчдээ алдахад хүрнэ гэдгийг ч сануулах хүмүүс олон байна. Олон нийтийн сүлжээнд ч 60 тэрбумын гэх нэг нэр, хоёр хочтой болсон МАН-ынхнаас манай нам юугаараа ялгарч байна вэ гэсэн асуултыг үзэл бодол үнэт зүйлээ олохоор шинэчлэл хийсэн АН-ын дарга нарын чихэнд хүргэчихэд буруудах юун.
Б.БАТ
Холбоотой мэдээ