Хятадын элчин цахимаар бүртгэдэг болох хэрэгтэй гэв | News.MN

Хятадын элчин цахимаар бүртгэдэг болох хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

Хятадын элчин цахимаар бүртгэдэг болох хэрэгтэй гэв

Хятадын элчин цахимаар бүртгэдэг болох хэрэгтэй гэв

БНХАУ-ын их, дээд сургуульд суралцах визний дугаар авахаар хонон өнжин дугаарласан болон цахимаар бүргүүлсэн гэх иргэдийн дунд маргаан үүсч Хятадын Элчин сайдын яамны гадаа цуглажээ. Сүүлийн хоёр сарын хугацаанд Хятадын Элчин сайдын яамны гадаа дугаарлах иргэдийн тоо эрс нэмэгдэж, цаг алдаж байгаа талаар олон шүүмжлэл явсан бөгөөд эцэстээ иргэдийн дунд маргаан үүсгэхэд хүрэв. Энэ талаар тэнд байсан иргэдээс зарим зүйлийг тодрууллаа.

Зарим иргэдийн зүгээс сүүлийн гурван сарын хугацаанд визэнд орохоор хүлээж байгаа ч өнөөдрийг хүртэл дугаарлаж, хүлээсээр байгаа гэдгээ хэлж байлаа. Тухайлбал, Баянгол дүүргийн иргэн С.Мөнгөнцэцэг "Би охиноо тэтгэлгээр сургуульд сургахаар наймдугаар сарын 12-ны өдрөөс хойш энэ элчинтэй зууралдаж байна. Анх ирэхэд хүмүүс бүлэг бүлгээрээ хуваагдан, хонож дугаарлаж байсан. Сүүлдээ хүмүүс телевиз дуудаж бөөн шуугиан дэгдээсэн. Гэтэл СБД-ийн нэгдүгээр хэлтсээс цагдаа нар ирж бидний нэрийг бүртгэж аваад “та нар хоорондоо талцаж хуваагдаж биш нэгдэх хэрэгтэй. Хамгийн гол нь энд хонож өнжин дугаарлаж болохгүй” гэсэн. Бид ярилцаж байгаад “Элчин сайдын яам, Гадаад хэргийн яам нь хариуцахгүй байгаа учраас бүгдээрээ сайн дураараа онлайнаар бүртгүүлье” гэсэн шийдэлд хүрсэн юм. Фэйсбүүк пэйж хуудас нээж дарааллаа олж сар гарангийн хугацаанд ямар ч асуудалгүй дугаар авч байсан. Гэтэл өнгөрсөн даваа гаригт энд ирээд пэйж хуудас руугаа орох гэтэл элчингээс хаачихсан байсан. Биднийг элчин рүү огт оруулаагүй. Энэ шалтгаанаас болж бухимдсан иргэд энд үймээн самуун үүсгэж байна" гэсэн юм. Энд цугласан олон иргэд ижил шалтгаантай, ижил цаг хугацаанд визэнд орохоо хүлээж буй. Ялангуяа өнгөрсөн долоо хоногт Хятадын үндэсний баяр тохиож, улс даяараа долоо хоног амарч, Монголд суугаа Элчин сайдын яам ч мөн ажиллаагүй юм байна. Тиймээс яаралтай визэнд орох шаардлагатай болон олон хоног визэнд орохоо хүлээж буй иргэдийн дунд үл ойлголцол үүсч, цагдаагийн байгууллагаас зохицуулалт хүртэл хийжээ.

Олон сар дугаарласан иргэд цагдаа нартайгаа тохирч, фэйсбүүкээр бүртгэлтэй болж, дугаарлаж байсан ч сүүлийн үед яаралтай визэнд орох нэрээр дугаар дайрах үзэгдэл их болж байгаагаас өнөөдрийн маргаан үүссэн гэдгийг ч хэлэх иргэд байлаа.  Баянзүрх дүүргийн иргэн С.Баярсайхан "Анх цагдаа, зохион байгуулагч, иргэд тохироод л онлайнаар бүртгүүлье гэж тохирсон байгаа юм. Түүнээс хойш 1700 гаран хүн ямар ч асуудалгүй бүртгүүлсэн. Гэтэл сая Хятадын элчин амарсан долоо хоногт яаралтай виз авах иргэд ирээд цагдаа нараас “бид энд хоноод ч хамаагүй дугаарлана” гэсэн байгаа юм. Гэтэл цагдаа нар хонож дугаарласныг нь оруулна гэж хэлсэн. Ингээд онлайнаар бүртгүүлсэн болон хонож дугаарласан гэсэн хоёр тал үүссэн. Иргэд цахимаар учир зүйгээ олж байхад цагдаа нар өөрсдөө асуудал гаргасан. Өнгөрсөн даваа гаригт хошууч н.Алтаншагай гэж хүн цахимаар бүртгүүлсэн, хоносон хүмүүсийг ээлжлэн оруулна гэсэн. Тэгээд цаанаас 40, онлайнаас 26 хүн оруулсан. Бас л тооны зөрүүтэй. Яагаад тэр талд үйлчлээд байгааг нь ойлгоогүй. Тэр хошууч намайг “Чи ямар олон таван юм ярьдаг юм. Би чамайг визэнд оруулахгүй” гэж загнасан. Уг нь тэр хүний шийдэх хэрэг биш баймаар. Одоогоор цахимаар бүртгүүлсэн нэг ч хүн ороогүй байна" гэсэн юм.

Цаашид Хятадын Элчин сайдын яам албан ёсоор цахим бүртгэлийн системийг нэвтрүүлж, иргэдийг олон хоног гаднаа "уях" шаардлага байхгүй гэдгийг хэлэх хүмүүс ч олон байлаа. Дорноговь аймгийн иргэн Б.Энхцэцэг Хятадад сурдаг. Өнгөрсөн ням гаригт сургуулиасаа тав хоногийн чөлөө аваад таван настай охиноо визэнд оруулахаар ирээд мөн л багагүй хугацааг үджээ. Тэрбээр, "Нэг дэх өдөр элчин дээр ирэхэд хөл толгой нь олдохгүй. Хятад бол технологи маш өндөр түвшинд хөгжсөн орон. Гэтэл манай оронд байгаа элчин сайдын яаман дээр хурууны хээгээр бүртгэдэг ганцхан машин тавихад болохгүй юу байна. Тэртээ тэргүй монголчуудыг хилээр ороход 10 хурууных нь хээг уншуулдаг. Тэрийгээ энэ дээр л ашиглах хэрэгтэй. Тэгвэл урт дараалал үүсгэхгүй, давхцахгүй, замбараагүй байдал үүсч, хүйтэнд хүмүүс гадаа хонох шаардлагагүй баймаар юм" гэлээ.

Ийнхүү хоёр цаг гаруйн хугацаанд бужигнасан иргэдэд ямар нэг тодорхой хариу өгөхгүй байсаар албадан тараасан юм. Манай улсад байгаа Хятадаас бусад бүх Элчин сайдын яам цахимаар бүртгэдэг. Гэтэл тус улс дижитал хөдөлгөөн буюу цахимжих хувьсгалыг орон даяараа явуулж буй.  Тиймээс Монгол, Хятадын холбогдох албаныхан виз мэдүүлэлтийг цахимд шилжүүлж, иргэдэд учруулах чиргэдлийг багасгах шаардлагатай байгааг олон иргэд санууллаа. Шийдвэр гаргах шатны албан тушаалтан болон цагдаа нар мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

М.БААСАНДЭЛГЭР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hen 2018-10-10 43.228.130.236

manai gadaad yam l ajillah yostoi shu de iim hulduu yam gej baihda yahav de ard irgedee bodohgui
u hiidgiin boldoo ene yam

Avatar

мгл 2018-10-10 202.72.245.122

Арга хэмжээ аваач ээ Их гүрний нэр хүнд унаж гүйцлээ бүтэн зунжингаа л оочер дугаар уур хүрч бухимдмаар юмаа хүүхэд минь Шанхайд сурдаг визгүй 30 хоногт ирж явсаар зардлыг дийлэхгүй зутарч байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж