“Магнай Трейд” ХХК-ийн захирал Р.Ганзоригийг баривчилсны шалтгаан нь юунд байсан бэ. “МТ”-ийн шатахууны үнэ өссөн самбарыг өмнөх орой нь сошиалаар мэдээлээд л маргааш нь барьчихлаа гэж үү. Үгүй л болов уу. Ингэж таамаглах шалтгаан нь юуны өмнө шатахууны үнийн өсөлтөөс болж хэн нэгнийг хорьж саатуулах нь зохистой үйлдэл биш. Тэгээд ч хэдийгээр Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний нийт зах зээлийн 25 орчим хувийг эзэлдэг ч “үгсэн хуйвалдах” гэгчийг ганц хүн үйлддэггүй учраас түүнийг энэ шалтгаанаар баривчлагдсан гэж таамаглахад арай л “хөнгөднө”. Тэгэхээр ТӨБЗГ-аас зарласан Улаанбаатар хүрээний Цагдаагийн байгууллагад шатах, тослох материал нийлүүлэх тендертэй холбоотой юу. Эсвэл яг цаг мөчид шалгагдсаар байгаа “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн өрийн асуудалтай холбогдуулж баривчлав уу гэхчлэн янз бүрийн таамаг дэвшүүлж болохоор байна.
“Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн өрийн тухайд тус үйлдвэрийг “Стандарт” банкны барьцаанд тавьсан Ш.Батхүүтэй “Магнай Трейд”-ийн Р.Ганзориг гүнзгий холбоотой байдаг. Энэ тухайгаа Ш.Батхүү 2013 оны долдугаар сарын 24-нд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ өөрөө дурдсан нь ч бий.
Тэрбээр “Стандарт банкинд тавьсан зээл шатахууны санхүүжилтэд,бусад бизнесийн санхүүжилтэд хийсэн. Түүнээсээ банк руу, Олон Овоот руу хийсэн тал бий. Энэ бизнесээ амжилттай болгохын тулд хувийн батлан даалт гарган бизнесээ амжилттай болгохын тулд “Жаст ойл” компаниа “Магнай трейд” компанид гурван банкинд байгаа зээлийнх нь бүрэн гүйцэтгэлтэй нь хамт шилжүүлсэн. “Жаст Агро компаниа татан буулгаад бүгдийг нь махны хөтөлбөрийн зээлийн бүрэн гүйцэтгэлд хамруулахаар тушаачихсан” гэхчлэн ярьсан юм.
Одоогоор хоригдож буй Ш.Батхүү энэ талаар ярихгүйгээр “Стандарт” банкны өрийн талаар хэрхэн тайлбарлах билээ. Чухам ийм шалтгаанаар Р.Ганзоригийг баривчилж саатуулсан байж болох юм гэсэн таамаг төрж байна. Мөн дээрх хэвлэлийн бага хурлын үеэр Ш.Батхүү яагаад өөрийг нь тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяртай холбодог тухай асуусан сэтгүүлчийн асуултад “С.Баяр манай байрны ах байсан. Байрны ах Ерөнхий сайд болчихсон учраас надтай холбож байна” гэсэн юм. Гэтэл Р.Ганзоригийн “ах” нь Ш.Батхүү байсан бололтой. Тэрбээр 1990 онд Москва хотод суралцаж хожим нь АНУ руу нүүсэн байдаг.
Түүнийг ийм шалтгаанаар баривчилсан бол энэ удаад “Жаст групп” ХКК-ийн захирал асан Ш.Батхүү “Магнай трейд”ХХК-ийн захирал Рэгзэндоржийн Ганзоригийг “чирсэн” буюу холбогдолтой мэдүүлэг өгснөөс үүдэлтэй байж болох юм.
Дашрамд, түүний 2013 оны долдугаар сарын 24-ний өдөр “Монгол ньюс”-т хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр ярьсныг хавсаргав. Холбогдох мэдээллийг ЭНД дарж уншина уу.
Холбоотой мэдээ