Саудын Арабын хамгийн алдартай сэтгүүлчдийн нэг “Washington post” сонины сэтгүүлч Жамал Хашкажи аравдугаар сарын 2-ны өдөр Туркийн Истанбул хот дахь өөрийн орны консулын газар гэрлэлтийн бичиг баримт бүрдүүлэх гэж ороод одоог хүртэл ор сураггүй алга болоод байгаа билээ. Жамал турк бүсгүйтэй гэрлэх гэж байсан бөгөөд түүний сүйт бүсгүйг консулын байр луу оруулаагүй байна. Туркийн эрх баригчид түүнийг Саудын Арабын консулын газраас эргэж гарч ирээгүй, консулын байранд түүний амийг хөнөөсөн гэж үзэж байгаа юм.
Харин Саудын Арабын консулын газар түүнийг гарч явсан хэмээн мэдээлжээ. Аравдугаар сарын 5-ны өдөр Саудын Арабын хун тайж Ройтерс агентлагт Туркийн эрх баригчид хүсвэл Истанбул дахь консулын газрын байрыг нэгжиж болно гэсэн байна. Туркийн Ерөнхийлөгч Эрдоган “Консулын ажилтнууд яагаад камерын бичлэгийг баримт болгон дэлгэхгүй байна вэ? ” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Авто замын хяналтын камерыг шалгахад Хашкажиг консулын газрын байранд орсноос хоёр цагийн дараа тус газраас явсан зургаан машины нэг болох дипломат дугаартай хар өнгийн машинаар Хашкажигийн цогцсыг зөөвөрлөсөн байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа аж. Хяналтын камерт бичигдсэнээс үзвэл дипломат дугаартай тус машинд хайрцагнууд ачсан гэнэ. Хашкажиг алга болдог өдөр Саудын Арабын хоёр онгоц Истанбулын Ататуркийн нисэх онгоцны буудалд бууж тэр өдөртөө буцсан байна.
ЭХ СУРВАЛЖ: RT.COM
Н.АМГАЛАНТУУЛ