Дижитал эринийг өлгийдөх цаг | News.MN

Дижитал эринийг өлгийдөх цаг

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

Дижитал эринийг өлгийдөх цаг

  • “Дижитал хөгжилд хамтдаа” уриатай энэ жилийн экспод 40 гаруй байгууллага оролцжээ
  • Төрийн бүх төрлийн үйлчилгээг платформ руу шилжүүлж, хялбарчлах нь дижиталчлалын томоохон алхам
  • Үүрэн холбоо идэвхтэй хэрэглэгчдийн тоо 11 хувиар, гурвалсан үйлчилгээ хэрэглэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс таван хувиар өссөн

Б.ЧИНБАТ: “ХУР” СИСТЕМД 40 ГАРУЙ БАЙГУУЛЛАГА ХОЛБОГДСОН

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын шилдэг бүтээгдэхүүн, ололт амжилт, трэндийг танилцуулах зорилготой “ICT” экспо есдүгээр сарын 30-наас эхлэн гурван өдөр үргэлжиллээ.

Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн эрин цаг буюу “Аж үйлдвэрийн IV хувьсгал”-д төрийн болон хувийн хэвшлүүд бүтээгдэхүүн үйлчилгээгээ дижитал хэлбэрт шилжүүлж, үнэ цэнээ дахин тогтоож буй. Нэгэнт эрчээ авсан эл хувьсгал хаа хүрэх нь тодорхой ч манай улсын тухайд илүү хялбар луу, илүү хурдан руу тэмүүлж эхэлсэн нь арга хэмжээнээс илт байв.

Экспог Сүхбаатар аймгийн Дарьганга суманд цахим үйлчилгээний нэгдсэн төв нээсэн үйл явдлаар нээж Монгол Улсад анх удаа төрийн үйлчилгээг цахимаар авах дэвшилтэт шийдэл биеллээ олжээ. Ингэснээр сумын иргэд төрийн үйлчилгээ авахын тулд аймгийн төв рүү явах шаардлагагүй болж байна. Нэгдсэн төв тухайн өдрийн өглөө нээгдсэнээс хойш 60 гаруй иргэн үйлчилгээ авснаас харахад эрэлт хэрэгцээ хэр их байдаг нь тодорхой юм.

Хүн ам таруу суурьшсан, цаг уурын онцгой нөхцөлтэй Монгол Улсын хувьд мэдээлэл, харилцаа холбоог эрчимтэй хөгжүүлэх нь нийгэм эдийн засгийн болон бусад салбарыг дэмжихэд чухал ач холбогдолтой. Ерөнхий сайд У.Хүрэлсүх технологийн шинэ трэндийг ашиглан төрийн үйлчилгээг түргэн шуурхай ил тод хүртээмжтэй хүргэх чиглэлийн үйл ажиллагааг “Дижитал шилжилт” хэмээн нэрлэснийг хуваалцлаа.

Тэрбээр “Дижитал шилжилтийг төрийн байгууллагаас эхлүүлэх хэрэгтэй хэмээн бид үзэж буй. Үүний тулд нэн түрүүнд харилцаа холбооны салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай. Ийм учраас “Харилцаа холбооны тухай”, “Радио долгионы тухай”, “Шуудангийн тухай”, “Өргөн нэвтрүүлгийн тухай” хуулийн төслүүдийг их хуралд өргөн барьсан байгаа” гэлээ.

Авлигын индексээр 135-д жагссан Гүрж улс дөрвөн жилийн дотор 100 байраар урагшилсан нь мэдээллийн технологийн дэвшлийг ашигласантай холбоотой. Эстон улс гэхэд иргэн бүр төрийн үйлчилгээг ухаалаг гар утас, компьютероор авдаг. Монгол Улс ийм л дижитал ирээдүйг зорьж, дижитал шилжилт хийхээр ажиллаж, энэ чиглэлээр мэдээлэл технологийн салбарынхныг идэвхтэй хамтран ажиллахыг Засгийн Газар уриалсан.

Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дарга шадар сайд Г.Занданшатар “Монголд мэдээллийн нэгдсэн үйлчилгээний төв нээгдэж дижиталчлалд бодитой хоёр үйл явдал боллоо. Өнөөдөр бид Монгол Улсын хөгжилд хувьсгал хийхээр цугласан. Мэдээлэл, технологийн үндэсний зөвлөл байгуулсан нь энэ салбарт онцгой анхаарч байгааг харуулж байна. Иргэдэд хүнд сурталгүй, авилгал, чирэгдэлгүй, цаг хугацааг нь хэмнэсэн төрийн үйлчилгээг хүргэхэд мэдээллийн технологийн ололт амжилтаар хувьсгал хийх зорилготой Засгийн газар” хэмээсэн.

Харилцаа холбооны зохицуулах газрын Дэд дарга Д.Сэрээдорж “Энэ жилийн экспоны онцлох үйл явдал бол харилцаа холбооны салбарт платформ шилжилт, дижитал орчны өөрчлөлтүүд бэлэн болсон. Дараагийн дижитал үйлчилгээ, контент болон үүнтэй холбоотой хамгаалал, аюулгүй байдлын асуудлууд яригдаж байгаа нь юм” хэмээсэн. Дижитал хөгжилд хөтөлсөн энэ оны онцлох дэвшил бол төрийн үйлчилгээний “Хур” системийн үргэлжлэл, сайжруулалт болон гарсан “Дан” систем, мөн Мобикомын Candy цахим мөнгө байлаа.

Хур болон Дан системийг нийлүүлбэл “Хур+Дан” гэсэн үг бөгөөд төрийн бүхий л үйлчилгээг түргэн шуурхай, ашиггүй зардал, чирэгдэлгүй хүргэхийг илтгэнэ. Энэ талаар Үндэсний дата төвийн Мэдээллийн технологийн хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Д.Түвшинбат “Үйлчилгээг дижитал хэлбэрт шилжүүлэхэд тулгарсан хамгийн том бэрхшээл бол тухайн иргэн өөрөө системд хандаж байгаа, эсэхийг мэдэх. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс “Дан” танилт нэвтрэлтийн системийг хийсэн” гэв.

ДАН-г ашиглаж төрийн болон хувийн хэвшлийн лавлах, паспорт захиалга, банкны зээл тэргүүтэй бүхий л үйлчилгээг хаа байгаа газраасаа авч болно. Товчхондоо сумын иргэд аймгийн төв рүү, хотын иргэд хотыг хэрэн цаг алдах хэрэггүй болох юм. Дан системд иргэн тоон гарын үсэг болон иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ дээрх регистрийн дугаар, утасны дугаараар нэвтэрнэ. Ингэхэд иргэний регистрийн дугаар бүртгэлийн лавлагаа, утасны дугаар нь үүрэн телефоны операторын мэдээллийн сан дахь бүртгэлтэй тохирсон эсэхийг шалгах аж.

ДИЖИТАЛ САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Япон улсын Жибун банкны Мэдээллийн технологи, бүтээгдэхүүн хөгжил, төлбөрийн бизнес хариуцсан захирал Казуяа Сакакибара дижитал санхүүгийн үйлчилгээ форумд илтгэл тавьж, Азийн шилдэг финтек үйлчилгээнүүдийг болон эрэлт, хандлагыг хуваалцсан. Тухайлбал, Хятадад Alipay, Wechat гэх хамгийн алдартай, эрэлттэй төлбөрийн систем байдаг аж. Харин Японд “Suica” нэртэй финтек үйлчилгээ байдаг ба анх метроны тасалбар цахимаар худалдаж эхэлжээ. Тус улсад метрогоор өдөрт 8.7 сая хүн зорчдог тул тасалбар авах гэж урт дугаарлал үүсдэг. Тиймээс л энэ олон сая хүний цагийг хэмнэж, хялбарчлахын тулд дижитал хэлбэрт шилжжээ.

Одоогийн байдлаар Японд банкууд гол зээлийг гаргадаг боловч ойрын ирээдүйд финтек шуурхай, ухаалаг байдлаараа банкуудыг ардаа орхих магадлалтайг ноён Сакакибара хэлсэн. Тэрбээр “Хятад болон Япон улс зээл болон даатгалын үйлчилгээг онлайнаар үзүүлж эхэлсэн нь финтек бизнесийн салбарт шинэ чиг хандлага юм.

Финтекийн хэрэглэгчдэд хүрэх гол арга зам бол аппликэйшн. Японд мөн моргэжийг ухаалаг утсаар дамжуулан өгдөг болсон. Улмаар банканд очих, баримт бичиг цуглуулах шаардлагагүй болж, цаг, мөнгө хэмнэх алтан боломж бүрдсэн. Финтект бүх компани манлайлах боломжтой, хамгийн гол нь энэ салбарт бизнесээс илүү хэрэглэгчийн хэрэгцээ, хялбар амар байдал чухал” хэмээн онцоллоо.

“Дижитал хөгжилд хамтдаа” уриаг хэдийнэ хэрэгжүүлсэн ололт амжилт бол Candy, Монголын анхны цахим мөнгө байсныг дээр дурдсан. Өнөө цагт хүмүүс бэлэн мөнгөнөөс татгалзаж аль болох аюулгүй, хэрэглэхэд хялбар төлбөрийн систем сонгох болсон. Үүнийг шат ахиулж, үр өгөөжтэй болгосон зүйл бол Candy. Монголбанк энэ сарын 1-нд “Мобифинанс” ББСБ-д цахим мөнгөний тусгай зөвшөөрлийн гэрчилгээ өгсөн. Тус банкны Төлбөр тооцооны газар, бодлого зохицуулалт, үйл ажиллагааны хэлтсийн ахлах А.Батсайхан цахим төлбөр тооцооны хууль, эрх зүйн орчныг тайлбарлав.

“Төлбөрийн системийн ерөнхий зохицуулалтыг Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд зааж, өнгөрсөн онд батлагдан, 2018 оны эхний өдрөөс мөрдөгдсөн…

Харин Мобиком корпорацын Санхүү хариуцсан дэд захирал Б.Үнэнбат Монгол дахь дижитал санхүүгийн нөхцөл байдал, хандлагын талаар хуваалцлаа. “Цахим санхүүгийн үйлчилгээ уламжлалт төлбөрийн системээс хэд хэдэн давуу талтай. Одоогоор үйлчилгээ авахын тулд хаа газар зайлшгүй биеэр очих шаардлагатай байсан бол одоо үйлчилгээ өөрөө танд ирнэ. Хоёрдугаарт, цаг хугацаа хэмнэж, ухаалаг гар утас тань санхүүгийн үйлчилгээний төв цэг болно. Гуравдугаарт, Монголын өргөн уудамд нутагт харилцаа холбооны компаниуд хамгийн түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж, орон зай харгалзахгүй хэрэглэгчид хүрч байна” хэмээлээ.

Дашрамд сонирхуулахад, “Төлбөрийн картын хэрэглээний судалгаа”-нд энэ оны II улирлын байдлаар 4 сая төлбөрийн карт ашиглагдаж байгаагийн 1.4 сая нь идэвхтэй хэрэглэгддэг. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 43.1 хувиар ихэссэн үзүүлэлт бөгөөд энэ онд нийт 77.7 их наяд төгрөгийн тооцоог картаар хийсэн ажээ.

Чухал тоо баримт дурдвал, Монгол Улс 3.1 сая хүн амтай, харин үүрэн холбооны хэрэглэгч 3.88 сая болж, хүн амаас давсан. Үүнээс 2.6 сая нь дата хэрэглэгч байгаа нь цахим мөнгөнөөс эхлээд бүх төрлийн дижитал үйлчилгээнд бэлэн болсныг харуулна. Харин мобайл банк гар утсандаа татаж суулгасан тохиолдол 3.5 сая, үүгээр нийт 12.2 удаа цахим гүйлгээ хийжээ.

Дижитал санхүүгийн үйлчилгээ ийнхүү хөгжих эхлэл нь тавигдахтай зэрэгцэн гар утсаараа төлбөр тооцоо хийхдээ хувийн мэдээлэл болон бусад нууцыг хэний эрх мэдэлд өгөх, түүнийг хэн хэрхэн ашиглахад санаа зовох хүн олон бий. Тэгвэл хувь хүний өгөгдөл хамгаалах хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг өнгөрсөн сард болсон. Хувь хүний өгөгдлийг ашиглахдаа өөрөөс нь зөвшөөрөл авах тогтоолцоо хэрэгтэйг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл онцлов.

“Аж үйлдвэрийн IV хувьсгал” буюу технологийн хувьсгалд даатгал, үнэт цаас, банк санхүүгийн салбар илүүтэй хөгжиж байгааг Санхүүгийн зохицуулах хорооны Судалгаа эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун хэллээ. Үүний дагуу олон улсын зохицуулах хороодод ч өндөр үүрэг хариуцлага ирж буй. Манай улсын Санхүүгийн зохицуулах хорооноос 2021 оныг хүртэл баримтлах баримт бичиг боловсруулан гаргасан нь өнөөгийн нөхцөл байдалд цагаа олсон ажил болсныг салбарынхан онцолсон юм.

ДИЖИТАЛ ИРЭЭДҮЙ

Төрийн үйлчилгээг дижитал платформоор дамжуулан үзүүлснээр зөвхөн цалингийн зээл хөөцөлдөхөд гардаг дөрвөн тэрбум төгрөгийн үргүй зардлыг хэмнэж болно. Энэ тоог задалбал, нэг ажилтан цалингийн зээл авахын тулд хувиасаа 10,000 төгрөг зардаг, ингээд Монголд цалингийн зээлтэй 400,000 албан хаагч байгаа бөгөөд тэд нийт 4 тэрбум төгрөг зөвхөн төрийн үйлчилгээ авахад үрсэн байх. Энэ мэт үргүй зардал, цаг хугацаа гарздаж, ажлаа хурдан бүтээхийн тулд төрийн албан хаагчид авлига өгөх явдал ч багасах юм.

Дижиталчлал, дижитал ирээдүй рүү хурдтай алхахын тулд төрийн нэгдсэн бодлого зохицуулалтыг маш зөв тодорхойлж, хууль, эрх зүйн орчинг сайжруулах хэрэгтэйг Цахим бодлогын түр хороог ахалж буй УИХ-ын гишүүн Н.Учрал онцоллоо.

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ төрийн үйлчилгээг дижитал хэлбэрт шилжүүлснээр одоо ажиллаж буй төрийн 192 мянган албан хаагчийн 30-40 хувийг цомхотгох боломжтой гэсэн нь олны анхаарлыг татсан. Түүнчлэн дижитал ирээдүй рүү урагшлахад төрийн байгууллага дахь хуучинсаг, гутрангуй үзэл бодолтой хүмүүс төдийлөн нэмэр болдоггүй гэнэ.

Монголын хувийн хэвшлүүд дижитал ирээдүй рүү ойртсон гэж болно. Манай улсын нийт хэрэглэгчдийн 45% нь гурвалсан үйлчилгээ ашиглаж байгаа, Юнителийн хэрэглэгчдийн 1.3 сая нь дата ашигладаг тул уламжлалт үйлчилгээнүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх бүрэн боломжтой, суурь нь бүрдсэнийг Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат хэлэв.

Сант сургуулийн захирал З.Энхмөнх “2030 он гэхэд зах зээл дээр байх ажлын байрын 50 хувь нь одоо бий болоогүй. Тиймээс алсыг харж сурагч хүүхдүүдэд одооноос программын хэл, ойлголтыг зааж дижитал эринд бэлдэх хэрэгцээ бий. Тиймээс бид дунд ангийн хүүхдүүддээ код тэргүүтэй програмын хэл зааж эхэлсэн” гэлээ.

ДИЖИТАЛ КОНТЕНТ

Дижитал контент бол дижитал дата хэлбэрээр хадгалагдсан бүх төрлийн контентыг хэлнэ. Одоогоор АНУ дижитал контент, тэр дундаа дуу хөгжим, кино, блог, влог зэргээр тэргүүлж буй. Дижитал контент олон улсад ихэвчлэн энтертайнментийн бүтээгдэхүүн байгаа. Үйлдвэрлэлээс олсон ашиг орлого энтертайнменттай харьцуулшгүй бага байгаа тул улс орнууд энтертайнмент бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьдог болсон тухай судалгаанууд бий. Тиймээс ч энэ жилийн ICT экспод “Дижитал контент сэдвээр хэлэлцүүлэг боллоо.

“Амантун Мюзик групп” компанийн ерөнхий захирал, “Playtime” амьд хөгжмийн наадмыг үндэслэгч Ц.Нацагдорж “Контентын экспортод бэлэн үү” сэдвээр илтгэл тавилаа. Үүнд олон улсад ашиг орлого контент үйлдвэрлэлээр тэргүүлэгч энтертайнмент салбарын талаар ярьсан юм. Youtube, Spotify, iTunes, Google Play тэргүүтэй платформд гадаадын дуучид уран бүтээлээ тавьснаар дэлхийн нийтэд хэрхэн хүрдэг, хэр их хүнд хүрдэг талаар хэдэн баримт ноён Нацагдоржийн эш татсанаар дурдъя. Youtube сувгад Луис Фонси,. Daddy Yankee нарын гаргасан “Despacito” 5.23 тэрбум, Виз Халифа, Чарли Пют нарын “See You Again” 3.61 тэрбум, Эд Шираны “Shape of You” 3.57 тэрбум үзэлтээр тус, тус тэргүүлдэг.

Харин Монголын онцлох уран бүтээлч бол Magnolian бөгөөд түүний “Bride & Bachelor” дуу Spotify-д 5 сая удаа тоглогджээ.

ДИЖИТАЛ ХЭРЭГЛЭГЧ – ЭРҮҮЛ МЭНД

Гар утасны хэрэглээ дэлхийн нийтээр эрчимтэй нэмэгдсэн үеэс цахилгаан соронзон орон хүний эрүүл мэндэд сайн, муу нөлөөтэй хэмээн маргасаар ирсэн. Энэ талаахр төрөл бүрийн судалгаа, маргааныг Америкийн Үндэсний хавдар судлалын институтийн www.cancer.gov хуудаснаас харж болно. Монголд Харилцаа холбооны зохицуулах газар болон Мэдээлэл холбооны ассоциациас хамтран “Цахилгаан соронзон орон – Эрүүл мэнд”, “Сургаар биш судалгаагаар нэгдэцгээе” нэртэй гарын авлага, товхимол гаргасан.

Мөн “ICT 2018” экспогоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, хэрэглэгчийн төлөөлөл, ХХЗХ-ы Радио давтамж, зохицуулалт, хяналтын газар, Мэдээлэл харилцааны ерөнхий газрын төлөөллүүд оролцож хэлэлцлээ.

Рдзхг-ын мэргэжилтэн Ч.Тэрбиш “Хүмүүс утасгүй холбоог эрүүл мэндэд хортой хэмээн таамгаар дүгнэдэг. Харин ДЭМБ энэ чиглэлээр 20 гаруй жил судалгаа хийж “Үүрэн холбоо болон утасгүй технологи үл ионжуулагч цацаргалтыг гаргадаг” гэж дүгнэсэн. Энэ нь гар утсыг зохистой хэрэглэвэл хүний биед хоргүй гэсэн үг” хэмээв. Гар утас хүний биед сөргөөр нөлөөлж болзошгүй ганц тохиолдол нь 12-оос доош насны хүүхдийн хэрэглээ юм.

Цахилгаан соронзон долгионыг хэмжих “Radiation Detector” тэргүүтэй ухаалаг гар утсанд зориулсан аппликэйшн олон бий. Харин ХХЗХ-оос энэ сэдвийн асуулт, хариулт, судалгаа, зөвлөгөө зэрэг мэдээлэл багтаасан “Цахилгаан соронзон орон лавлах” нэртэй апп гаргасан.

Харин Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд дэлхийн нийтээр маргаж буй энэ асуудалд эмзэг хандахыг Мэдээллийн холбооны операторуудын ассоциацийн гишүүдэд хэлсэн. Улмаар хотын хэмжээ дэх тодорхой сургууль, цэцэрлэгийн дээвэр дээрх үүрэн холбооны антенаг буулгажээ. Харин “ICT 2018” экспогийн хэлэлцүүлгээр салбарын мэргэжилтнүүд байр сууриа илэрхийлсэн билээ.

Тухайлбал, ХХЗХ 270 гаруй сургууль, цэцэрлэгийн дээвэр дэх үүрэн холбооны антенад хэмжилт хийж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болох түвшнээс 3000 дахин бага байсныг тогтоожээ. Харин гадаад улс орон сургууль, цэцэрлэг, эмнэлгийн ойролцоо цамхагт антена байрлуулахыг хориглодог нь байгалийн гэнэтийн аюул ослоос сэргийлэх гэсэн л алхам гэдгийг холбогдох албаныхан хэлэлцүүлгээр хэлсэн юм.

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Монголбанк Монголын банкны системд анхны цахим мөнгө гаргах тусгай зөвшөөрлийг “Мобифинанс” ББСБ-д олголоо. 2014 онд анх хэрэглээнд нэвтэрч байсан “Candy” үйлчилгээ ийнхүү Төв банкаар баталгаажин, үндэсний төлбөрийн системд цоо шинэ төлбөрийн хэрэгсэл болон нэвтэрч байгаа юм. Үүнээс гадна хоёр ч компани цахим мөнгө гаргах хүсэлтээ ирүүлээд байгаа талаар Төв банк мэдээллээ.

Энэ жилийн экспо илүү дэвшилтэт, илүү олон хүнд тустай технологиудыг танилцуулж, дижитал шилжилт, хөгжил тийш хандсанаараа онцлог байлаа. Мэдээлэл, харилцаа холбооны технологи бол аль ч улсын хөгжлийн ар нуруу болдог. Монгол Улс үүнийг хэдийнэ ухамсарлаж, салбарын технологийн аль сайныг шилэн нутагшуулж байгаа нь туйлын сайшаалтай.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Б Э 2018-10-10 202.126.88.59

Дижитал эрин эхлээд утасны дугаарын ялгаа байхгүй болоод байна. Бүгд 9911 байна уу ямяр ч ялгаагүйгээр, улс дотроо ч гадаад руу ч дүрсээ хараад ярьдаг болсон.

Avatar

Б 2018-10-10 202.126.88.59

Дижитал эрин эхлээд утасны дугаарын ялгаа байхгүй болоод байна. Бүгд 9911 байна уу ямяр ч ялгаагүйгээр, улс дотроо ч гадаад руу ч дүрсээ хараад ярьдаг болсон.

Avatar

би 2018-10-10 103.11.195.19

Гэтэл манайх ухаалаг гар утсыг хорьж, 20 дугаар зуунд хүүхдийг амьдруулахыг мөрөөдөөд байна.

Avatar

Зочин 2018-10-10 66.181.160.23

Хүүхдээс хорих зөв. Эцэг эх нь анхнаасаа зөв зохистой хэрэглээнд сургаж чадахгүй б. Хүүхэд нь утас аваад хэдэн цаг ч хамаагүй зууралдахад тоохгүй б. Хараа муудах, тархи толгойн ядаргаанд орохоос эхсүүлээд зөндөө асуудал б

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж