АН машинаасаа, Ардын нам унааны мөнгөнөөсөө татгалзав

Хуучирсан мэдээ: 2015.01.15-нд нийтлэгдсэн

АН машинаасаа, Ардын нам унааны мөнгөнөөсөө татгалзав

Улс төрийн намууд хоёр долоо хоногийн хугацаанд багагүй “чимхүүлж” ард иргэдийнхээ халаас руу өнгийсөн хэтэрхий шүүмжлэлтэй шийдвэр гаргасан билээ. Тэгвэл эдгээр хар дарсан зүүд шиг санагдах халаасыг нь тэмтрэх шийдвэрүүдээ бүгдийг нь цуцалсан байна.

Өөрөөр хэлбэл, нам эвслийн бүлэг дээр хасч танах, мөнгө босгох эх үүсвэр хаана байгааг нарийн сайн ярилцаж түүхэнд тэмдэглэм том том ажил бүтээсэн хэмээн өчигдрөөс эхлэн сүр дуулиантай зарлаж байна.

Ерөнхийлөгчид одонгоо буцааж өгнө, Ерөнхий сайдыг огцруулна хэмээн жагсаал цуглаан болж сүр дуулиан болсон эхчүүд одонгийн мөнгөө ижил тэгш авах ёстой гэсэн шийдвэрийг АН-ын бүлэг гаргаж Ардын нам ч дэмжиж, байр сууриа хамгаална гэжээ.

Хүүхдүүдийн 20 мянган төгрөгийн танаад бодит хэмнэлт болохгүй гэж үзсэн учраас олуулаа болох хөтөлбөрөө дэмжсэн бодлогоосоо ухрахгүй гэх шийдвэрийг АН гаргалаа. Ингэснээр эхчүүд одонгийн мөнгөтэй, хүүхдүүд 20 мянган төгрөгтэйгээ үлдэж байна. Түүнчлэн төрсөн ээжүүдэд өгдөг нийгмийн даатгалын, халамжийн мөнгөн тэтгэмжийг бууруулахгүй байх шийдвэрийг ч тэд гаргав.

Ингэснээр бүх маргаан дагуулж байсан халамжийн асуудал шийдэгдэж байна. Малчдын малын хөлийн татварыг хэвээр үлдээсэн бол эко машин гэгдэх гибрид машины татварыг нэмэхгүй гэдэг шийдвэрт хүрчээ.

Харин АН-ынхан том дарга нарыг жипнээсээ татгалзах уриалга гаргаж, энэхүү уриалгыг гишүүд өөрсдөөсөө эхлэх ёстой гэсэн чиглэл өгсөн байна. Өөрөөр хэлбэл, Ланд, Прадо унаж тансаглахаа болино гэсэн үг. Мөн цалин тэтгэврийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг олж ирэх онд цалин хамгийн багадаа л 10-аас дээш хувиар нэмэгдэх аж.

Ардын намын гишүүд унааны зардлаасаа татгалзахаар болсон гэдгээ өнөөдөр мэдэгдэв. Тодруулбал, УИХ-ын гишүүдэд сард унааны зардал гэж 500 мянган төгрөг өгдөг аж. Энэ мөнгө нь жилдээ 26 гишүүний 150 сая төгрөг бөгөөд гишүүд бүгд татгалзвал 500 орчим сая төгрөг хэмнэх боломжтой гэв.

Одоо гишүүд утас, хууль сурталчлах зэргээр авдаг халамжийн мөнгөнөөсөө татгалзах хэрэгтэй байна.  энэ мэтээр улс төрийн намууд хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлсэн гэдгээ өчигдрөөс эхлэн зарлалаа. Энэ нь ажил хэрэг болно гэж найдаад хүлээе дээ.

Б.ТОГТОХ

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж