Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч томоохон аж ахуйн нэгжүүдийн нэг “Магнай Трейд” компанийн гүйцэтгэх захирал Р.Ганзоригийг хүүтэй нь хамт 2018 оны аравдугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн саатуулжээ. Зарим хэвлэлээр шатахуун импортлогчид үгсэн хуйвалдаж үнээ нэмсэнтэй холбогдуулж Р.Ганзоригийг цагдан хорьсон хэмээн мэдээлсэн билээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Магнай Трейд” компанийн захирал Р.Ганзориг гэх хүнийг цагдан хорьж шалгуулах хүсэлт ирээгүй. Гэхдээ хойшлуулшгүйгээр 48 цаг баривчилсан” гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалжийн мэдээлснээр “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн хэргийг шалгаж буй ажлын хэсгийнхэн “Магнай Трейд” компанийн захирал Р.Ганзоригийг баривчилжээ. Харин Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрынхан түүнийг баривчилсан нь “Жаст” ойл компанийг худалдаж авсан процесстой холбоотой байж магадгүй юм байна.
Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулжээ. Хуулийн дагуу саатуулснаас хойш 48 цагийн дотор цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болох аж. Р.Ганзоригийн үүсгэн байгуулсан “Магнай трэйд” ХХК-ийн тухайд 1994 онд байгуулагдсан. Н-80, Р-92, П-95, C-98 маркийн авто бензин, өвөл, зуны дизель түлш, онгоцны түлш, битум болон уул уурхай, барилга, газар тариалангийн тоног төхөөрөмжийн бүх төрлийн тос тосолгооны болон газрын тосны бүтээгдэхүүний импорт, хадгалалт, үндэсний хэмжээнд түгээх чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Тус компани нь үүрэн телефон, уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүний хайгуул судалгаа болон бусад чиглэлд тодорхой хөрөнгө оруулалт хийн бизнес нь өргөжөөд байгаа юм. Одоогоор тус компанийн ерөнхий захирлаар Р.Ганзоригийн хүү Г.Магнай ажилладаг бөгөөд түүнийг хамт хорьсон гэх мэдээлэл байна. Тус компани нь нийслэлийн 20 гаруй хувь, улсын хэмжээний 10 гаруй хувийн нефтийн хэрэглээг хангадаг юм байна.
Э.АРИУН