"Тэд бол хайр гэрэлтсэн хүүхдүүд" | News.MN

"Тэд бол хайр гэрэлтсэн хүүхдүүд"

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

"Тэд бол хайр гэрэлтсэн хүүхдүүд"

Зүүний үзүүр дээр будаа тогтох мэт хүмүүн биеийг олж хорвоод мэндэлсэн эдгээр хүүхдүүдийг  ялгаварлах  эрх  хэнд ч байхгүй

 

Сургууль гэдэг дуу хуур, инээд  баясал хөвөрсөн гэгээн өргөө. Эндээс хүүхдүүд амьдралын анхны алхам, хүсэл мөрөөдлөө олдог. Хүүхэд насны сайхан дурсамж, үерхэл нөхөрлөлийн амтыг мэдэрч, хэн болж төлөвших эхний сууриа тавьдаг билээ. Үдийн 12.00 цагт  нийслэлийн Хан-Уул дүүргийн  130  дугаар бага сургуулийн хаалгаар ороход жижигхэн биедээ томдсон цүнхтэй, түүнийхээ араас өөрөө ч харагдахааргүй бяцхан жаалууд гүйлдэнэ. Яагаад чухам  130 дугаар бага сургуулийг зорих болсон бэ гэдгийг эхлээд тайлбарлах нь зөв байх.

Нийслэлийн хэмжээнд тусгай сургуулиудыг эс тооцвол анхлан  дээрх сургууль  дауны хам шинж буюу оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн хүүхдүүдийн  хамт нийгэмшүүлэх үүднээс  тусгай анги гаргаж өгчээ. Олон улсын жишгээр  оюуны бэрхшээлтэй гэж хэлэгддэг хүүхдүүдийг тусгай сургуульд сургах нь хоцрогдсон ойлголт болоод буй. Тэднийг жирийн хүүхдүүдийн дунд  оруулж, бусад хүүхдүүдийн адил нийгэмшүүлэх нь хамгийн зөв  зам гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байгаа ч манай улсад ганц сургууль л энэ чиглэлээр  үйл ажиллагаагаа явуулж байгаа гэхэд буруудахгүй байх. Тус сургууль дээр даунтай хүүхдүүдийн анги байгуулагдсан ч  энгийн сургалттай сургуульд даунтай хүүхдүүдэд заах хичээлийн хөтөлбөрийг батлах сургалтын менежер байхгүй.  Багш нь энгийн сургуулийн бус, тусгай сургуулийн багш нарын цалингаар цалинжих ёстой зэрэг асуудал ундарч Нийслэлийн боловсролын газарт хандахад Хан-Уул дүүргийн тусгай сургалттай 63 дугаар сургуульд харьяалуулах болжээ.

ТУСГАЙ АНГИ 14 СУРАГЧТАЙ

130 дугаар сургуулийн тусгай анги 14 сурагчтай. Үүнээс 12 хүүхэд нь даунтай бол үлдсэн хоёр хүүхэд нь саажилттай хүүхэд аж. Насны хувьд хамгийн бага нь есөн настай бол  хамгийн том нь 19 настай. Тэд өглөө 08:30 цагт хичээлдээ ирж, 12:30  цагт тардаг. Ийн тус сургуулийн тусгай ангийн хүүхдүүдийн сурах орчин, тулгарч буй бэрхшээлийн талаар сурвалжлахаар очиход ангид  хоёр хүүхэд цэвэрлэгээ хийж байхтай таарлаа.  “Өнөөдөр дөрөвхөн цагтай байсан учир эрт тараад хүүхдүүд маань тарчихсан”  хэмээн ангийн багш Э.Агиун хэлэв. Харин ангид үлдсэн хоёр сурагч багштайгаа хамт ангиа цэвэрлээд тун завгүй биднийг угтсан юм.

Оюун ухааны ялгаатай хөгжилтэй эдгээр хүүхдүүд хэдийгээр академик боловсрол, мэдлэг тал дээрээ энгийн хүүхдүүдээс тааруу. Гэхдээ тэдэн дунд 2020 оны олимпт оролцохоор бэлтгэгдэж буй теннисчин, бүжгээр улсын уралдаанаас олон медаль хүртсэн мундгууд бий гэдгийг багшаас нь дуулсан юм. Монгол  Улсад дауны  өвчтэй хүүхдүүдийн  онцлогт тохирсон сургалт боловсролын системгүй олон жил явснаас  үүдэн тэдгээр хүүхдийг  хөгжлийн бэрхшээлтэй гэж олон нийт ойлгодог байсан. Гэхдээ тэдгээр хүүхдүүдийн онцлогт нь тохируулан зааж сургасан тохиолдолд амжилтад хүрч чаддаг   хэмээн  ангийн багш нь хэлж байлаа.

НИЙГМИЙН ХАРИЛЦААНД ОРООД ИРЭХЭЭР ХҮҮХДҮҮДИЙН ЯРИХ ЧАДВАР НЬ ХҮРТЭЛ САЙЖИРЧ БАЙНА

Ангийн багш Э.Агиун

-130 дугаар сургуульд хэзээнээс тусгай анги байгуулагдсан бэ?

Одоогоос дөрвөн жилийн өмнө “Монголын дауны холбоо” төрийн бус байгууллага 130 дугаар сургуулийн захиралтай уулзаад сургуулийн зааланд долоо хоногийн  хоёр өдөр хүүхдүүдээ сургалт явуулж  болох эсэхийг асуусан. Тухайн үед би Хурд хорооллын гурван өрөө байранд хүүхдүүддээ хичээл ордог байсан юм. Ийм нөхцөлд  хичээл явуулахад  хүүхдүүд хөгжих боловч нийгэмших хэцүү шүү дээ. Сургуулийн захирал бидний тавьсан саналыг уриалгахан хүлээн авсан. Ингээд хоёр сарын хугацаанд сургуулийн  зааланд хүүхдүүддээ сургалт явуулсан. Дараа нь эцэг эхчүүд болон багш нарын төлөөлөл энд байрлах зөвшөөрөл аваад хичээлээ явуулж эхэлсэн дээ.  “Жайка” олон улсын байгууллагын тэгш хамруулах хөтөлбөрийг хүрээнд сургалтын  зардал болон  хүүхдүүдийн сургалтын хэрэглэгдэхүүнийг бүрэн даасан. Энгийн сургуулийн хажууд тусгайлан анги байгуулсан нь ялгаварлан гадуурхсандаа биш харин ч нийгэмшүүлэх оролдлого юм шүү. Зарим хүмүүс буруугаар ойлгоод байдаг юм. Оюуны бэрхшээлтэй хүүхдийг эрүүл байлгахад бусадтай адил эрүүл мэндийн тусламжийг цаг тухайд нь авах бололцоог бүрдүүлэх, сургууль цэцэрлэгт гадуурхалгүй тэгш эрхтэй хамруулах, хэр хэмжээнд нь тохирсон хөдөлмөр эрхлүүлж хамт олонтой болгох гэх мэт та бидний нэгэн адил бүхий л эрхийг эдлэх бололцоогоор хангах хэрэгтэй. Хөгжилтэй оронд үүнийг бүтэн цогцоор нь төр, олон нийтийн байгууллага нь иргэдтэйгээ хамтраад маш оновчтой шийдсэн байдаг. Манай улс ч гэсэн тун удахгүй ийм шийдэлд хүрнэ гэдэгт найдаж байна. Түүнд нь манай сургуулийнхан, эцэг эхчүүд маань “Жайка” олон улсын байгууллагын тэгш хамруулах хөтөлбөрийн хүрээнд жаахан ч гэсэн хувь нэмрээ оруулж зөв голдрилд нь асуудлыг шийдүүлж маршрут зургийг гаргана гэдэгтээ итгэл дүүрэн байгаа.

-Ямар ч өвчин эмгэг сэтгэл санаатай холбоотой байдаг. Даунтай хүүхдүүд энгийн хүүхдүүдтэй хамт суралцсанаар ямар  өөрчлөлтүүд гарч байна вэ?

-Тэднийг энгийн хүүхэдтэй адилхан хүмүүжүүлж, энгийн хүүхэд шиг нийгэм хүлээж авах учиртай. Хүний эрхийн талаар түгээмэл яригдах болсноор хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт гарч, олон нийтийн хандлагад эерэг өөрчлөлт бий болж байна. Хүүхдүүд маань дуу хөгжим, биеийн тамирын хичээлүүд дээрээ нэг, хоёроороо хуваарилагдаад энгийн ангийн хүүхдүүдтэй хамт хичээллэдэг. Ингэснээр хэл ярианы хувьд маш их ахиц гарч байгаа. Манай хүүхдүүдийн хувьд хэл ярианы бэрхшээлтэй л болохоос бүжиглэх болон бусад спортын авьяастай. Бүжгийн хичээл дээр зургаан хүүхдэд ердийн ангийн  гурван хүүхэд хуваарилагддаг. Бүжиглэхийн  хажуугаар нааш ир, ингээрэй, тэгээрэй гээд харилцаанд ороод ирэхээр хүүхдүүдийн ярих чадвар нь хүртэл сайжирч байна. Ийм журмаар гурав дахь жилдээ тэгш хамруулах  хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байна. Аав, ээжүүдийн хувьд ч гэсэн сэтгэл санааны байдал нь дээрдэж байна. Өмнө нь хүүхдээ дагуулаад тусгай газар руу ордог байсан бол одоо энгийн сургууль руу ордог болсон.

ТЭД БОЛ  ХАЙР ГЭРЭЛТСЭН ХҮҮХДҮҮД 

-Энгийн хүүхдүүдтэй хамт даунтай хүүхдүүд хамт хичээллэнэ гэхээр анх сургуулийн эцэг эхчүүдийн эсэргүүцэлтэй  тулгарсан уу. Тэд хэрхэн хүлээж авсан бэ?

Мэдээж сургууль дээр шууд л хүүхдүүдээ авчирсан бол  бусад хүүхдүүд гайхна. Тиймээс эхлээд тус  сургуулийн багш нарт жилд 2-3 удаа сургалт явуулсан. Дараа нь  эцэг эх нарт  нь тусгайлан сургалт явуулж  даунтай  хүүхдүүдийн онцлог болон бусад хүүхдэд сөргөөр  нөлөөлөх  зүйл байхгүй гэдгийг ойлгуулсан. Эхэндээ эцэг эхчүүдийн хувьд сайнаар хүлээж аваагүй. Бидний хувьд ч яаж хүлээж авах бол гэсэн хүлээлт, айдастай байсан. Хүүхдүүдийн маань хувьд тэр болгон ажиглагдахгүй ч гэсэн хааяа  цочмог уурлахаараа хашхирах ч юм уу, эсвэл гомдохоороо  хүүхдүүдийн өмнө уйлаад суудаг хүүхэд ч байсан. Анхандаа хэцүү байсан. Гэхдээ одоо бол байдал өөр болсон. Хүүхдүүд хоорондоо дасаад, эцэг, эхчүүд ч ойлгодог болсон учраас манай хүүхдүүдтэй их дотно. Анх нэгдүгээр ангид орсон хүүхдүүд болон тэдний ээж, аав нь гайхаж хүлээж авдаг ч хэлж, яриад зөв ойлголт өгдөг болсон.

– Тэгвэл оюуны бэрхшээлтэй хүүхдүүдтэй  хэрхэн харьцах ёстой вэ?

-Тухайн хүүхдэд нэг зүйлийг  олон давтамжтай хэлэх учраас  багш хүлээцтэй байх ёстой.  Хүүхдүүд маань  хэл ярианы бэрхшээлтэй, сонсголоороо хүлээж авдаг учраас олон зүйл тайлбарлах юм бол ойлгохгүй байх талтай.  Зааж байгаа зүйл нь цэгцтэй, дараалалтай  багш өөрөө сэтгэлзүйн хувьд  маш хүлээцтэй байх хэрэгтэй. Тухайлбал, нийгэм ахуйн баримжааны хичээл дээр садан төрлийг өнгөрсөн баасан гаригаас эхлэн зааж байгаа. Гэтэл хүүхдүүд маань зөвхөн өөрийнхөө л аав ээжийг мэдээд  хамаатан гэхээр ойлгохоо байчихдаг. Аав, ээжийнх нь утасны дугаар цээжлүүллээ гэхэд заавал аав, ээжийнх нь барьдаг  гар утасны зураг болон эцэг эхийнх  нь зураг байх жишээний.  Хичээл  ингэж л явдагддаг. Түүнээс биш ээжийн чинь дугаар  гээд найман оронтой тоо хэлэх юм бол ойлгохгүй. Үүнийг дадал болгохын тулд бусад ээжүүд дундаас  өөрийнх нь ээжийг  олуулах хэрэгтэй болдог. Ийм  хэлбэрээр хоёр жил тасралтгүй  өдөр бүр  давтаж  байж ээж, аавынхаа дугаарыг  цээжлэдэг. Манай ангийн хүүхдүүдэд өөрийнхөө нэрийг бичихэд яг  гурван жил  шаардагддаг. Хүүхдүүд маань энгийн хүүхдүүдийг бодвол аливаа юмыг хүлээж авч сурахдаа удаан байдаг. Хэрэв тэдгээртэй уйгагүй ажиллавал бусдын адил уншдаг, бичдэг, дуулдаг, хөдөлмөр эрхэлдэг болдог. Бас нэг онцлог нь муу санаа, далд санаа гэж байдаггүй, огт мэддэггүй. Хайр гэрэлтсэн хүүхдүүд байдаг. Ээж, аав, ойр дотнохондоо онцгой элэгсэг, хайртай байдаг юм.

ЭДГЭЭР ХҮҮХДҮҮДИЙГ  ЯЛГАВАРЛАХ  ЭРХ  ХЭНД Ч БАЙХГҮЙ

-Танай шавь нарыг их авъяатай гэж сонслоо ?

Манай хүүхдүүд дунд Азийн бүсийн наадмаас теннисээр медаль хүртсэн хоёр хүү бий. Мөн 2020 оны олимпт ганцаарчилсан төрлөөр бэлтгэгдэж байгаа хүүхэд байна. Жил бүр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн  дунд “Хатантуул” урлагийн наадам болдог. Өнгөрсөн жил анх удаа оролцоод  хамтлаг, гоцлол бүжгээрээ хүрэл медаль авсан. Хүүхдүүдээ урлаг тал руугаа илүү хөгжүүлэхийг зорьдог. Академик боловсролыг ч мөн дуу, хөгжимтэй уялдуулж сургахыг хичээдэг. Тухайлбал, дуу хөгжмийн хичээлээр дамжуулан  хэл яриаг нь хөгжүүлэх бүжгийн хичээлээрээ дамжуулаад тоо, ритм дээр математикийн чадварыг хөгжүүлэх зэргээр тэдний чадвар дээр нь тулгуурлаж хичээлээ заадаг.

-Хэлж ирдэггүй өвчний золиос болсон бяцхан үрсийг харахад сэтгэл эмзэглэхээс өөрийг хийж чадахгүй олон уншигч бий. Та тэдэнд хандаж  юу гэж хэлмээр байна вэ?

-Зүүний үзүүр дээр будаа тогтох мэт энэ хүмүүн биеийг олж хорвоод мэндэлсэн эдгээр хүүхдүүдийг  ялгаварлах  эрх  хэнд ч байхгүй. Амьдадаа нэг нэгнийгээ хайрлаж явцгаая даа хэдүүлээ, бид цөөхөн шүү дээ гэж л хэлмээр байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zoch8n 2018-10-10 202.70.34.98

Amjilt husey bagshid ni bolon byatshan huuhduuddee 😍🤗

Avatar

Зочин 2018-10-10 146.115.164.182

Huuhed l bol huuhed shuu dee. Bidnii mongolchuud ih iluu zantai shuu. Nudnii shil zuusen huuhdiig l yu gedeg bilee. Teriigee l bolichihvol

Avatar

зочин 2018-10-10 202.21.127.170

даунтай хүн хүүхэд эрүүл хүн шиг муу санаа муу үйл хэзээ ч гаргадаггүй өөрт нь сайн ханддаг хүндээ дандаа хайр хүргэдэг ухаан санаа нь нялх хүүхэд шиг цэвэрхэн цагаан цаас шиг байдаг гэж Америкийн сэтгэл зүйчийн хэлснийг сонсож байсан тийм болохоор ийм хүмүүсийг бусад хүн эерэгээр ойлгож дандаа тусалж дэмжиж байх хэрэгтэй Японд ийм хүнийг тусгай болосрол ажлаар хязгаарладаггүй эрүүл хүнтэй хамт байлгаж хөгжүүлдэг

Avatar

БАЯРЛАЛАА 2018-10-10 66.181.182.90

САЙН САЙХНЫГ ТУГЭЭЖ БУЙ ГЭГЭЭЛЭГ АЖИЛД ТАНЬ АМЖИЛТ ХУСЬЕ.

Avatar

Зочин 2018-10-10 64.119.18.120

Suuliin uguulberiig unshaad uuriin erhgui nulims garlaa. Uvchin zovlon helj irdeggui. Buyantai saihan ajil hiij baigaa surguuli bagsh nart n amjilt husiy

Avatar

Зочин 2018-10-10 66.181.160.23

Манай нэг үеэл дүү даунтай. Хэн ч тийм зүйл тохиолдоно гэж бодож байгаагүй. Анхандаа ойрын бидэнд хүртэл сонин бсан, гэхдээ тэгээд хүн хүлээж аваад дасдаг юм билээ. Их л цайлган хүүхэд бдаг. Хөөрхий хэдий нас нь явсан ч дүү нараасаа илүү цайлган хөөрхөн зан ааштайгаараа л бдаг. Пүү паа гэдэг хүмүүсд хандаж хэлэхэд хэзээ ч бүү хэзээ ч гэж бодож байгаарай! Хүүхэд бүр бурханы бэлэг.

Avatar

зочин 2018-10-10 202.131.230.238

нэг бодлын эд азтай хүүхдүүд, элдэв хар хорын бодлоор сэтгэлээ бузарлахгүй үргэлж цэвэр ариун сэтгэлтэй

Avatar

Zochin 2018-10-10 66.181.179.178

Bayarlalaa mash saihan setgel turluu.Ajild ni a.jilt eruul enhiig husye

Avatar

Зочин 2018-10-10 103.229.120.110

Yostoi zuv ajil hiij bgaa yum bna. Mash ih bayarlalaa! Iim hvvhdvvdiig shvvmjilj “pvv paa” geheesee umnu tanaih iim hvvhedtei bsan bol yah ve geed neg ergetsvvleed vzeerei gej heleh l bna. Hugjliin berhsheeltei hvn haraad shoolj ineegeed bdag hvmvvs odoo ch baisaar baidagt gaihaad haramsaad bdag negen bna.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж