Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун “удахгүй” ОХУ-д айлчлахаар бэлтгэж байна. Нөгөө талд Хятадын дарга Ши Жиньпин Пеньянд айлчлахаар зэхжээ. Энэ талаар Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин даваа гаригт мэдэгдсэн юм. Тэрбээр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзсаныхаа дараа дээрх мэдэгдлийг хийжээ. Майк Помпео ням гаригт Пеньянд айлчлахдаа АНУ болон Хойд Солонгосын төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн уулзалтыг хэлэлцсэн аж. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн зургадугаар сард Сингапурт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай түүхэн уулзалтыг хийснээр хойгийн зөрчил намжиж, нөхцөл байдал өөрчлөгдсөн юм. Улмаар олон улсын удирдагч нар Хойд Солонгостой эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр хичээж эхэллээ.
ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ оны эхээр Пеньянд айлчлах үеэрээ Хойд Солонгосын удирдагчийг Москвад урьсан урилгыг уламжилжээ. Улмаар хоёр тал Ким Жон Уныг энэ оны сүүлээр ОХУ-д хүлээн авахаар бэлтгэл ажлыг хэлэлцэж байгаа аж. Кремлийн талаас тодорхой мэдээлэл өгөөгүй боловч ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгосын талтай эдийн засгийн хамтын ажиллагаа болон бүс нутгийн асуудлаар хэлэлцэхээр төлөвлөсөн бололтой. Учир нь Владимир Путин өмнө нь Хойд Солонгостой эдийн засгийн шинэ гэрээ хэлэлцээ байгуулахад бэлэн гэж мэдэгдэж байв. ОХУ, Хойд Солонгос урт хугацааны хамтран ажиллах төсөл хэрэгжүүлэхээр 2014 оноос хойш зэхэж ирсэн ч барууны хориг арга хэмжээнээс болж царцанги байсан юм. ОХУ-аас хоёр Солонгосыг дамнасан төмөр зам байгуулах болон худалдаа арилжаа, шинжлэх ухаан технологи, сансар огторгуйн томоохон төлөвлөгөөнүүд багтаад байсан ч Хойд Солонгостой ямар ч түвшинд хамтран ажиллахгүй байх олон улсын хориг арга хэмжээ саад болж байв.
Ким Жон Ун энэ он гарсаар гурван удаа Хятад улсад айлчилсан билээ. Тэгвэл Ши Жиньпин Хятадын даргын хувиар анх удаа Хойд Солонгост айлчлал хийх гэж байна. Тэрбээр өмнө нь 2008 онд Хятадын дэд ерөнхийлөгч байхдаа Хойд Солонгост айлчилж байв. Ши Жиньпиний Хойд Солонгост айлчлахаар болсон нь Бээжингийн АНУ-тай харилцах гадаад бодлогоо өөрчилсөнтэй холбоотой гэж ажиглагчид үзэж байна. Ши Жиньпин гаалийн татварын маргаанаас үүдэн АНУ-тай “худалдааны дайн” эхлүүлсэн нь хэн хэнд нь хохиролтой тул харилцаагаа сэргээхийг хүсч байгаа аж. Түүнчлэн Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс татгалзуулах асуудалд Хятад улс хойрго хандаж байна хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хурцаар шүүмжилдэг. Тиймээс Ши Жиньпин Солонгосын хойгт энхийг тогтоох олон улсын уулзалт хэлэлцээрт идэвхийлэн оролцох хүсэлтэй байгаа аж.
АНУ, Хятад болон Хойд Солонгосын хооронд гал зогсоох гэрээ байгуулснаар гурван жил үргэлжилсэн хойгийн дайн 1953 онд зогссон юм. Гэхдээ хоёр Солонгос энхийн гэрээ байгуулаагүй тул одоог хүртэл дайсагнасан байдалтай явж иржээ. Хоёр Солонгосын ерөнхийлөгч нар өнгөрсөн дөрөвдүгээр сард хилийн өндөр хамгаалалттай бүсэд уулзаж, дайныг албан ёсоор дуусгахаар ярилцсан аж. Энэ түүхэн уулзалтаас хойш хоёр орны төрийн тэргүүн гурван удаа уулзсан ба сүүлд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин анх удаа Пеньянд айлчилсан билээ. Харилцан ашигтай томоохон гүрнүүдийн удирдагч нарын айлчлал цаашид дэлхийн улс төрийн чиг хандлагыг хэрхэн өөрчлөх бол.