Халх голын дайны арын албаны туслах

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

МАРТАГДАШГҮЙ ТАНИЛ

Халх голын дайны арын албаны туслах

Тэртээ 1939 оны Халх голын дайнд мянга мянган ардын хүү халуун амиа алдсан юм. Туйлын хүнд хэцүү тэр цагт Монгол орон даяар дайны хор уршгийг арилгахын тулд хаа сайгүй хандив тусламжийн ажил өрнөж байв. Энэ үед Дорнод аймгийн Баяндун сумынхан ч зүгээр суулгүй тусламжийн аян өрнүүлжээ.

Сумын эвлэлийн үүрийн дарга сургуулийн сурагчдад дайны талбарт хүнд хэцүү байдал үүссэнийг учирлахад 15 настай охин “Би цэргүүдэд очиж тусалъя” хэмээн хамгийн түрүүнд боссон гэдэг. Тэр хүн бол эдүгээ 94 насыг зооглож буй, ахмад дайчин Цэрэнгийн Чимэдцэрэн гуай юм. 2014 онд Халх голын дайнд ялсны 75 жилийн ой тохиоход Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.

Одоо буурай Улаанбаатар хотод үр хүүхдийн хамт энх тунх аж төрж байна. "Ньюс" агентлаг энэ удаагийн "Мартагдашгүй танил" буландаа Ц.Чимэдцэрэнг урилаа.

Ц.Чимэдцэрэн сайн дураараа Халхын голын дайнд явжээ

Манай сумын сургуульд 45 эмэгтэй хүүхэд сурдаг байв. Нэг өдөр биднийг хичээлээ хийж байхад эвлэлийн үүрийн дарга Аюуш гуай орж ирлээ. Тэрээр манай оронд Японы цэргийн дайралт ирж Баянцагаан, Халхын гол, Хайлаастын гол гэх мэт олон газраар хүчтэй дайралт хийж, аюултай байдал үүсээд байна гээд ярив. Тухайн үед би 15 настай. Тэрхэн зуур надад “ийм аюултай зүйл болж байхад бид энд байх хэрэггүй. Дайн болж байгаа газар луу явж, туслах ёстой” гэх бодол төрсөн юм. Даргыг яриагаа дууссаны дараа би босоод “надад нэг санал байна” гэхэд “за хэл” л гэлээ. Би “Надад энэ дайнд туслах мөнгө байхгүй. Гэхдээ сайн дураараа тусламаар байна. Юу хий гэснийг нь хийе” гэж хэлсэн. Бусад охидыг хамт явъя гэхэд босох хүн ер байсангүй. Айсан ч юм уу. Дахин “бүгд явъя” гэхэд гурван охин нэмж бослоо. Бусад нь суусаар л. Гурав дахь удаагаа хэллээ. Тэгсэн ашгүй олонх маань нь дэмжиж 22-уулаа явах болоод авлаа.

Сумын эвлэлийн үүрийн дарга “Би та нарыг явуулах эсэхийг ганцаараа мэдэхгүй. Сумын дарга, намын үүрийн дарга, цэргийн хэлтэс, аймгийн эвлэлийн хороонд мэдэгдэл өгч байж хариу өгье” гээд яваад өгсөн.

Гурав хоногийн дараа сумын дарга ирээд “Та нарыг явуулахаар боллоо. Хувцас хунар, хувийн бэлтгэлээ базаа. Хол зам туулна. Говь руу мориор явна” гэв. Хувцас, замдаа идэх ганц хоёр ширхэг талх аваад л гэрээсээ гарсан даа.

Туг, далбаа барьсан эвлэлийн хорооныхон жагсаал хийж биднийг гаргаж, цэргийн эмнэлэг рүү хүргэж өглөө. Явна гэсэн 22 хүн байсан ч 16 нь л явсан. Хаачсан юм мэдэхгүй. Тэнд очиход Орос сургагч хүлээж аваад биднийг ажилд хуваарилж эхлэв. Гал тогоо, угаалга, индүүдлэг гээд л. Харин шинээр баригдсан цэргийн госпиталд гурван хүн очсоны нэг нь би байлаа. Тэр үеэс л ажил эхэлсэн дээ. Аймшигтай хүнд хэцүү үе. Тавдугаар сараас эхлэн арваннэгдүгээр сард дайн дуусах хүртэл өдөр, шөнөгүй ажилласан. Дайн дууссаны дараа гэртээ харих нь харьж, харин би тэндээ үндсэн ажилтан болж үлдсэн юм. Түүний дараа 1945 онд Тамсагбулагийн 25 дугаар отрядад ажиллав.  Тэр үед цэргийн дарга Чойндон дуудаад “Чөлөөлөх дайн”-ы арын албанд ажиллана шүү гэсэн тушаал өгсөн. Тушаалыг гүйцэтгэсэн. Энэ дайнд тийм ч аймшигтай зүйл болоогүй. Арын албаны ажил, хээрийн сургуулилтаа хийгээд л. Япон ч удалгүй буугаад өгсөн санаж байна. Миний нөхөр цэргийн дарга, хошууч Базарын Барс гэж хүн байсан юм. Хамтдаа 1945 оны чөлөөлөх дайнд хамт зүтгэсэн. Ханьтайгаа би анх 17 настайдаа учирч байлаа.

Дайнд явах болсноо аавдаа ч хэлээгүй

Би 1924 онд Хэнтий аймгийн Биндэр сум, Балжийн гол гэдэг газар мэндэлсэн. Дөрвөн настайдаа Баяндун суманд ирсэн юм. Миний ээж намайг 6 настай байхад бурхан болсон. Аав, ахын хамт амьдардаг. Ах маань удаан хугацааны цэрэгт татагдаад явчихсан. Би дайнд явах гэж байгаагаа аавдаа ч хэлээгүй, гэнэт л явчихсан. Дараа нь зэмлүүлсэн.

Би ер нь багаасаа л биеэ даасан хүүхэд. Анх 12 настайдаа улсад ажилласан хүн. Бичиг үсэг мэддэг байсан учраас сүүний тасгийн эрхлэгч хийдэг байлаа. Намайг 7 настай байхад латин хэлийг гэрээр зааж өгсөн юм. Манай суманд оросууд их байдаг. Тэдний хүүхдүүдтэй тоглосоор байгаад бага зэрэг ойлгодог болсон зэрэг нь миний амьдралд их тус болсон доо.

1951 онд хотод шилжиж ирээд нэг жил худалдааны техникумд тогоочоор сурсан юм. Тухайн үед одоогийн “Туул” ресторан чинь “согтуугийн гуанз” гэж нэртэй.  Гэтэл намайг сургуулиа төгссөний дараа энэ газрыг ресторан болтол нь ажилла гэж ахлах тогоочоор томилсон. Би ч жинхэнэ ресторан болтол нь ажиллаж байлаа. Түүнээс хойш Оюутны зургадугаар гуанз, Бамбарууш кафе, Хоршоолол ресторан, Холбооны политехникум, 14 дүгээр гуанз, одоогийн Их тэнгэрийн ам гэх мэт олон газар тогооч хийсэн. Би олон ч Ерөнхийлөгчийн хоолыг хийсэн дээ.

Хоёр удаа аюулт ослоос амьд үлдсэн азтай хүн

Би 14 настай байсан юм. Морьтой явж байсан гэнэт л намайг аваад давхичихлаа. Тэгээд мориноосоо унахдаа өвсний машины тармуур (насик) дотор уначихсан. Өвсний машины хатгуур соёо нь зүүн гуяны махыг зулга татсан. Харахаас ч нүд халтирам. Жил гаруй хугацаанд хэвтэрт байж өндийсөн дөө.

Түүний дараа бас нэг үхэх дөхөөд. Тухайн үед 20 гаруйхан л настай байсан юм. Цэргийн ангид таван төрөлт спортын тэмцээн болдог. Тухайн үед би жирэмсэн байсан ч өөр орох хүн байхгүй гээд орсон юм. Сонс эргэж байтал турникын бэхэлгээ тасарч цементэн шалан дээр унасан. Цус алдаад л. Тэсэхгүй нь л гэж бодсон. Ядаж тэр жил айхтар зудтай.  Манай дарга Чогдон гэж хүн хоёр машин олоод арай хийж аймгийн төв орлоо. Цусан суулгац өвчин гарсан гээд эмнэлэг хөл толгой нь олдохгүй. Арай гэж хагалгаанд ороод гурван өдөр ухаангүй. Тэр үед эмнэлэг их хариуцлагагүй. Нөхөр маань хөдөөнөөс намайг эргэхээр ирэхэд цус, устайгаа холилдчихсон, харахын эцэсгүй хүн ухаангүй хэвтэж байсан гэдэг. Ухаан ороод нэлээн сайхан болчихсон гуанзанд хоол идэж байхад цагаан халадтай оюутнууд “таныг үхчихсэн гэж бодсон чинь амьд байна” гээд их гайхаж байсан удаатай. Түүнээс хойш нөхөр бид хоёр 4 хүүхэд өргөж авсан. Том охин маань 73 настай. Надад 7 ач, 5 гуч бий.

Ц.Чимэдцэрэн орой бүр төрөл бүрийн хоол хийдэг

Хүргэн С.Батжаргал “Ээж маань өөрөө явж, хоолны махаа худалдаж авдаг. Бидний авч өгсөн махыг идэхгүй. Тогооч хүн болохоор махны чанарыг хараад андахгүй. Настай хүмүүс шөлтэй хоолонд илүү дуртай байдаг. Харин манай ээж хоёрдугаар хоол, тэр тусмаа буузанд дуртай. Нэг их шөл гээд байдаггүй. Хоолоо цагаар иднэ. Хийсэн хоолноосоо өөр зүйл бараг идэхгүй. Оройн хоолоо ээж маань өөрөө хийдэг. Котлет, шницель, бууз, хуушуур, рагу гээд бүгдийг нь хийнэ. Ач охидууддаа хоол хийхийг заана. Гэрээ цэвэрлэнэ. Ер нь зүгээр сууж чаддаггүй хүн дээ” гэж ярилаа.

Ийм л эгэл даруу, хөдөлмөрч, эх орныхоо төлөө амь хайргүй зүтгэсэн хүмүүсийн ачаар одоогийн энх тайван нийгэм цогцлон бүрдсэн билээ. Жинхэнэ баатар гэж түүнийг л хэлэх байх. Хүндэт буурайтай ярилцаж суухад огтхон ч уйдамгүй. Өмнө болсон зүйлүүдээ нэгд нэгэнгүй, огтхон ч мартаж будилахгүй,  инээж хөхрөн хуучлах энэ буурайг хараад хайрлахгүй байхын аргагүй. Эх орон, ирээдүй хойчийнхоо төлөө өтөл буурал болтлоо зүтгэсэн та минь урт наслаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж