Хүний амьд явах эрхийг Цэц "шүүнэ"

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

Хүний амьд явах эрхийг Цэц "шүүнэ"

Хүний амьд явах эрхийг Цэц "шүүнэ"

Нэг хэсэг намжсан цаазын ялыг эргэн сэргээх асуудлыг дахиад л сэвж эхэллээ. Цэц Монгол Улс цаазын ялтай байх уу, үгүй юу гэдгийг хэлэлцэх гэнэ.  Монгол Улсын Үндсэн хуульд хүн амьд явах эрхтэй гэж заасан. Харин Үндсэн хуулийн манаачид хүний амь явах эрхийг хамгаалсан олон улсын гэрээг хэлэлцээд хэрхэн ямар шийдвэр гаргах нь хамгаас сонирхол татаж байна.

Монгол Улс “цаазын ял”-аас татгалзаад зургаан жил болж буй. УИХ-аас 2012 оны нэгдүгээр сарын 5-нд “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт II протоколд нэгдэн орох тухай хууль”-ийг соёрхон баталснаар “цаазаар авах ял”-аас татгалзсан улс болсон.  Олон улсын энэхүү гэрээнд нэгдэн орсноор Монгол Улс  хоёр үүрэг хүлээсэн. Уг үүрэгт “Нэгдүгээрт, энэхүү протоколд оролцогч өөрийн шүүхийн  харьяаллын хүрээнд хамаарагдах хэний ч хувьд цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй. Хоёрдугаарт, оролцогч улс бүр өөрийн эрх хэмжээний хүрээнд цаазаар авах ялыг халахад чиглэсэн шаардлагатай бүх л арга хэмжээ авна" гэжээ.

Харин өнөөдөр төрийн тэргүүний төвшинд цаазаар авах ялыг сэргээх асуудал хурцаар хөндөгдөж буй агаад үүнийг олон хүн эсэргүүцэж байгаагийн дунд  Э.Бат-Үүл, Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, О.Мөнхсайхан зэрэг олон улстөрч хуульч бий. Харин цаазаар авах ялыг сэргээхийг дэмжигчид Ерөнхийлөгч Х.Баттулгаас эхлээд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ц.Нямдорж нарыг нэрлэж болно.

Өнгөрсөн хавар нэг хэсэгтээ л нийгэмийг талцуулсан эл сэдэв дахин сэргэж эхэлсэн нь олон улсын хоёрдугаар протоколд нэгдсэн орсон УИХ-ын шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж иргэн Н.Чадраабал  Үндсэн хуулийн цэцэд  хандсан явдал. Тэрбээр энэ асуудлаар Үндсэн хуулийн манаачдад тавдугаар сард ханджээ. Энэ талаараа тэрбээр  “Үндсэн хуулийн цэцэд өнгөрсөн тавдугаар сард хандсан, гомдлыг долдугаар сард Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх байсан ч одоо болтол надад хариу өгөөгүй байна” гэсэн тайлбар хийгээд буй.

Ингээд иргэн гомдол гаргасан, харин үүнийг Үндсэн хуулийн цэц шүүх эрхтэй юу. Тэр тусмаа Үндсэн хуулиар олгогдсон хүний амьд явах эрхийг хамгаалсан олон улсын гэрээг шүү.

Олон улсын эрх зүйч Б.Гүнбилэгээс тус гэрээний талаар асуухад  “2012 онд Монгол Улс Иргэний болон Улс төрийн пактын II протоколд нэгдэж орсноор цаазын ялыг халсан. Энэ пакт нь хүний үндсэн эрхийг хамгаалах конвенц учир гарах заалт байхгүй. Тухайн улс нэгдэн орсон л бол бандан тас гэсэн үг. Орохоосоо өмнө сайн судал гэсэн утгатай хатуу гэрээ” гэв.

Цэц одоогоор иргэн Н.Чадраабалын гомдлыг хэлэлцээгүй байгаа. Гэхдээ мэдээж, сүүлийн үед Цэц дээр захиалга багагүй ирдэг болсон. Манаж яваа хуулиа машин байтугайгаар сольдог ч болсон.  Хамгийн сүүлд гэхэд,  Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгууль зарласан УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн гомдол гаргагчийн талд шийдвэр гаргасан нь төрд төлөөллөө илгээх хэнтийнхний эрхэнд халдсан үйл явдал болоод буй.

Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн манаач, шүүх нь байж ажиллах ёстой. Гэвч сүүлийн үед цэцийн гишүүдийн томилгоо, гаргаж буй шийдвэр нь олон нийтийн дунд Цэц хэний тал вэ гэсэн асуулт тавихад хүргэж буй. Энэ байгууллагад улс төрийн томилгоо орж, улстөрчид шургалснаар цэцийн дээр зөвхөн хөх тэнгэр биш хэн нэгэн эрх мэдэлтэн байдаг болоод удаж буй билээ.

Юутай ч нэгэн иргэний гомдлоор "цаазын ялаас татгалзах" олон улсын гэрээг шүүх Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуульд хамгийн эхэнд зааж өгсөн хүн амьд явах ёстой гэсэн эрхийг хамгаалах уу, халдах уу гэдгийг харах л үлдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж