МАН өрийн босгыг бууруулахын төлөө байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2015.01.15-нд нийтлэгдсэн

МАН өрийн босгыг бууруулахын төлөө байгаа гэв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 66.7 хувийн саналаар “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Засгийн газраас хоёр дахь удаагаа өргөн мэдүүлээд байгаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд энэ онд улсын өрийн хэмжээг ДНБ-ийн 60 хувь, 2016 онд 55 хувь, 2017 онд 50 хувь, 2018 онд 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байхаар заасан аж.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар “МАН Засгийн газарт хамтрахгүй, улсын өрийн хэмжээг нэмэхгүй” гэж баахан ярьчихаад одоо түүнээсээ буцлаа. Шинэчлэлийн Засгийн газар 2015 оны төсвийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлж байхад улсын өр ДНБ-ийн 40 гаруй хувьтай байсан. Одоо тэгтэл 50 гаруй хувьд хүрч. Хоёрхон сарын хугацаанд энэ их хэмжээгээр өссөн нь ямар учиртай вэ. МАН-ынхан та нар ард түмнээсээ уучлал гуйчихвал яасан юм бэ” гэв.

Сангийн сайд Ж.Эрдэнэбатын тайлбараар өнөөдөр улсын өрийн ДНБ-нд эзлэх хэмжээ 58.3 хувьтай тэнцэж байгаа аж. Түүнд Чингис бонд, Самурай бонд, Хөгжлийн банкны бондууд бүгд багтжээ. Нөгөө талдаа МАН Засгийн газарт хамтарсанаар өрийн хэмжээг өсгөх гээд байгаа юм биш. Гол нь хүрчихсэн төвшинг нь ирэх онуудад буулгаад явах байр суурь баримталж байгаа. МАН Засгийн газарт хамтрахаас өмнө өр өнөөдрийн төвшинд хүрсэн байсан гэсэн тайлбар хийв.

Мөн УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тавьсан шаардлагын дагуу 1991 оноос хойш авсан зээлээр ямар төсөл хөтөлбөр хэрэгжив. Яаж явсаар өрийн хэмжээ ДНБ-ийн 58.3 хувьд хүрэв гэдэг тооцоог Сангийн яамны төвшинд гаргаж байгаа аж. Тэрхүү судалгааг удахгүй УИХ-ын гишүүдэд хүргүүлэх юм байна.

Харин гишүүд саналаа хэлэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Өмнөх Засгийн газрын үйл ажиллагааг бие даагч гишүүд их дэмждэг байсан. Тэр үед өр нэмэгдсэн болж таарч байгаа. Та нар тэр харанхуй Засгийг дэмждэг байснаараа ард түмнээс эхлээд уучлал гуйчихвал яасан юм бэ” гэж сөргөсөн бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар “МАН-ынхан та нар зургаан сайдын суудлын төлөө биеэ үнэлээ биз дээ” гэж байлаа.

Харин УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Хуулийн төслийг дэмжиж байгаа. Үндэслэл нь энэ УИХ Засгийн газарт таван тэрбум ам.доллартай тэнцэх бондын санхүүжилтийг гадаадын зах зээлээс босгох тэр эрхийг, тэр хуулийг өгсөн. Тэгээд бондын санхүүжилтээ босгосон. 1.5 тэрбум ам.доллар ч байна уу, 1.8-1.9 тэрбум ам.долларын бонд босгосон. Тэгээд энэ бондыг нь Засгийн газрын зээлд оруулах Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэд дэх удаагаа ч өргөн барьж байгаа юм, мэдэхгүй.

Сүүлдээ юу болж байна гэхээр Монгол Улс хоёр төсөвтэй ч юм шиг, энэ бондуудынхаа зээлийг төсөвтөө суулгахгүй болохоор ийм байдалтай явж ирсэн. Одоо суулгасан нь дээр. Авсан юмаа суулгахгүй байна гэдэг чинь бараг эргээд төлөхгүй гэж байгаатай адилхан. Одоо энийгээ хийнэ гэж ойлгож байна. Шинээр Засгийн газрын бонд гаргаж гадаадын зах зээлээс хөрөнгө оруулалт босгохгүй гэдэг тал дээр эвслийн Засгийн газрыг байгуулахад тохирсон гэж ойлгож байна.

Ер нь өөрөө асуудал үүсгэчихээд өөрөө ороогдоод байна гэдэг зүйл Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд үүсчихээд байгаа юм.

Ямар ч судалгаагүй, 2012 онд өр ДНБ-ийн 60 хувьтай тэнцэж байсан. Тэгээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 60, 50, 40 хувь гээд буулгаад тавьчихдаг. Одоо бас дахиад тэрийгээ хийгээд ороод ирэх. 2015 онд 60, 2016 онд 55, 2017 онд 50, 2018 онд 40 хувь. Өөрсдөдөө хавх тавьчихаад ингээд байх нь ямар шаардлагатай юм бэ. Үүнд ямар судалгаа байгаа юм бэ. Төсвийн алдагдлыг 2015 онд 5, 2016 онд 4, 2017 онд 3, 2018 онд 2 хувь болгох нь. Ийм юм хийдэг орон байхгүй ээ. Зүгээр л нэг тоотой байя л даа. Ингээд байж болохгүй. Тэгэхээр 60 хүртэл хувиараа л явъя. Одоо ийм тоо тавьчихаад ирэх жил бас дахиад л хэрэлдэнэ. 2016 онд сонгууль болсны дараа дахиа л хэрэлдэнэ. УИХ бонд босго гэж хэлчихээд суулгахгүй хоёр жил хэрэлдлээ. Өөрсдөө ийм юм зохиож тавьчихаад. Ямар ч судалгаа байхгүй.

Хэрэв, эдийн засгийн боломж, аж үйлдвэр нь хөгжөөд хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн гаргаад эхлэх юм болбол төсвийн орлого тогтвортой байна. Одоо түүхий эдийн экспортын эдийн засагтай учраас ингээд байгаа юм. Энэ нийгэмд иргэн ч, өрх нь өөрөө хөрөнгөтэй байгаад зээл аваад тэрийгээ дахиад нэмэгдүүлээд явдаг ийм л зорилттой нийгэм. Автоматаар өөрсдөө, ямар ч судалгаа байхгүй юм тавьчихаад тойроо л хоёр жил хэрэлдлээ. Энэ төсвийн тогтвортой байдлын тоог тавьж байхад С.Баярцогтод хэлж байсан “Наадах чинь ямар ч судалгаа байхгүй ээ” гэж… байв.

Төсвийн байнгын хорооны хуралдаан өндөрлөөд байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж