Парламентын засаглалаа Ерөнхийлөгчид "алдах" уу?

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

VS

Парламентын засаглалаа Ерөнхийлөгчид "алдах" уу?

Намрын чуулганаар хэлэлцэхээр хүлээгдэж буй асуудлуудын нэг бол Үндсэн хуулийн шинэчлэл юм. Өнгөрсөн 16 жилийн турш, дөрвөн парламент дамжин яригдаж байгаа энэ хуулийн өөрчлөлт үе үеийн эрх баригчдын маргалдах сэдвийн нэг байсаар ирсэн. Энэ удаад ч МАН-ынхан эсрэг, тэсрэг байр суурьтай байгаа бөгөөд супер Ерөнхийлөгч үү, супер Ерөнхий сайд уу гэсэн асуулт тэднийг зовоож байгаа бололтой.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын байр суурийг VS буландаа онцолж байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, хууль шүүхийн байгууллагын нэр хүнд нийгэмд туйлын хангалтгүйг бүгд мэдэж байгаа. Шинэчлэлт зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд нь ч юм шиг,  УИХ нь Засгийн газар ч юм шиг эсвэл Засгийн газар нь өөрөө УИХ болчихдог ийм ойлгомжгүй байдлыг бид хаана хаанаа мэдэж байгаа. Энэ нь улс орны хөгжлөөс чангааж нийгмийг улам талцуулж байна. Энэ бүхнийг одоо тодорхой болгох хэрэгтэй. Нэг бол парламентын засаглалаа сайжруулж, Засгийн газрын эрх мэдлийг хүчтэй нэмэгдүүлж  Ерөнхийлөгчийн эрх мэдлийг эрс хязгаарлах  эсвэл Ерөнхийлөгч Засгийн газраа бүрдүүлж Ерөнхийлөгчийн засаглалыг бий болгох гэсэн энэ хоёр хувилбарыг бид тойрч ярих болов уу гэж бодож байна. Манай улсын хувьд парламентын засаглалаа гүнзгийрүүлээд явбал зүйтэй гэж хувьдаа боддог. Өнөөгийн засаглалын  тодорхойгүй байдал гурван толгойтой могой шиг байна. Гэтэл  ард түмэн тодорхой байдлыг хүсч байна. Нэг бодлого шийдвэрээр явах хэрэгтэй. Улс орон, нийгмийн хүчин чадлыг  нэг зангидах ёстой. Энэ бүх  талцал хуваагдал өнөөдөр  хүчийг сааруулж байгааг  бид харж байгаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга

Та бид хамтран тогтолцоогоо бүхэлд нь хамарсан реформ-эрс шинэчлэл хийхгүй л бол сонгуулиар амласан амлалт чинь хэзээ ч биелэхгүй, эдийн засагт ямар ч нааштай өөрчлөлт гарахгүй, Монголын төр үхээнц, хариуцлагагүй, нүсэр, үрэлгэн, төрийн алба нь намын хавсарга алба хэвээр үлдэх болно. Нэн яаралтай реформ хийхгүй л юм бол байгалийн баялагт хэт цөөнх хяналтаа тогтоосоор, баялгаас олох орлого ард түмэнд хүртээлгүйгээр гадагш урссаар л байх болно.

Тийм учраас би улс орныхоо ирээдүйн төлөө, хөгжил цэцэглэлтэд хүрсэн хүчирхэг Монгол Улсыг бий болгохын төлөө улс төрийн намууд, эрдэмтэд судлаачид, иргэд сонгогчидтойгоо хамтран бүх нийтээрээ эрүүл ухаанаар шүүн хэлэлцэх замаар тогтолцооны реформ хийе хэмээн уриалж байна.

Юуны өмнө нийгмийн өнөөгийн болон ирээдүйн зорилт, хэрэгцээг бүрэн тусгасан шинэ Үндсэн Хуулийг бүх ард түмний идэвхтэй хэлэлцүүлэг, оролцоотойгоор батлан гаргая. Би улс төрчид, ард түмэндээ хандан уриалж байна....

Эрх мэдэл горилсон, тулга тойрсон хэрүүл тэмцлээ орхиж, тогтолцооны реформыг зоригтойгоор нэн даруй эхлүүлэх нь Монгол Улсын, Монголын ард түмний язгуур эрх ашигт бүрэн нийцнэ.

Үндэсний эв нэгдлийг хангах үүргийг Үндсэн Хуулиар хүлээсэн албан тушаалтны хувьд Ерөнхийлөгч миний бие цэгц шударга төр байгуулах улс төрийн реформыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлж байна. Учир нь Монголын ард түмний эв нэгдлийг шударга төр, хэрэгждэг хууль, ард түмний элбэг баян амьдрал л урт удаан хугацаанд ханган биелүүлж чадна.

Бэлтгэсэн: Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж