-Өнөөдрийн байдлаар манай улсад давхардсан тоогоор 4,3 сая үүрэн холбооны хэрэглэгчтэй бол тэдний 1,5 сая нь ухаалаг гар утас барьдаг гэсэн тоо гарчээ–
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарынхан өнөөдөр төрийн ордноо цуглаж, “Төр хувийн хэвшлийн түншлэл-2015” нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр салбарт тулагмдсан асуудал, түүнийг даван туулах гарцын талаар ярилцав. Тус салбарынхан өнгөрсөн онд 145 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсний 60 хувийг үүрэн холбооны компаниуд бүрдүүлжээ. Шууд ажлын байрны тоо 10 мянга орчим гэж тоологддог боловч зөвхөн Мобиком л гэхэд 700 туслан гйүцэтгэгч, 10 гаруй гэрээт борлуулагчтай хамтран ажилладаг гээд тооцохоор тус салбар олон мянган хүний амьжиргааны эх үүсвэрийг залгуулдаг ажээ. Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 144 орноос 98-д жагссан бол харилцаа холбооны салбарын хэрэглэгчийн үзүүлэлтээр 50-д жагссан нь энэхүү салбар улс хэмжээнд тэргүүлэх салбар болж, эх орныхоо нэрийг хуудас болж байдгийг илтгэж буйг тодотгов.
Өнөөдрийн байдлаар манай улсад давхардсан тоогоор 4,3 сая үүрэн холбооны хэрэглэгчтэй бол тэдний 1,5 сая нь ухаалаг гар утас барьдаг гэсэн тоо гарчээ. 2G сүлжээг 430 гаруй сум сууринд хүргэж, хүн амын 98 хувийг хангасан бол 3.5G сүлжээг 260 сум, сууринд хүргэсэн нь хүн амын 90 хувийн хэрэгцээг хангах болжээ. Харин энэ оноос 3.5G сүлжээг 100 хувь нэвтрүүлэх, 4GLTE технологийг нэвтрүүлж эхлэх, үндэсний контент аппликэйшнийг хөгжүүлэлтийг ойрын зорилт болгон дэвшүүлж байгаа юм.
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын ам бүлд хүссэн хүсээгүй багтаахаас аргагүй хэсэг болсон хэвлэл мэдээллийнхний төлөөлөл ч нээлттэй хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, илтгэл тавьж, тулгамдсан асуудал хийгээд шийдвэрлэх арга замын талаар мэдээлэл өгсөн юм. Тэдний илтгэлээс товчлон хүргэе.
Мэдээллийн тэргүүлэгч сайтуудын холбооны гүйцэтгэх захирал Г.Анархүү:
-Манай тэргүүлэгч сайтуудын холбоонд өөрийн гэсэн редакцитай, редакцидаа 20-оос цөөнгүй сэтгүүлч, уран бүтээлч, техникийн ажилтнуудыг багтаасан мэдээллийн сайтууд багтдаг гэдгийг онцлоё. Манай холбоо хариуцлагатай сэтгүүлзүйг дээдэлж, мэдээллийн сайтуудын зах зээлд эрүүл өрсөлдөөн бий болгох замаар гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилготой төрийн бус байгууллага юм. Мэдээллийн сайтуудад тулгамдаж буй асуудлыг үндсэн дөрвөн хэсэгт хуваан үзэж болох юм. Хамгийн эхэнд тулгамддаг зүйл бол оюуны өмчийн асуудал. Өнөөдрийг хүртэл манай улсад мэдээг оюуны өмчид тооцож, хуулиар хамгаалаагүйгээс мэдээ контентийн хулгай түгээмэл болоод байгаа. 20-30 хүний бүрэлдэхүүнтэйгээр өдөрт 130-200 мэдээ контент үйлдвэрлэгч сайтууд байхад бусдын бичиж нийтэлсэн мэдээ мэдээллийг хуулбарлаж түгээдэг сайтууд ч цөөнгүй байна. Хоёр дахь тулгамдсан асуудал бол эрүүл бус өрсөлдөөн. Дээр хэлсэнчлэн 20-30 сэтгүүлчтэй нэг сайт байхад 20 сайттай нэг сэтгүүлч байдаг. Тиймээс тусгай зөвшөөрлийг мэргэжлийн редакцитай, ажиллагсдынхаа нийгмийн даатгал, татвараа найдвартай төлдөг сайтуудад өгөх шаардлагатай байна. Ингэснээр мэдээллийн сайтууд хариуцлага ёсзүйтэй болж, аль нь мэдээллийн хэрэгсэл, аль нь хувь хүний блог вэ гэдэг маш том ялгаа гарч ирнэ. Мэдээллийн сайтуудын зардлыг жагсаавал ажиллагсдын цалин, түрээсийн зардлын араас НӨАТ ордог. Гэтэл мэдээллийн сайтууд ямар ч худалдан авалт хийдэггүй. Өөрөөр хэлбэл НӨАТ-ын буцаан авалтгүй байдаг. Тиймээс тусгай зөвшөөрөлтэй сайтуудын баннер, сурталчилгааны орлогыг НӨАТ-аас чөлөөлөхийг төр засгийн зүгээс хүсч байгаа юм. Бидний өмнө тулгамддаг бас нэгэн асуудал бол кибер аюулгүй байдал. Өнгөрсөн онд гишүүн сайтуудаас news.mn shuud.mn-д халдсан төдийгүй baabar.mn-ийг эвдсэн тохиолдол гарсан. Мэдээллийн сайтуудын үндсэн хөрөнгө нь сайтын программ, бааз, түүний архив байдаг. Гэтэл дурын хакер халдах нь үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөх аюултай юм. Үүнийг шийдвэрлэж, цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд холбоо, мэдээллийн салбарынхан, хүчний байгууллагуудтай хамтран ажиллах нь зөв болов уу.
“Шинэ долгион FM 107.5” радиогийн захирал Ц.Ариунаа:
–Агаарын цэнхэр долгионд хувийн хэвшлийн салбарынхан орж ирсэн үе бол 1995 он. Түүнээс гурван жилийн дараа буюу 1998 онд хувийн хэвшлийн зургаан радиотой болсон байсан бол өдгөө FM гэх тодотголтой радиогийн тоо 28 болоод байна. Энэхүү нээлттэй хэлэлцүүлгийн индэр дээрээс би эдгээр радиог FM радио гэсэн тодотголоор бус Монголын хувийн радио гэдгээр хүлээн авч, нэрлэж байгаасай гэж хүсэх байна. Өнөөдөр хэт богино долгоины 90-108 үелзлэлийг хувийн радионууд эзэмшдэг. Гэтэл монгол хүмүүсийн маань олонхын унаа болсон Япон улсад үйлдвэрлэсэн автомашинуудад хэт богино долгионы 100-аас дээш үелзлэлийг хүлээн авах боломжгүй байгааг эргэн нэг хараасай. Хэдийгээр манай сонсогчид радиогоо гар аргаар монголчлоод биднийг сонсож буй хэдий ч хүлээн авалтад муугаар нөлөөлж байгаа. Үүнийг Харилцаа холбооны зохицуулах газартай хамтраад зөв гарцыг олж шийдэх байх гэж хувийн радиогийнхон хүлээж байна.
TV5 телевизийн гүйцэтгэх захирал Э.Дагиймаа:
–Монголын өргөн нэвтрүүлгийн 13 телевизийг төлөөлөн энэ хэлэлцүүлэгт орж байгаагаа дуулгая. Монгол Улсад чөлөөт телевиз үүссэнээс хойш 25 жил, Монголын телевизүүдийн холбоо үүссээд 10 жил болж байна. Энэ хугацаанд хууль эрхзүйн зохиуцуулалтын асуудал тулгамдаж байна. Салбарын хувьд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Олон нийтийн телевизийн хууль, Зар сурталчилгааны хууль зэрэг таван хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хэдийгээр хуульд Монголын төр ард иргэдээ мэдээллээр хангах үүрэг хүлээсэн ч тэрхүү үүргийг хувийн хэвшил нуруундаа үүрч яваа. Өнөөдөр Монголд 142 телевиз ажиллаж байгаа нь хэтийдсэн тоо гэж шүүмжлэгчид олон. Тэгвэл хэн дуртай нь телевиз нээх эрхийг төр засгаас өгч байгаа шүү дээ. Тиймээс УИХ-д өргөн бариад байгаа Өргөн нэвтрүүлгийн хуулийг яаравчлан батлах хэрэгтэй байна гэлээ.
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарынхан эхэлж буй шинэ оныг технолгийн шинэчлэлийг хурдасгах, хөрөнгө оруулалтыг татах, өрсөлдөөнт орчин бүрдүүлэх, үйлчилгээ бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, контент аппликэйшн боловруулах эрсдлээс хамгаалах, бүтээгдэхүүн үйлчилгээг экспортлох зорилтыг дэвшүүлж байгаа юм байна. Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр энэхүү зорилтыг хэрхэн хангах талаар зөвлөлдлөө.
Д.ЦЭЭНЭ