Хөрөнгийн албан татварын хуулийг дэмжсэнгүй

Хуучирсан мэдээ: 2015.01.15-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн албан татварын хуулийг дэмжсэнгүй

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өнгөрсөн оны сүүлээр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн агуулга нь иргэн аж ахуй нэгжийн үл хөдлөх хөрөнгө, буу, мад, автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг нэгдсэн байдлаар зохицуулахад оршиж байгаа. Хуулийн төслийг боловсруулах асуудал аль 2012 оноос эхэлсэн, хэлэлцэх цаг хугацаа нь ингэж таарч байгааг онцолж байсан. Гэхдээ эдийн засаг хямарч, ард иргэдийн худалдан авах чадвар, бодит орлого буурсан үед татвар нэмэх нь оновчтой биш гэж байнгын хорооны заримс гишүүд үзсэн юм. Нөгөө талаас иргэнээ өмчтэй байхыг бүх талаас дэмжиж байж улс хөгжинө, малтай, машинтай дайн зарлаад тус болохгүй гэдэг санааг УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан сануулсан. Харин Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Хөрөнгийн албан татварыэн хуультай холбоотойгоор 2015 оны төсөвт өөрчлөлт орохгүй. Олон хөрөнгө тус тусдаа явж ирсэн учраас нэгдсэн зохицуулалт хэрэгтэй гэдэг санаагаар өмнөх Засгийн газрын үед оруулж ирсэн хууль. Тодорхой хугацаанд судалж үзээд оруулж ирэхэд болохгүй зүйлгүй” гэсэн. Ингээд гишүүдийн олонх нь энэхүү хуулийг төслийг дэмжих боломжгүй гэж үзсэнээр хуулийн төсөл уналаа.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж