Улирлын өмнө: Торонто Мейпл Лифс баг

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

Улирлын өмнө: Торонто Мейпл Лифс баг

Улирлын өмнө: Торонто Мейпл Лифс баг

Хүчирхэг Торонто Мейпл Лифс баг уналтаас эргэн ирэхийн тулд маш их ажиллаж байна. Стэнлийн цомыг 13 удаа өргөж байсан Торонто Мейпл Лифс баг шинэ мянган гараад уналтанд орж плэй-оффын гадна үлдэж байсан он жилүүд ямартаа ч ард үлдэж байна. 2015 онд алдарт дасгалжуулагч, “Гурван алтын клуб”-т буй цорын ганц дасгалжуулагч М.Бэбкокыг авчирснаас хойш баг урагшилсээр, хүчирхэгжсээр… М.Бэбкокоор удирдуулсан Торонто Мейпл Лифс баг өнгөрсөн улиралд багийнхаа түүхэнд урьд хожид байгаагүй өндөр оноо болох 105 оноо авахдаа 49 ялалт байгуулсан. Туршлагатай, ахмад тоглогчид болох П.Марло, Т.Бозак нарын дэргэд багийн драфтын сонголтууд болох О.Мэттьюс, М.Мэрнер болон У.Нюландер нарын залуус өсөж торниож байна. Багийн энэхүү сэргээн босголт бол ерөнхийлөгч Б.Шанаханы явуулж буй бодлоготой холбоотой болов уу? Гэхдээ энэ зун багийн ерөнхийлөгч Б.Шанахан багийн арын албан гол ажлыг нугалдаг менежер Л.Ламореллог явуулсан нь зөв байсан эсэхийг улирлын үр дүн л харуулах байх.

  • Багаас явсан тоглогчид: М.Мартин Нью-Йорк Айландерс руу, чөлөөт агентаар Т.Бозак Сент-Луис Блюс руу, чөлөөт агентаар Л.Комаров Нью-Йорк Айландерс руу, чөлөөт агентаар ван Римсдайк Филадельфиа Флайерс руу
  • Багт ирсэн тоглогчид: Р.Сандин Шведийн лигээс, Ж.Таварес Нью-Йорк Айландерсаас чөлөөт агент, Т.Эннис Миннеоста Уайлдаас

Энэ зун Торонто Мейпл Лифс баг зоригтой, том өөрчлөлт хийсэн гэхэд хилсдэхгүй. Бүхий л карьераа Торонтогийн төлөө тоглосон Т.Бозак, болон Л.Комаров нарын хэд хэдэн тоглогчдын гэрээг чөлөөлж явуулсан бол М.Мартиныг Нью-Йорк Айландерс баг руу солилцоогоор явуулсан. Зөрүүлээд чөлөөт агент болоод байсан Нью-Йорк Айландерс багийн ахлагч Ж.Таваресыг Торонтод авчирсан. Багийн тамирчдын насны баланс бараг л тэнцвэржээд байна. Жилийн өмнө Сан-Хосе Шарксаас ирж байсан П.Марло 39 настай бол хамгаалагч Р.Хэйнси 37 настай. Харин бусад тоглогчдын хувьд 30-аас доош насны бөгөөд ид ирэн дээрээ яваа залуу тоглогчид юм. Одоо У.Нюландерын гэрээ анхаарлын төвд үлдээд байна. Швед залуу У.Нюландер багтаа О.Мэттьюстай хамт аюултай довтолгооны хослолыг бүрдүүлээд байгаа. Гэвч талууд гэрээний талаар ярилцаж байгаа бололтой.

I лайн:

П.Марло – О.Мэттьюс – Т.Эннис

М.Рейли – Р.Хэйси

II лайн:

З.Хайман – Ж.Таварес – М.Марнер

Ж.Гардинер – Н.Зайцев

III лайн:

Ж.Лейво – Н.Кадри – К.Броун

Т.Дермотт – И.Ожиганов

Ахмад тоглогч П.Марло яг зөв цагтаа Торонто Мейпл Лифс багт ирсэн. Түүний шинэ багтаа талбай дээр өнгөрүүлж байгаа минут нь Сан-Хосе Шаркс багтаа байснаас их байгаа. Энэ жил бүр гарааны лайнд гарах боломжтой тоглогчоор нэрлэгдээд байгаа нь П.Марлог ямар их боломж, нөөцтэй тоглогч болохыг харуулж байна. Бас нэг онцлох ёстой тоглогч бол Ж.Таварес юм. Мэдээж Нью-Йорк Айландерс багт лидер байсан Ж.Таварес шинэ багтаа зүгээр нэг дундаж тоглогчийн статустай байхгүй нь ойлгомжтой. Иймд энэ улирал шинэ дүр төрхтэй хүчирхэг Торонто Мейпл Лифс багийг харж болох юм. Дээр нь мэдээж О.Мэттьюс хэмээх авъяаслаг залуу багийн ирээдүйн лидер байна. Харин түүнтэй тун сайн хослолыг үүсгээд байсан Швед довтлогчийн ирээдүй сонирхол татаж байна. Магадгүй одоо болтол гэрээгээ шинэчлээгүй байгаа болохоор У.Нюландергүйгээр баг ирээдүйгээ харж байж ч болох юм. Багийн боломж, чадавхи бол плэй-оффт шалгарахад нэг их асуудалгүй болов уу?

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж