Төрийн машиныг хувьд ашиглахыг хориглоогүй байна

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

Төрийн машиныг хувьд ашиглахыг хориглоогүй байна

Төрийн машиныг хувьд ашиглахыг хориглоогүй байна

Төрийн албаны автомашиныг хувийн хэрэгцээнд ашиглуулахгүй байх журам гаргаж, хэрэгжүүлнэ гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдэгдсэн. Гэвч одоогоор журам албажаагүй байна.

Анх энэ асуудлыг хөндөхдөө журмыг 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэх тухай ярьсан. Харин олон нийт журам хэрэгжих хугацааг урагшлуулах шаардлагатайг онцолж байсан билээ. Учир нь төрийн албан хэрэгцээнд ашигладаг автомашиныг хувьд ашиглахгүй байх журмыг хэрэгжүүлэхийн тулд хууль хэрэгжүүлэхэд бэлтгэдэг шиг хүнээ сургана, хүний нөөцөө нэмэгдүүлнэ гэж ажил болох шаардлагагүй. Хувийн ажлаа хувийн машинаар амжуулдаг болох л шаардлага тавигдаж буй. Нэг ёсны ухамсрын асуудал ч гэж хэлж болно.

Харамсалтай нь, улстөрчид сайд, дарга болонгуутаа төрийн унааг баруун солгойгүй ашигладаг. Гэргий нь дэлгүүр орж, хүнсээ цуглуулах, хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх зэрэгт албаны машин ашиглаж ирсэн. Хоёр, гурван зуун сая төгрөгөөр үнэлэгдэх жип машин хөлөглөн хот дотор давхицгаадаг. Гэтэл үнэтэй тансаг автомашины "идэш" нь их, зардал өндөртэй.  Нэг үгээр хэлбэл, хувийн хэрэгцээнд хэдий чинээ ашиглана, тэр бүрт шатахуун “урсаж”, татвар төлөгчдийн мөнгө зориулалтын бус зүйлд ашиглагдсаар ирсэн хэлж болно.

Үе, үеийн Засгийн газар дээрх муу жишгийг халахын тулд янз бүрийн арга хэрэгжүүлэхийг оролдож ирсэн байдаг. Тухайлбал, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед агентлагийн дарга албандаа жижиг тэрэг унахыг хориглосон.  Харин Ч.Сайханбилэгийн Засгийн газар төрийн ажил үйлчилгээнд хэрэглэж байгаа автомашины шатахууны зарцуулалтыг багасгахын тулд аймгийн Засаг дарга 56 км, орлогч дарга 40 км, тамгын газрын дарга, агентлагийн дарга, хэлтсийн дарга нар өдрийн 20 км-ийн түлшний нормтойгоор албаны унаагаар ажлаа амжуулах үүрэг хүлээж байсан юм.

У.Хүрэлсүхийн танхим  төрийн албаны автомашинд тусгай наалт нааж, тэмдэгжүүлэн, хувийн хэрэгцээнд ашиглаж яваа тохиолдол гарвал 97178008 дугаарт хандаж, мэдээлэл өгөхийг хүсэж байгаа. Журам зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцох хүртэл арга хэмжээ авна. Гэхдээ журам нь албажаагүй учраас хэзээнээс эхлэн хэрэгжих вэ гэдэг тодорхойгүй байгаа юм.

Холбогдох албаны хүнээс авсан тайлбараар бол удахгүй энэ асуудал шийдэгдэнэ. Журмыг шинэ он гарахыг хүлээхгүйгээр хугацааг татах нь.

Журмыг хэрэгжүүлэхтэй холбогдуулж, Засгийн газрын авто бааз автомашинууддаа наалт нааж, тэмдэгжүүлсэн эхэлсэн бөгөөд журам албажиж эхлэнгүүт тодорхой мэдээлэл өгөх аж.

Харин төрийн мэдэлд 20 мянга гаруй автомашин бүртгэлтэй байдаг юм байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж