УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ж.Батсуурь, Д.Дэмбэрэл нар мэдээлэл өглөө. УИХ дахь МАН-ын бүлэг эдийн засгийн хямралыг даван туулах асуудлыг цогц байдлаар авч үзэх шаардлагатай гэж үзлээ. МАН-ын бүлэг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засаг хүндэрч байгааг эрх баригчдад сануулж яаралтай арга хэмжээ авахыг шаардсаар ирсэн. Гэвч Н.Алтанхуягийн Засгийн газар үл тоомсорлож, бодит үнэнийг нууж ирсэн. Үүний уршгаар эдийн засаг төсөөлж байснаас ч илүү өвчилснийг илтгэх тоо баримтууд МАН засагт орсноор ил болж, цаг алдалгүй дараагийн алхмыг авах шаардлага үүслээ гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт онцоллоо. Энэ үеэр МАН-ын бүлгийн гишүүдээс зарим асуултад хариулт авлаа.
-Өрийн таазыг 70 хувьд хүргэх асуудлыг унагасан. Одоо Засгийн газраас 60 хувьд хүргэхээр тодотголыг оруулж ирлээ. Үүнийг дэмжих үү?
-Засгийн газарт хамтрахдаа энэ Засгийн газрын зөв бодлогыг дэмжинэ, буруу бодлого дээр шүүмжлэлтэй хандана гэж хэлсэн. Энэ байр сууринаас асуудалд хандаж өрийн таазыг 70 хувьд хүргэхийг дэмжээгүй. МАН өмнөх Засгийн газрын буруу бодлогоос үүдэлтэй алдааг засах гэж хамтарсан. Хамтраад тоо баримтуудыг харахаар бидний төсөөлж байснаас ч хүндэрчихсэн байна. Тийм ч үүднээс бүлгээс Ажлын хэсэг байгуулж хямралыг давах төлөвлөгөө гаргахаар боллоо. Өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй гэдэг байр сууриа хадгалж байгаа. 40 хувь байх ёстой байсан өрийг хууль зөрчин нэмэгдүүлж 58.3 хувьд хүргэсэн байна. Нэгэнт хууль зөрчин нэмэгдүүлсэн өрийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нөхцөл байдалд хүрлээ. Ийм байдлаар асуудалд хандана гэж МАН-ын бүлэг шийдсэн.
-УИХ-ын гишүүн Д.Чойжилсүрэн: Хүүхэд эхчүүдийн мөнгө, цалин тэтгэврээр популизм хийж байна гэдэг ойлголт төрүүлээд байгаа. Үүнд МАН ач холбогдол өгөхгүй байгаа. Харин эдийн засгаар бодитоор харж, үүний дараа тодорхой онцгой арга хэмжээ авахаар болсон. Мэс заслын ширээн дээр байгаа учраас оношоо тогтоох санаачлага гаргаад байна. Үүнийг МАН дангаараа хийж чадахгүй, нэг ойлголцолтой байх ёстой.
-Өрийн хэмжээ 58.2 хувьд хүрсэн гэдэг нь бодитой тоо мөн үү. Өрийн хэмжээг 49.9, 52.2 гэх зэргээр янз бүрээр ярьж байна?
-УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Өрийн хэмжээн дээр хүн болгон эргэлзэхээр байгаа. Унтаж босч ирээд нэг өөр тоо хэлээд байхаар хэн ч гэсэн эргэлзэнэ биз дээ. Тийм учраас гаднаас авсан өрийн мөнгийг ямар ямар компаниуд авсан юм, үйлдвэрлэлийг сэргээх төсөл хөтөлбөрт зарцуулсан юмуу гэдгийг шалгаж, жагсаалтыг нь гаргах шаардлага үүсээд байгаа нь ийм учиртай. Уг нь үйлдвэрлэлийг сэргээхэд хангалттай хэмжээний өр зээл, тусламж авсан шүү дээ. Гэтэл 2016, 2017 онд төсөв нь энэ өрөө дааж чадах уу үгүй гэдэг дээр тулчихсан учраас асуудал хурц тавигдаж байна. Одоогоос хоёр жилийн өмнө Засгийн газар байгуулагдахдаа гаднаас зээл аваад үйлдвэрлэлийг хөгжүүлэн улс орноо баян чинээлэг болгоно гэж хэлсэн. Одоо хаана байна вэ.
С.ОТГОНСҮРЭН