Жилд 20 000 орчим гэр үйлдвэрлэж, экспортлох боломжтой

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

Жилд 20 000 орчим гэр үйлдвэрлэж, экспортлох боломжтой

Жилд 20 000 орчим гэр үйлдвэрлэж, экспортлох боломжтой

Монгол Улс жилд 2000 гаруй иж бүрэн монгол гэр экспортолж, 6000 орчим гэрийг дотоодын зах зээлд үйлдвэрлэн нийлүүлж байна. Монгол гэр үйлдвэрлэлийн чиглэлээр “Хангай гэр” ХХК, “Дээдсийн гэр” ХХК, “Халх гэр хужирт” ХХК,  “Монгол гэр хужирт” ХХК, “Зүүн сайн” ХХК, “Тэнгэрлэг өргөө” ХХК,  “Өвөг дээдсийн гэр” ХХК, “Хорол өргөө” ХХК, “Их өргөө” ХХК, “Монгол гэр” ХХК,   “Өнө монгол гэр” ХХК, “Батдэлгэрэх” ХХК, “Мөнгөн гэр” ХХК “Уянгын гурван эрдэнэ” ХХК, “Удунвара эрдэнэ” ХХК, “Уянга хийц” ХХК, “Сэлнэн” ХХК зэрэг 150 гаруй аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компани, хувь хүн аяны, отрын, малчдын, уул уурхай, зам барилгын ажилчдын, жуулчны баазын, хот суурин газрын, ресторан хүлээн авалт, хүндэтгэлийн, экспортын, тоглоом-бэлэг дурсгалын гэсэн 10 төрлөөр, 1,9-40 м хүртэл диаметртэй, 3 ханатаас 32 ханатай олон төрлийн зориулалтын гэр үйлдвэрлэж байгаа юм.

Цаашид гэрийн үйлдвэрүүдэд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, өөр материалаар орлуулан хийх, суурин болон нүүдлийн шинж байдалд тохирсон гэрийн шинэ загвар, хэрэглээний шинэ шийдлийг бий болгох, монгол гэрийн өвөрмөц хэв шинжийг олон улсад сурталчилж, экспортыг өсгөх шаардлагатай бий. Ингэснээр жилд 20 000 орчим гэр үйлдвэрлэж, экспортлох боломжтой гэж үздэг. Дэлхийн улс орнууд, ард иргэд монгол гэрийг улам ихээр сонирхох болж, барьж ашиглахад хялбар байдаг тул байгаль цаг уурын гамшгийн үед хэрэглэхэд нэн тохиромжтой гэдгээр нь сайшааж байна.

Монгол гэрийн эрэлт хэрэгцээг даган эерэг сөрөг үр дагавартай үйл ажиллагаа идэвхжих боллоо. Франц, Польш, Канад зэрэг улсуудад монгол гэрийг дамжуулан борлуулдаг сүлжээ ажиллаж байна.  БНХАУ, ОХУ-ын компаниуд монгол гэр урлаачдыг урьж аваачин гэр хийлгэх, гэр урлалын нууцыг тандан зөвшөөрөлгүйгээр гэр үйлдвэрлэн борлуулах явдал гаарч байна. Нүүдлийн соёл иргэншлийн ахуй орчныг бүрдүүлэн тээгч “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл” ёс уламжлалыг хүн төрөлхтний үнэт зүйлс болгон 2013 оны 12 дугаар сарын 6-ны өдөр ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгэн авсан. Тиймээс ч монгол гэрийг бид өөрсдөө урлан үйлдвэрлэж, үндэсний ёс уламжлалаа дэлхий нийтэд түгээх учиртай юм.

Монгол туургатны үндэсний бахархал болсон Монгол гэр нь 3000-аад жилийн түүхтэй. Хүннү гүрний хаадын үеэс одоогийн гэрийн хэв шинжээ олж, өвөг дээдэс маань бидэнд өвлүүлэн үлдээсэн билээ. Монгол гэр нь уран барилгын үндэс бөгөөд орчин цагийн барилга нь уран барилгаас үүсэлтэй. Монгол гэр нь нүүдлийн соёл иргэншилт амьдралын гол төв болж ирсэн бөгөөд Монгол гэргүйгээр монгол хүнийг төсөөлөхийн аргагүй.

Гэр нь нүүдэлчин ардын нутаг сэлгэн нүүдэллэхэд тохирсон, ачиж тээвэрлэхэд хөнгөн, барьж буулгахад авсаархан бөгөөд монгол үндэстний гоо сайхны мэдрэмж, уламжлалт гар урлал, бэлгэдлийг цогцоор нь хадгалсан, хүн амьдрахад тохь тухтай, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр бүтдэг, уран барилгын өвөрмөц шийдэл бүхий нүүдэлчин монголчуудын уламжлалт эко сууц юм.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж