Боловсролын салбар 2019-2020 оны хичээлийн жилд цахим системд бүрэн шилжих талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас өнөөдөр /2018.10.9/ мэдээлэл хийлээ.
Системийг ашигласнаар багшийн хөдөлмөрийг хөнгөвчилж, цаастай зууралддаг хуучин арга барилыг халах, эцэг, эхчүүд интернет ашиглан хүүхдийнхээ сурлага, ирцийн мэдээллийг цаг тухайд нь хүлээн авах боломж бүрдэх юм. Мөн аль сургуульд хэдэн сурагч сурч байна, ямар хичээлийн багш илүүдэлтэй эсвэл дутагдалтай байгааг цахимаар харах боломжтой ажээ.
Үүний тулд ухаалаг утсандаа “Google play store”-оос “ESIS” аппликэйшнийг татаж суулгах шаардлагатай юм. Төслийн баг одоогоор Агуулгын удирдлагын дэд систем, Боловсролын удирдлагын дэд систем, Статистикийн удирдлагын дэд систем, Хүний нөөцийн удирдлагын дэд систем, Санхүүгийн удирдлагын дэд систем, Цахим контентын системийг нэвтрүүлээд байгаа ажээ.
Системийн талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Боловсролын системийн статистикийг дөрвөн жилийн турш цуглуулсан. Боловсролын системийн чанар хүртээмжийг сайжруулъя гэвэл багшийг дэмжих, суралцагчдын сурлагын чанарыг дээшлүүлэх, эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Хөрш орнууд цаасан журнал хөтлөхөө больсон. Дэлхий нийт өнөөдөр дижитал боловсролын удирдлага, системд шилжиж байна. Цаасаа хэмнэх, багшийн ажлыг хөнгөвчлөх үүднээс энэ системийг хөгжүүлээд явбал ирэх хичээлийн жил эхлэхэд цахим журнал хөтлөх бэлтгэлээ хангаж байна. Боловсролын статистик мэдээллийг өнөөдөр олон нийт хэн нэгэн мэргэжилтэн, дарга, сайдыг хайлгүйгээр энэхүү системээс авах боломж нээгдэж байна. Боловсролын салбарын хөрөнгө оруулалт, барилга байгууламж, улсын шалгалт, Элсэлтийн ерөнхий шалгалт, сургалтын тэтгэлэг, тендерийн асуудал зэрэг бүх мэдээллийг энэхүү системээс харах боломжтой. Тиймээс боловсролын системийн мэдээлэл шилэн болно. Боловсролын мэдээллийн систем багш, сурагч, эцэг, эхчүүд, хэрэглэгчдэд ямар ач холбогдолтой вэ гэдгийг харуулсан энэхүү систем бол багш нартаа барьсан том бэлэг, ажил гэж үзэж байна. Азийн хөгжлийн банкны чамгүй санхүүжилтээр эдгээр мэдээлэл цуглуулсан. Тиймээс энэ системийг цаашид хөгжүүлээд явах нь бидний гол зорилго” гэлээ.
Боловсролын салбарт цахим системийг энэ жилээс эхлэн нэвтрүүлэхэд бэлэн болсон бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд орон даяар боловсролын удирдлага, бүртгэл, менежментийн цахим системд шилжих аж.