Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны А-407 тоот тушаалаар байгуулсан, Д.Батсүрэн ахлуулсан дэд ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсэг Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилт, хадлан тэжээл бэлтгэлийн явц, Замын-Үүд сумын нутагт байгуулж буй “Мал эмнэлэг, хорио цээр, мах экспортлох бүс”-ийн бүтээн байгуулалт, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ажил байдалтай танилцаж, мөн Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай" 218 дугаар тогтоол, Сайдын зөвлөмж, албан даалгаврын биелэлт, “Хадлан, тэжээл 2018” уралдааны болзлыг биелүүлж байгаа эсэх, мал, мах бэлтгэх ажилтай биечлэн танилцлаа.
Мөн түүнчлэн аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг хэрхэн бүрдүүлж байгаатай газар дээр нь танилцаж, сахилга, хариуцлагыг өндөржүүлэх тухай Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын хэрэгжилт, хийсэн ажлын тайланг сонсож, холбогдох зөвлөмж өгсөн юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ