Мехико хотын захын дүүрэгт амьдардаг Жуан Карлос эхнэр Патрисиагийн хамт хүний биеийг мөчлөн хүүхдийн тэргээр зөөж байгаад цагдаа нарт баригджээ. Мөрдөн шалгах ажиллагааны дагуу тэдний хоёр байшинд мөрдлөг явуулахад маш олон хүний биеийг мөчлөн эд эрхтнүүдийг нь хувинд хийж дээрээс цемент цутгаж, заримыг нь гялгар уутанд хийж хөлдөөгчинд хадгалсан байжээ. Гэмт хэрэгтнүүдийг байцаах явцад тэд 20 эмэгтэйг хөнөөснөө хүлээн зөвшөөрсөн байна. Мехико хотын прокурор Алехандро Гомезын мэдээлснээр цуврал алуурчин хосын эрэгтэй нь зарим хохирогчдыг хүчиндэж, эд эрхтнийг нь худалддаг байснаа хүлээсэн гэнэ. Эрэгтэй нь сэтгэцийн хувьд тогтворгүй нь тогтоогдсон бол эмэгтэй нь төрөлхийн болон олдмол сэтгэцийн эмгэгтэй юм байна. Гэвч прокурорын мэдээлснээр хосууд хэрэг хүлээх чадвартай гэнэ. НҮБ-ын Эмэгтэйчүүд байгууллагын мэдээгээр Мексик улсад өдөр бүр долоон эмэгтэй бусдын гарт амь үрэгддэг гэжээ. Өнгөрсөн онд тус улсад нийт 28702 хүн амины хэрэг гарсан байна.
Н.АМГАЛАНТУУЛ
Эх сурвалж: www.dailymail.co.uk