Их Британийн хөгжмийн салбарын алдартнуудын төлөөлөл тус улсын Ерөнхий сайд Тереза Мейд хандан ил захидал илгээж, Европын холбооноос гарах үйл явц болох Brexit /Брексит/-ийн эсрэг байгаагаа илэрхийлжээ. Захидлыг Ирландын хөгжимчин БобГелдоф бичиж, дуучин Эд Ширан, Рита Ора, Стинг, хөгжмийн зохиолч БрайанИно, “Pink Floyd” хамтлагийн бөмбөрчин НикМейсон, “Blur” хамтлагийн Дэймон Албарн нар нэгдэж гарын үсэг зурсан талаар kp.ru мэдээлжээ.
Захидалд Их Британи улс Европын холбооноос гарах нь тус улсын соёл урлагийн салбарт ихээхэн хохиролтой төдийгүй дуу хөгжмийн салбарын уран бүтээлчдийн карьерт сөргөөр нөлөөлнө гэдгийг дурдсан байна. Уран бүтээлчдийн тооцож гаргаснаар, Брексит нь Нэгдсэн Вант улсад жил бүр 5,8 тэрбум долларын алдагдал учруулах аж.
Их Британийн жүжигчид одоо дэлхийд болон Европт хамгийн эрэлттэй, үзэгчтэй болсон гэдгийг захидал бичигчид батлаж, “Бид дэлхийн зах зээл дээр тэргүүлж, манай хөгжмийн хамтлагууд, дуучид, хөгжимчид, продюсер, техникийн мэргэжилтнүүд зөвхөн Европ төдийгүй дэлхий даяар ажиллаж байна. Гэтэл одоо Брексит үүнд аюул учруулж байна” хэмээн онцолжээ.
Дашрамд дурдахад, Их Британийн Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон саяхан Брексит-ийн талаар өөр төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулсан талаар kp.ru мөн мэдээлж байсан. Тодруулбал, экс сайд Европын холбоо болон Канадыг хамарсан чөлөөт худалдааны гэрээ байгуулахыг санал болгож байсан билээ.
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ