Дуучин Тэйлор Свифт улс төрийн үзэл бодлоо цахим хуудаснаа илэрхийлснээс болж хамгийн том шүтэн бишрэгчээ өөрөөсөө түлхэв бололтой.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2016 онд 28 настай залуу дуучин Тэйлор Свифтийг “гайхалтай” хэмээн магтаж байсан юм. Мөн 2014 онд одоогийн тэргүүн хатагтай Мелания Трамп цахим хуудаснаа Тэйлор Свифтийн “Blank space” дууг гэр бүлээрээ сонсон машиндаа хөгжилдөж буй бичлэгээ тавьж байсан нь Дональд Трамп залуу дуучны шүтэн бишрэгч гэдгийг нотолсон билээ.
Харин өнгөрсөн Ням гаригт Тэйлор анх удаа улс төрийн үзэл бодлоо өөрийн 112 сая дагагчидтайгаа хуваалцсан нь Трампын сэтгэлд нийцсэнгүй.
Тэрбээр “Би өнгөрсөн хугацаанд улс төрийн үзэл бодлоо бусадтай хуваалцах дургүй байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд миний амьдралд болон дэлхий дахинд болж буй хэд хэдэн үйл явдлын улмаас миний бодол өөрчлөгдсөн. Арьс өнгө, нас хүйс, хэнийг хайрлахаас үл хамааран бүх америкчуудын төлөө зүтгэж чадах хүнийг би сонгох болно. Би ардчилсан намыг дэмжиж байгаа” хэмээн бичжээ. Өчигдөр /2018.10.08/ болсон хэвлэлийн хурлын үеэр Тэйлор Свифтийн бичсэн зүйлийн талаар ерөнхийлөгчөөс асуусан сэтгүүлчийн асуултад Дональд Трамп “Би уг нь Тэйлор Свифтийн дуунд их дуртай байсан. Харин одоо түүний дууг 25 хувиар бага сонсохоор боллоо” хэмээн хошигносон байна.
Н.АМГАЛАНТУУЛ
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ