Засгийн газар нийгмийн олон асуудлыг нэг дор шийдэх боломжтой
Манай улс зах зээлийн харилцаанд шилжсэн цагаас хойш Азийн хөгжлийн банк, дэлхийн банк тэргүүтэй олон улсын санхүүгийн донор байгууллагууд гараа сунгаж, харамгүй дэмжлэг үзүүлж ирсэн. АНУ болон Япон, БНСУ, Швейцар, БНХАУ зэрэг улс тэднээс дутахгүй хөнгөлөлттэй зээл, тусламж өгч, бид түүнийг нь авсаар байгаа. Тэдний өгсөн мөнгө төсөл, хөтөлбөр болон хэрэгжиж, эрчим хүч, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй гээд нийгмийн олон салбарт хүрдэг. Тэгвэл 2019 онд Сангийн яам гадаадын нийт зээл, тусламжийн 78 хувийг хөрөнгө оруулалтад зарцуулахаа саяхан мэдэгдсэн. Ирэх оны төсвийн төсөлд тусгаснаар 1.3 их наяд төгрөгтэй тэнцэх гадаадын зээл, тусламжийг манай улс ашиглахаар байгаа. Үүний гуравны нэг буюу 581 тэрбум төгрөгийг АХБ-наас авна. Гадаадын зээл, тусламжийн 21 хувийг байгаль орчныг хамгаалах, цэвэрлэх байгууламж барих, агаарын бохирдлыг бууруулахад төлөвлөсөн. Мөн эрчим хүч болон нефтийн үйлдвэрт үлдсэн тодорхой хэсгийг нь зарцуулахаар тооцоолжээ. Эдгээртэй ач холбогдлоороо гарцаагүй дүйцэх боловч санхүүжилт маш ихээр дутагдаж байгаа хөтөлбөр бол ипотек.
Агаарын бохирдлыг бууруулахад найман хувийн хүүтэй ипотек чухал үүрэг гүйцэтгэж, олон хүний амьдрах нөхцөлийг сайжруулсан. Уг зээлийн хөтөлбөр тогтвортой, тууштай хэрэгжээсэй гэсэн хүлээлт нийгэмд хэдийнэ үүсээд байна. Иргэдэд олгож байгаа ипотекийн санхүүжилт сар тутам хумигдаж, жил ирэх тусам танагдах болсон. Үүний шалтгаан нь санхүүжилтийн эх үүсвэрийн хомсдол. Засгийн газар болон Монголбанкны уг зээлд төсөвлөсөн мөнгөний хэмжээ агших хэрээр ипотекийн хүртээмж хэд дахин багасч байна. Тухайлбал, гурван жилийн өмнө буюу 2015 онд сард 1500 гаруй иргэний зээлийн хүсэлт шийдэгдэж, орон сууцны түлхүүрээ гардан авч байсан бол өнөөдөр дөнгөж 200 орчим иргэний зээл удаан хүлээсний эцэст нааштай хариу сонсож байна. Монголбанк энэ оны есдүгээр сард гэхэд ипотект зориулж 16 тэрбум төгрөгийн санхүүжилт банкуудад олгосноор 239 иргэн уг зээлд шинээр хамрагджээ. Тэгвэл 2016 оны арваннэгдүгээр сард банкууд 64.7 тэрбум төгрөгийг нийт 1072 иргэнд олгож байсан билээ.
Энэ үед эдийн засаг тийм ч таатай байсангүй. Төсвийн алдагдал, валютын ханшийн дарамт аль аль нь нүүрлэчихсэн байсан цаг. Хэдий тийм боловч ипотекийн зээлийн хүртээмж одоогийнхоос хавьгүй дээр байлаа. 2013 оноос хойш хэрэгжиж буй ипотекийн санхүүжилт ховордох тусам сар болгон энэхүү зээлд хамрагдах иргэдийн тоо буурч байгаа. Үүнийг дагаад агаар болон хөрсний бохирдол, ундны усны эрүүл ахуй, иргэдийн эрүүл мэнд ч хөндөгдөхөөс аргагүй болж байна. Засгийн газар эдгээрийг шийдэх гэж төсвийн хөрөнгөө их, багаар тарамдуулж ирсэн нь бий. Нийслэлд орон сууц худалдан авах хүсэлтэй өрхийн эрэлт, хэрэгцээ өндөр хэвээр байгаа. Үүнийг илтгэх судалгаа ч цөөнгүй. Гэвч ипотект төсөвлөх мөнгөний хэмжээ энэ онд 320 орчим тэрбум төгрөгөөс цааш хэтрээгүй. Үүнийг задалж харвал, Засгийн газраас гарах мөнгөний хэмжээ 120-хан тэрбум. Үлдсэн нь Монголбанкнаас зээлийн үндсэн төлөлтөөс гарч байгаа. Угтаа иргэдээ орон сууцжуулах нь Засгийн газрын үүрэг, хийх ёстой ажил нь. Зөвхөн үүнд нэр төдий оролцох бус, орон сууцны зах зээлд томоохон тоглогч байх цаг үе нь ирээд байна.
Гэтэл ирэх оны төсөвт гэхэд эдийн засгийн хүндрэлтэй байсан 2017 оныхтой ижил хэмжээний санхүүжилт тавьж өгсөн байгаа юм. Энэ нь 115 тэрбум төгрөг. Өөрөөр хэлбэл, 2019 онд ердөө 2000 иргэний орон сууцны зээлийг Засгийн газар шийдэхээр байна. АХБ болон Дэлхийн банк, ОУВС-гийн тооцооллоор ирэх онд ДНБ ойролцоогоор зургаан хувиар тэлэхээр байгаа. Сангийн яам ч өөдрөг төсөөллөөр улсын төсвөө зохиосон атлаа ипотекийн санхүүжилтээ энэ оныхоос таначихсан. Банкууд зээлийн шаардлага хангаж байгаа иргэдэд найман хувийн ипотекийн зээл олгох гэхээр санхүүжилт саад болж байна. Хэрэв Засгийн газар санхүүжилтээ нэмээд өгвөл илүү олон өрх байртай болох боломжтой. Монгол улсын насанд хүрсэн хүн ам дотор 25-29 насныхан хамгийн их хувийг эзэлж байгаагаас гадна 216 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Эндээс харахад, ирэх таван жилд орон сууцны эрэлт өсөх нь дамжиггүй. Улсын төсвийн өнөөгийн чадал чансаа хүрдэггүй юм бол гадаадын орнуудаас ирж байгаа хямд өртөгтэй зээлийн санхүүжилтийн тодорхой хэсгийг яагаад найман хувийн зээлд зарцуулж болохгүй гэж. Энэ бол иргэддээ зориулж буй хамгийн үр дүнтэй бодлогын дэмжлэг мөн. Эдийн засагч Л.Оюун “Ипотекийн зээлийн санхүүжилтийг аль болох тасралтгүй нэмэгдүүлэх хэрэгтэй.
Ингэснээр өнөөдөр нийслэлд болон аймгуудад тулгарч байгаа агаар болон хөрсний бохирдлыг нэг мөр шийдэж чадна. Иргэдээ орон сууцжуулахад найман хувийн зээл чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Олон хүн үр шимийг нь хүртэж байна. Засгийн газар уг зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлснээр маш олон зардлыг хэмнэх боломжтой. Гаднын орнуудаас манай улсад үзүүлж байгаа маш бага хүүтэй хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжаас ипотекийн зээлд нэмэрлэхэд буруудахгүй. Энэ бол иргэдийнхээ эрүүл мэнд, тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд зориулж байгаа хөрөнгө оруулалт” хэмээн өгүүлсэн юм. Тухайлбал, БНСУ-аас зээлэх 700 сая ам.доллараас 500 саяыг нь агаарын бохирдлын эсрэг зарцуулахаар Засгийн газар шийдчихээд байгаа. Гэр хорооллын яндангийн тоог цөөрүүлж, агаарын бохирдлыг бодитой бууруулахад хамгийн үр дүнтэй шийдэл бол ипотек гэдэг нь нэгэнт тодорхой болчихсон. Үүнийг сүүлийн таван жилийн тоон үзүүлэлтээс ч харж болох юм. ипотекийн зээлд 2013 оноос хойш өдийг хүртэл 90 гаруй мянган өрх хамрагдаж, зээлийн үлдэгдэл нь 4.3 их наядад хүрээд байна.
Ипотекийн санхүүжилт нэмэгдэх хэрээр орон сууцны борлуулалт сайжирч, царцсан төслүүд амилж эхэлнэ. Үүний цаана ажлын байр шинээр бий болж, барилгын салбар сэргэнэ. Урьдчилгаа 30 хувиа бүрдүүлсэн өрхийн амьдралд ч шинэ хуудас нээгдэнэ. Одоо утаагүй зуух, сайжруулсан түлш гэж цаг алдах хайран байна. АНУ-аас Монгол улсад олгож буй 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаас ипотекийн зээлд илүүчлэх л хэрэгтэй. Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний жилүүдэд орон сууцны борлуулалт хоёр дахин нэмэгдэж байсан. Харин санхүүжилт багасах хэрээр орон сууцны борлуулалт ч огцом буурсан байдаг. 2013-2016 онд нийт борлогдсон орон сууцны 60-аас дээш хувь нь ипотекийн зээлээр борлуулагдаж байсан бол 2017 онд тус үзүүлэлт 44 хувь болж буурсан. Энэ оны хагас жилийн байдлаар дээрх үзүүлэлт бүр 39 хувь руу орж ирлээ. Тэгвэл санхүүжилт ирэх онд дахиад хумигдвал барилга, түүнийг дагасан салбарууд ч доголдох эрсдэлтэй. Хамгийн гол нь, иргэдийн орон сууцтай болох итгэл үнэмшил алдарч, хөдөлмөрийн бүтээмж унах аюул ойрхон байна. Засгийн газар болон эрх баригч намын хувьд сонгуулийн өмнөх жил оноо цуглуулах, иргэдийн итгэлийг дахин олох боломж нь ипотек гэвэл дэгсдэхгүй болов уу.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ