"Монгол банканд валютын нөөц хангалттай бий"

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

"Монгол банканд валютын нөөц хангалттай бий"

"Монгол банканд валютын нөөц хангалттай бий"

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжив.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн гишүүн өргөн барьсан байна. Ингээд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хуулийн төслийн талаар Байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өгөв. Тэрбээр “Валютын зохицуулалтын тухай хуулийг 1994 оны тавдугаар сард батлагдаж байсан. Үүнээс хойш 24 жилийн хугацаанд 19 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Гэтэл өнөөдөр Монгол Улсын банк, санхүүгийн салбар өөр түвшинд хүрсэн. Үүнийг дагаад хуулийн зарим заалт бодит амьдралд нийцэхээ больж, өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Нөгөө талаас Валютын зохицуулалтын тухай хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль гээд хоёр хууль манайд үйлчилж байгаа. Тиймээс энэ хоёр хуулийн давхцалыг арилгах шаардлага бий” гэв.

Байнгын хорооны хуралдааны үеэр валютын ханш өндөр байгааг шүүмжилж, валютын хадгаламжаас татвар авах санал гарч байв. Ингээд гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-Ерөнхийлөгчөөс өргөн барьсан “Монголбанканд гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн төлбөр тооцоог байршуулах” гэсэн хуулийг хамтатган хэлэлцэж, энэ хуульдаа оруулж ирвэл ямар вэ? Гаднын хөрөнгө оруулагч нар арилжааны банканд итгэхгүй байгаа учраас энэ хууль орж ирсэн. Нэгэнт Валютын зохицуулалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм чинь Хөрөнгө оруулалтын банкны хуулиа хамтатган хэлэлцэх хэрэгтэй. Валютын гарах урсгал дээр хязгаар тогтооно гэнэ. Үүнийг хөрөнгө оруулагчид яаж харах вэ. Том хөрөнгө оруулагчдын эмзэглэж байгаа гол асуудал энэ.

Монгол банкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Таны гаргасан санал ажлын хэсгийн анхны төсөлд байсан. Гэвч Засгийн газар дээд хасъя гэсэн санал гараад хасагдсан.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Эдийн засаг, зах зээл, гадаад дотоод нөхцөл байдлаа харж хандаж байгаа. Ерөнхийлөгчийн нэмэлт өөрчлөлтөөр оруулж ирсэн хуулийн төслийг энэ хуулиар зохицуулж болно гэж үзэж байна. Гэхдээ Төв банк биш арилжааны банкин дээр гэж байгаа. Арилжааны банк бусдын нууцлалыг алдахгүй байх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Бат-эрдэнэ:

-Энэ хууль бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч талаасаа таатай нөхцөлийг бүрдүүлсэн хууль байх ёстой. Аливаа эдийн засагт төрийн зохицуулалт зайлшгүй байх ёстой. Валютын зохицуулалтын бодлого дотор төрийн зохицуулалт хэр орсон бэ?

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Монголбанкны эрх үүрэг, Санхүүгийн зохицуулалт хорооны эрх үүргийг тус тусад нь зааж өгсөн. Тиймээс нэлээн дэлгэрэнгүй зохицуулалттай болж байгаа. Валют орох гарах урсгал дээр тодорхой заалт байхгүй. Экспортын орлогыг яаж Монголдоо оруулах вэ гэдгийг анхаарч байгаа. Ханш гэдэг нь нэг төрлийн бүтээгдэхүүн. Бирж дээр тогтсон ханшаа бирж нь өөрөө зарлаад явчихна. Иргэд Монголбанк ханш зарладаг гэж ойлгодог. Монголбанк өөрөө ханш зарлаж байгаа боловч бирж болон биржийн гадуур тогтсон ханшийг мэдээлэл болгоод явж байгаа. Төгрөгөөр гүйлгээ хийх нь энэ хуульд бүлэг болгоод заагаад өгсөн. Валют солих цэгийн үйлчилгээг СЗХ хянадаг.

УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР:

-Валютын ханш өсч байгаа талаар статистик гарсан байна лээ. Монгол төгрөг ам.доллараас  480 орчим төгрөгөөр суларсан. Тэгэхээр бид үнэ цэнэгүй болоод байна. Ханш тогтвортой байна гэдэг үнэ цэнэтэй зүйл юм. Албан бус долларжилт маш хүчтэй явж байна. Энэ талаар та нарт ямар судалгаа байна вэ? 650 сая ам.долларын интервенц хийсэн гэнэ. Энэ яаж явж байна.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Сүүлийн нэг сарын хугацаанд 100 төгрөгийн өөрчлөлт гарсан. Оны эхнээс нийтдээ 5.6 хувиар Монгол төгрөгийн ханш сулраад байна. Манай гадаад худалдааны тэнцэл, төлбөрийн, урсгал тэнцлийг харахад эдийн засаг 2018 онд идэвхжиж байгаа. Тоног төхөөрөмж, үйлдвэрийн эргэлтийн хөрөнгө импортоор их орж ирж байна. Энэ онд импорт 3.8 тэрбум ам.долларт  хүрсэн. Импортын бүтцийг харахад 70-80 хувь нь үйлдвэрийн тоног төхөөрөмж, 20 хувь нь хэрэглээ байгаа. Импортын бүтцээр харвал эдийн засаг идэвхэжсэн байна гэж Монгол банк тодорхойлж байгаа. Эдийн засаг идэвхжиж, импорт өсөхөөр төгрөгийн ханш суларч байна. Монгол банк хангалттай  нөөц барьсан байгаа. Тиймээс  ханшийн савлагаа үүсгэхгүй гэж харж байна.

Ийнхүү гишүүд асуулт тавьж хариулт авсны дараагаар санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.

Т.НОМИН

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж