“25 нас хүрсэн иргэний гэрээслэлээр донор болгоно”

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

“25 нас хүрсэн иргэний гэрээслэлээр донор болгоно”

Монгол Улсын 25 нас хүрсэн иргэн амьд ахуйдаа зам тээврийн осол, цус харвалт зэргээр тархины үхэлд хүрвэл донор болгож болно

Монголд жилд 450-520 гаруй хүн зам тээврийн ослоор нас бардаг. Мөн жилд 2000 гаруй хүн даралт ихэссэнээс үүдэн бидний хэлж заншсанаар харваж нас бардаг байна.  Зам тээврийн осол, харвалт зэрэг шалтгаанаар тархины үхэл болж нас барж буй эдгээр хүнийг донор болгож тус бүр найман хүний амийг аврах боломжтой юм. Тархины үхэлтэй хүнийг донор болгохоор Донорын тухай хууль шинэчлэн батлагдсан. Хуулийн хэрэгжилт, тархины үхэлтэй донорын талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулуунаас тодрууллаа.


-Тархины үхэлтэй хүнийг хэрхэн донор болгодог вэ?

-Тархины үхэл гэдэг нь тархинд их хэмжээний цус харваснаас үүдэн тархины эд, эс сэргэхгүйгээр үхэжсэн, эсвэл тархи гэмтэл авч, эдгэшгүйгээр ажиллагаагүй болсон тохиолдолд зүрх үхжээгүй байх үед нь амьсгалыг зохиомлоор ажиллуулж донор болгодог.

-Донорын тухай хууль шинэчлэгдсэн. Онцлох шинэчлэлүүдээс дурдахгүй юу?

-Донорын тухай хууль 2000 онд батлагдсан. Хуулийг энэ 2018 оны нэгдүгээр сард шинэчилж, Монгол Улсын 25 нас хүрсэн иргэн амьд ахуйдаа зам тээврийн осол, цус харвалт зэргээр тархины үхэлд хүрвэл донор болгож болно хэмээн гэрээслэл үлдээсэн тохиолдолд донор болгож болохоор заасан. Одоогоор хуулийн журмыг хэлэлцэж, журам батлагдах шатандаа явж байна.

-Одоогоор тархины үхэлтэй хэдэн донороос эрхтэн шилжүүлэн суулгаад байна вэ?

-Бид 2006 оноос өнөөдрийг хүртэл тархины үхэлтэй зургаан донороос эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн байна. Эдгээр зургаан хүнээс 12 хүнд бөөр, нэг хүнд элэг шилжүүлэн суулгасан.

-Эндээс харахад 12 жилийн дотор тархины үхэлтэй зургаан хүн л донор болсон байна. Донорыг нэмэгдүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Бид тархины үхэлтэй донорыг хэрхэн оношлох, ямар менежменттэй ажиллаж бусад эд эрхтнийг авч үлдэх, тархины үхэлтэй донорыг ард иргэдэд хэрхэн таниулах тал дээр анхааран ажиллаж байна.

-Донор болохоор гэрээслэл үлдээсэн хүн Монголд ховор. Тархины үхэлтэй хүнийг донор болгоход ар гэрийнх нь шийдвэр чухал байх?

-Монголчуудын амьдралын хэв маяг илүү европжиж байна. Тиймээс 25 нас хүрсэн хүн донор болох гэрээслэл 18 нас болох ч магадлалтай. Хэдийгээр гэрээслэгч донор болохыг хүссэн ч ар гэрийнхэнд нь заавал мэдэгдэж, зөвшөөрөл авч байгаа. Хуульд үүнийг тусгасан.

Сонирхуулахад, тархины үхэлтэй хүнд нарийн шинжилгээ хийж, шаардлагад нийцсэн тохиолдолд донор болгодог бөгөөд элэг,бөөр, уушги зэрэг эрхтнийг шилжүүлэн суулгаснаар нэг донор найман хүний амийг аврах боломжтой ажээ. Түүнчлэн тархины үхэлтэй иргэнийг донор болгох нөхцөл боломжоор хангах чиглэлд анхаарч энэ жилээс эхлэн Эс, эд шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулагджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж