МЭХ бол ТББ-ын гишүүдэд биш, монгол эмэгтэй хүн бүрт үйлчилдэг байгууллага байх ёстой

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

МЭХ бол ТББ-ын гишүүдэд биш, монгол эмэгтэй хүн бүрт үйлчилдэг байгууллага байх ёстой

МЭХ бол ТББ-ын гишүүдэд биш, монгол эмэгтэй хүн бүрт үйлчилдэг байгууллага байх ёстой

94 жилийн түүхтэй Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийг сонгох ээлжит чуулган энэ сарын 12-нд болох гэж байна. Монголын хүн амын 50 гаруй хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийн тэргүүнийг сонгоно гэдэг утгаараа МЭХ-ны энэ удаагийн чуулганд эмэгтэй хүн бүр анхаарал хандуулж буй. Тэр тусмаа Ерөнхийлөгчид хэн нэр дэвших, ойрын хэдэн жилд Монголын эмэгтэйчүүд ямар бодлого, үзэл баримтлалтай байх нь энэ чуулганаас тодорхой болно. Одоогоор МЭХ-ны ерөнхийлөгчид олон хүн өрсөлдөхөөр яригдаж байна. Тэдний дундаас нэр дэвшихээ хамгийн түрүүнд зарлаж, эмэгтэйчүүдийн анхаарлын төвд орсон Батнасангийн Оюунгэрэлтэй ярилцлаа.


-Өөрийг тань манай хэвлэл мэдээллийн салбарынхан “Монголын сонины холбооны” Оюунгэрэл гэдгээр тань андахгүй. МЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарласан нь өнгөрсөн долоо хоногийн хувьд цахим ертөнцийнхний анхаарал татсан гол хүн байлаа. Миний хувьд өөрийг тань бараг 20-иод жилийн өмнөөс МСХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үеэс тань мэднэ. Яагаад МЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшихээр болов гэдгээс ярилцлагаа эхэлье гэж бодож байна. Энэ гэнэтийн шийдэл байв уу?

-Би 2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөөд 20 хэдхэн настайдаа Монголын сонины холбоо (МСХ)-ны гүйцэтгэх захирлаар томилогдож байлаа. Тэр үеэс л би хэвлэл мэдээллийн салбарт хөл тавьж сонин хэвлэлд юм бичиж нийтэлдэггүй ч тухайн үедээ жинхэнэ утгаараа дөрөв дэх засаглалын үүргийг гүйцэтгэж байсан 300 орчим чөлөөт хэвлэлийн эрх зүйн орчныг зөв бүрдүүлэх, сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг хүлээн авч байлаа.

Ажлын гараагаа анх ТББ-аас эхэлж байсан маань миний ажил амьдралыг хэвлэл мэдээллийн салбар, олон нийтийн байгууллагатай холбож өгсөн гэж би боддог. МСХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хэвлэл мэдээллийн байгууллагуудыг НӨАТ–аас чөлөөлүүлэх асуудлыг Засгийн газарт тавьж, амжилттай шийдвэрлэж байлаа. Мөн МСХ-г өөрийн гэсэн байртай болгож, Хэвлэлийн эрх чөлөөний болон Эрүүгийн зэрэг хуулиудын Ажлын хэсэгт орж ажилласан. Одоо “Мэдээллийн сайтуудын ассоциацийн” тэргүүн, “Сайны төлөөх өөрчлөлт” ТББ-ын тэргүүн, Улаанбаатар хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга, Хавдар судлалын үндэсний төвийн Олон нийт хариуцсан зөвлөх гээд л дандаа сайн дурын, олон нийтийн ажлыг сүүлийн 16 жилийн турш хийж ирсэн байна. Үүнийхээ зэрэгцээ “Айсоо Монгол” ХХК-ийг үүсгэн байгуулж “Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо ISO 37001” стандартыг боловсруулж, Монгол Улсын үндэсний стандарт болгон нутагшуулан ажиллаж байна. Энэ мэтчилэн олон нийтийн эрх ашгийн төлөө ТББ-тай хамтран олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан.

Миний хувьд МЭХ-г нэг л еглее бодож сэрээгvй ээ. Монголын эмэгтэйчүүдийн төлөө, эхчүүдийн төлөө юу хийж, яаж ажиллавал бүх эмэгтэйчүүдэд хүрсэн даацтай, далайцтай ажиллаж болох вэ гэдгийг удаан бодож тунгаасны эцэст гаргасан шийдвэр юм.

-Тэгэхээр МЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ өнөөдөр биш, өмнө нь шийдчихсэн байсан гэсэн үг үү. Өөрийг тань сая нэр дэвшихээ мэдэгдэхэд л МЭХ гэж байгууллага одоо хүртэл “амьд” байдгийг хүмүүс мэдэх шиг болсон?

-Магадгүй зарим нэг хүмүүс мартсан байх л даа. Уг нь энэ байгууллага чинь бүр бидний эмээ, ээжийн үеэс эхлэлтэй Монголын хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн байгууллага юм шүү дээ. Түүх яривал 1924 онд эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургах, нийтийн хурал цуглаанд идэвхтэй оролцуулах зорилгоор байгуулж, алдарт Дашдоржийн Нацагдоржийн эхнэр Пагмадулам гуай анхны ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан юм билээ. Түүнээс хойш үйл ажиллагааны бодлого, чиглэл нь нийгэм, улс төрийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагаас шалтгаалан шинэчлэгдсээр өнөөдрийг хүрсэн. Сүхбаатарын гэргий Нэмэндэйн Янжмаа, нийгмийн зүтгэлтэн, зохиолч Сономын Удвал, нийгмийн нэрт зүтгэлтэн Доржийн Мөнхөө гээд Монголын үе үеийн нийгмийн хөгжилд өөрийн гэсэн тод үүргээ гүйцэтгэж, түүхээ үлдээсэн эмэгтэйчүүдээр удирдуулсан байгууллага шүү дээ.

-Одоо ямар хүн МЭХ-г удирддаг юм бэ.

-Одоо 2000 оноос хойш Ж.Эрдэнэчимэг ерөнхийлөгч МЭХ-г удирдаж, өнөө зэрэгтэй авч ирсэн байдаг.

-ТББ гэдэг бол хувь хүнээс маш их нийгмийн идэвх, санаачилга, хүчин чармайлт бас их дайчин шаргуу байхыг шаарддаг. Хэн нэг хүнээс эсвэл, төсвөөс цалин авч ажилладаг хүний хувьд халширмаар л ажил. Гэтэл чи халширсангүй 20 жил ТББ-ын ажил хийсэн хүний хувьд их туршлага хуримтлуулсан байх. МЭХ-г ямар болгох гэж, юу хийж чадна гэж нэр дэвшиж байгаагаа нууц биш бол хуваалцахгүй юу?

– Нэгэнт нэр дэвшихээ зарласан болохоор одоо нууцлаад байх юм байхгүй ээ. Толгойнд бол маш олон л төлөвлөгөө, санаа эргэлдэж байгаа. Энэ бүх төлөвлөгөө, санаагаа гаргаж хэрэгжүүлэхийн тулд гол нь монгол эмэгтэй хүн бүрийг бие биенээ дэмждэг, хүндэлдэг, нэг туган дор нэгдээд өөрсдийнхөө төлөө ажиллаж чаддаг болгох эхлэлийг л зөв тавих хэрэгтэй. Эмэгтэйчvvд бидний жаргал, зовлон нэг л байдаг шүү дээ. Тиймээс харилцан нэгнээ дэмжиж, хvндэлж чадвал хийж чадахгvй зvйл, гаргахгvй амжилт гэж vгvй гэж боддог.

Миний бодлоор бидэнд бодлогын шинэчлэл хэрэгтэй байна. Бид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэйчүүдийн байгууллагаа Монгол эмэгтэй хvн бүрийн эрхээ хамгаалуулж, vзэл бодлоо илэрхийлдэг нээлттэй байгууллага болгохын төлөө хичээнгvйлэн ажиллах хэрэгтэй. Хамгийн гол нь сэтгэл гарган ажиллах естой.

-Нийгмийн идэвхтэй байх, олон нийтийн ажилд манлайлагч байна гэдэг бол хүн бүрийн ажлынхаа хажуугаар, хичээл номынхоо завсар зайгаар амжуулдаг ажил биш. Бүр сурагч байхаас нь л эхэлдэг ажил юм шиг санагдаг. Өөрийн тань хувьд 10 жилдээ ямар сурагч байв. Ер нь өөрийнхөө тухай танилцуулаач. Аав, ээж тань ямар хүмүүс байдаг гээд л…

-Миний аавыг Х.Батнасан,ээжийг маань Н.Жаргалсүрэн гэдэг. Аав, ээж маань Ховд аймагт төрж, өссөн. Насаараа нутагтаа ажиллаж, амьдарч байгаа. Би аав, ээжээсээ наймуулаа. Гурван эгч,хоёр ах, хоёр дүүтэй. Биднийг бага байхад манай гэрт айлчин, зочингүй өдөр гэж байгаагүй. Багаас маань аав, ээж минь биднийг олонтойгоо байх, олон түмэнд тусалж, чадах чинээгээрээ дэмжихийг сургаж хүмүүжүүлсэн. Тийм болохоор миний нийгмийн идэвхтэй, олон нийтийн дунд байдаг маань гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой байх аа. Миний ханийг Б.Эрдэнэзул гэдэг. Хань маань ч бас нийгмийн идэвхтэй болохоор миний ажлыг дэмжиж тусалдаг. Ховд аймгийн нэгдүгээр 10 жилийн сурагч байхаасаа л олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог сурагч байсныг манайхан мэднэ дээ.

-Хоёр хөөрхөн охины ээж, айл гэрийн эзэгтэй. Том охин нь их сургуульд оюутан болсон гэхээр өөрийг тань бас тийм залуу хүн биш гэдгийг уншигчид ойлгох байх.

-Эмэгтэй хүн насаа хэлдэггүй л гэдэг юм билээ. Гэхдээ миний хувьд насаа нуугаад байдаггүй. Би 40 настай. Зарим нэг хүнд 40 нас гэдэг залуу санагдаж магадгүй. Нэгэнт нас ярьсных 1920-иод оны боловсролтой, сэхээтэн эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон Пагмадулам гуай дөнгөж 20 гаруй насандаа эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургах зорилгоор Эмэгтэйчүүдийн байгууллагыг анх байгуулж, удирдаж байсан түүхтэй юм билээ. Сонирхуулбал, мөн нэрт зохиолч, нийгмийн зүтгэлтэн Сономын Удвал 28-хан насандаа энэ байгууллагыг удирдаж байсан бол одоогийн ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэг ч бас дөнгөж 30 гаруй насандаа нийслэлийн Эмэгтэйчүүдийн холбоог, 40 насандаа МЭХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдож байсан юм билээ. Тийм болохоор үе үеийн эмэгтэйчүүд ид хийж бүтээх 20-40 насандаа МЭХ-г удирдаж, тухайн цаг үедээ нийгмийн хамгийн чухал асуудлуудыг хөндөж, төр засгийн бодлогод нөлөөлж байсан. Тийм болохоор миний хувьд 40 нас гэдэг бол эмэгтэй хүний хувьд ажлын дадлага, туршлага нь жигдэрч, ид хийж бүтээх нас гэж бодож МЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшсэн.

Би одоогоор хоёр охинтой ч “Одонтой ээж” болох хүсэл сэтгэлд минь нууцхан байдаг. Мартын-8, эх үрсийн баяраар “Алдарт эхийн” одон авч байгаа сайхан ээжүүд, эмэгтэйчүүдийг хараад би үнэхээр бахархдаг, сэтгэл хөдөлдөг. Монголын бүх эмэгтэйчүүд өөрт ногдсон их ажлынхаа хажуугаар өөрийнхөө сайн сайхны төлөө бага ч гэсэн цаг гаргаж зарцуулдаг, хайртай хань, хүүхэд бүрийнхээ бахархал, үлгэр дуурайлал нь байгаасай гэж хүсдэг.

Монгол ээжийн тархиар дамжиж монгол хүүхэд гэр бүлийн хүмүүжил олдог. Тийм болохоор хамгийн том боловсрол бол гэр бүлийн хүмүүжил гэдгийг монгол ээж бүрийн оюун санаандаа суулгах нь эмэгтэйчүүдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын бас нэг үүрэг гэж боддог.

-Би ч гэсэн Монголын бүх эмэгтэйчүүдийг сэтгэлдээ үрчлээсгүй байгаасай гэж хүсдэг. Гэвч эмэгтэйчүүд бүхэнд тийм боломж бага л даа. Эмэгтэйчүүдийн тухай ярихад өрх толгойлсон, эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн талаар хөндөхгүй орхихын аргагүй юм. Тэдний хувьд сонгуулиас сонгуулийн хооронд улстөрчид нэг удаа гараа сунгахаас бусад үед дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу үе олон тохиолддог. Ийм эмэгтэйчүүдийнхээ төлөө л МЭХ илүү анхаармаар байгаа юм?

-Тийм ээ. Манай улсын хүн амын 51,7 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Монгол Улсад сүүлийн 17 жилийн турш гэр бүл салалт дөрөв дахин нэмэгдэж, хүчирхийлэл газар авч, хүний эрх алдагдаж, хүүхэд залуучууд хар тамхинд донтож, өрх толгойлсон эмэгтэйчүүд нэмэгдэж, нийгмийн өмнө тулгамдсан олон чухал асуудлууд орхигдсоор байна. Үүрийн жингээс үдшийн бүрий хүртэл борви, бохис хийлгүй ажилладаг 130 гаруй мянган малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг үнэлүүлэх, гэр бүлийн тогтворгүй байдал, хүчирхийлэл, хүний эрх, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол гээд олон чухал асуудлуудаар тэдний эрх ашгийг хамгаалдаг, төр засагт эрх ашиг, дуу хоолойг нь хүргэдэг, нээлттэй, ил тод, нийгэмд сайн сайхныг түгээж, саар бүхний эсрэг зогсож чаддаг байгууллага болгохыг зорьж ажиллана.

-Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагаа эрс нэмэгдсэн. Тэд улстөрждөг ч гэсэн МЭХ-ны орон зайг энэ хугацаанд бага ч гэсэн нөхөж байсан болов уу. Цаашид МЭХ идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн тохиолдолд эмэгтэйчүүдийн дунд нэгэнт үүссэн улс төржилтөөс хол байж чадах болов уу?

– МЭХ бол монгол эмэгтэй хүн бүрийн өмнө нээлттэй байгууллага байх ёстой. Монголын эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, тэдэн рүү хандсан үйл ажиллагаа явуулдаг олон холбоо, ТББ, клубүүд бий. Үүнийг би зөв гэж боддог. Цаашид ч олон болох хэрэгтэй. Монголын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад улстөржилт байх ёсгүй. Харин эмэгтэйчүүдийн нэрийг барьж, ашиг хонжоо харж, улс төрийн зорилгоор ашиглах үйлдэлтэй хэзээ ч эвлэрэхгүй. Эмэгтэй хүний асуудал бол нэг хүний асуудал биш. Нэг улсын ч асуудал биш. Нийт хүн төрөлхтний асуудал юм.

-Одоо МЭХ хэдэн гишүүнтэй вэ. Уг нь монгол эмэгтэй хүн бүхэн л энэ холбооны гишүүн баймаар юм. Гэтэл хүмүүс МЭХ одоо хүртэл “амьд” байсныг сая л мэдлээ шүү дээ?

– 1990 он хүртэл Монголын эмэгтэйчүүдийн хороо нэртэй байхдаа аймаг орон нутаг бүрт салбар зөвлөлтэй, бүх эмэгтэйчүүдэд хамаатай, төрийн бодлоготой, төсвөөс санхүүждэг байгууллага байсан. Тэгээд 2000 оноос дүрмэндээ өөрчлөлт оруулж эвлэлдэн нэгдсэн эмэгтэйчүүдийн байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн нийгэмд үйлчлэх ТББ болсон юм билээ. Танилцуулгаас нь харахад одоо бол 70 гаруй эмэгтэйчүүдийн байгууллага МЭХ-нд гишүүнчлэлтэй байсан.

– ТББ-ууд л гишүүнээр элсдэг гэсэн үг үү.

– Тийм.

– Аль нэг ТББ-ын гишүүн биш эмэгтэйд МЭХ хамаагүй гэсэн үг юм уу?

-Одоогийн дүрмээр бол бараг л тийм. Гэхдээ үүнийг энэ чуулганаар хэлэлцүүлж монгол эмэгтэй хүн бүр гишүүн нь байдаг байгууллага болгох хэрэгтэй байна. Тийм боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллана аа.

-Дээхнэ үед салбар салбарын шилдэг эмэгтэйчүүдийн багаар МЭХ-ны удирдах бүрэлдэхүүнийг сонгодог байлаа. Одоо ч бас энэ хэвээрээ байгаа байх. Гэвч МЭХ-ны үйл ажиллагаа, сурталчилгаа хангалтгүйгээс ч юмуу хүмүүст мартагджээ гэж ойлгож байна…

-Тийм байх. МЭХ-ны Удирдах зөвлөлд өнөөдрийг хүртэл үе үеийн шилдэг, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэйчүүд ажиллаж байгаа. Тэдний туршлага, мэдлэг, чадварыг ашиглахгүйгээр МЭХ ээлжит чуулганаараа бүхнийг шинэчлээд л шинээр эхэлнэ гэж байхгүй л дээ. Харин таны хэлсэнчлэн үйл ажиллагаа, сурталчилгаа хангалтгүй байсан бол үүндээ дүгнэлт хийж Монгол орны өнцөг булан бүрт байгаа эмэгтэйчүүд, тэртусмаа малчин эмэгтэй бүрийн гэрт хүрсэн үйл ажиллагаа явуулахын төлөө л ажиллахыг хүсч байна.

– Зургаахан жилийн дараа 100 жилийн ойгоо тэмдэглэх МЭХ-г энэ унтаа байдлаас нь хуу татан босгож ирээд монгол эмэгтэй хүн бүрт хүрч чадах холбоо болгох таны зорилго биелэхийг хүсэн ерөөе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж