Олон улсын валютын сангаас /ОУВС/ АНУ болон Хятад улсуудын хооронд болж буй худалдааны маргаан нь дэлхийг улам ядуу, аюултай болгож байна хэмээн олон улсын эдийн засгийн талаар дүгнэлтдээ дурджээ. Хоёр улсын хооронд болж буй маргаан жижиг, дунд бизнес эрхлэгчдээс эхлээд олон улсын хэмжээний томоохон компаниудын үйл ажиллагаанд нөлөөлж байгаа нь ирэх жилүүдэд дэлхийн эдийн засаг сэргэнэ гэсэн таамаглалыг үгүй хийж магадгүй байна гэв. Өнгөрсөн сард АНУ Хятадын импортын 200 тэрбум ам.доллартай тэнцэхүйц бараанд татвар ногдуулахаар болсон. Саяхан Хятад улс АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хий зэрэг 60 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахаар болсноо зарласан.
АНУ-ын Ерөнхийлөгч твиттэртээ “Хятад улс АНУ-ын ирэх ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдож байна. Хэрвээ Хятад улс манай улсын хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг онилох юм бол бид ч бас түүний эсрэг маш том эдийн засгийн арга хэмжээг авах болно” хэмээн бичжээ.
Олон улсын валютын сан/ОУВС/-гаас 2018-2019 онд дэлхийн эдийн засаг 3,9 хувиар өснө гэж тооцоолж байсан бол АНУ, Хятадын худалдааны маргааны дараагаар энэ тоо 3,7 болж буурсан байна. ОУВС-гийн ахлах эдийн засагч Маурист Обстфелт “Дэлхийн томоохон удирдагчид дэлхийн ядуурлыг бууруулж амьжиргааны түвшинг дээшүүлэх, боловсролын чанарыг сайжруулах, тэгш бус байдлыг арилгах зэрэг асуудал дээр хамтарч ажиллахгүй бол дэлхий ядуу, аюултай хэвээр байх болно. Үүнээс илүү дордож ч болзошгүй” хэмээн хэлжээ.
Н.АМГАЛАНТУУЛ
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ