Т.Доржханд: Төсвийг 76 тойрогт хуваадгаа болих хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

Т.Доржханд: Төсвийг 76 тойрогт хуваадгаа болих хэрэгтэй

Т.Доржханд: Төсвийг 76 тойрогт хуваадгаа болих хэрэгтэй

УИХ-ын чуулганаар 2019 оны төсөв хэлэлцэж буй. Үүнтэй холбоотойгоор эдийн засагч Т.Доржхандтай ярилцлаа.


-Намрын чуулганы хамгийн хамгийн эхний хэлэлцэх чухал асуудал 2019 оны төсөв. Сангийн сайд эдийн засагчид, экспертүүдэд төсвөө танилцуулсан байсан. Энэ жилийн төсвийг том зургаар нь харвал өмнөх жилийн төслөөс дээрдсэн үү?

-Эдийн засгийн үзүүлэлтүүд ямар байгааг харах ёстой. Тухайлбал, үр дүнгийн үзүүлэлт, төсвийн алдагдалтай, орлого, зарлагын өсөлт хэд байгаа, өрийн асуудал хэрхэн тусгагдсан, төсвийн сахилга бат хангагдсан эсэх зэргийг харах хэрэгтэй. Юуны түрүүнд төсвийн сахилга бат, төсвийн тодотгол хийх үү, төсвөө сайн төсөвлөсөн эсэхээс хамаарна. Тодотгол хийх тусам төсвийн чанар муудаж, зарлага өсдөг, сахилга бат алдагддаг. Мөн Монгол Улс нэгдсэн нэг төсвөөр бус олон төсвөөр явж байгаа эсэх. Өөрөөр хэлбэл, Монголбанк, Хөгжлийн банк, Сангийн яамны бүртгэл тооцоо нэгдсэн бүртгэл тооцоотой явж байгаа эсэх гээд том хүрээнд нь харж байна. Ямар ч гэсэн төсвүүдийг бүгдийг нь нэгтгэж, нэг данс руу оруулсан байна. Өнөөдрийг хүртэл төсвийн тодотгол хийсэнгүй, энэ бол сайн үзүүлэлт.

Төсвийн алдагдал 2017 онд 9,5 хувь байсан бол 2018 онд найман хувь, 2019 оны төсөөллөөр 5,4 хувь хүртэл бууруулахаар төсөөлсөн нь эерэг үзүүлэлт юм. 2019 онд орлого 9,7 их наяд төгрөг, ДНБ-ний 27,4 хувь, зарлага 11,6 их наяд төгрөг ДНБ-ний 35,8 хувь, алдагдал -1,9 их наяд төгрөг буюу 5,3 хувь байхаар тооцсон төсвийг УИХ-д өргөн барьсан байна. Ямар ч гэсэн хандлага нь зөв байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгагдсан тусгай шаардлагад 2019 оны төсвийн алдагдал 6,9 хувиас доош байх ёстой гэсэн зарчимдаа байна. Мөн Засгийн газрын өр ирэх жил ДНБ-ний 55,3 хувиар тооцсон. Төсвийн тусгай шаардлагад 75,5 хувиас доош байх ёстой гэсэн хязгаар дотроо байгаа юм. Тэгэхээр үзүүлэлтийн хувьд болж байна.

Засгийн газрын өр сүүлийн нэг жилийн хугацаанд эрчимтэй буурч, төсөвт дарамт учруулж байсан бол төсвийн орлого сайн байсан учраас нэмж, өр зээл тавиагүй байгаа юм. Үүний үр дүнд төрд орж цалин, тэтгэвэр өгдөг байсан бол хувийн сектор луу орж, үр ашигтай систем рүү орсон нь чамгүй үзүүлэлт байна. Түүнээс гадна татварын багц хуулийн үр дүнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хэд хэдэн чухал заалтууд орсон, татварын хувийг бууруулсан нь суурь сайжрах нэг дохио. Мөн хуульд татварын баазыг нэмэгдүүлэх, гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг татварын бодлого зөв тийшээ чиглэж байна гэж харж байна. Энэ жил төсвийн орлого талдаа татварын орлогын төлөвлөгөөний биелэлт бүрэн шийдэгдсэн, ирэх жилийн төсөөллөө ч гэсэн өндөр тавьсан байна. Татвар, гаалийн байгууллага өндөр төлөвлөгөөгөө шахаж ажиллаж чадвал төлөвлөсөн орлого биелэх давуу талтай.  Гэхдээ орлогыг хэт өндөр төлөвлөж, зарлагаа тэр хэмжээгээр нэмэгдүүлж, зарлагаа нөхөж чадахгүйд хүрэхээрээ алдагдлаа гадна, дотноос зээлэх эрсдэл байдаг. Энэ удаагийн төсвийн хувьд Сангийн сайдын бидэнд өгсөн мэдээлэл, татварын бааз нэмэгдүүлэх, гадаад, дотоод орчин таатай, экспортыг дэмжих зорилгоор дэд бүтцийн асуудлыг шийднэ гэж байгаа нь боломжтой юм байна гэж харж байна.

-Жил жилийн төсөв алдагдалтай батлагддаг. Энэ нь орлогыг бодитой тооцоогүйтэй холбоотой гэж эдийн засагчид дүгнэдэг. Энэ жил орлогыг хэр бодитой төсөөлсөн байна вэ?

-Татварын төлөвлөлтөөс нь харахад орлогын албан татварын өсөлт 2018 онтой харьцуулахад 16 хувь, Хүн амын орлогын албан татвар 7,8 хувь, дотоодын нэмэгдсэн өртгийн албан татвар 18 хувь, архи, тамхины онцгой албан татварын хувь 35 хувь, импортын гаалийн татвар 40 хувь, ашигт малтмалын нөөцийн төлбөр 57 хувь гэх мэт дандаа өсөлттэй байна. Бизнес идэвхжиж байгаа тохиолдолд ийм өсөлт байж болно. Гол нь экспортын бүтээгдэхүүнүүдийг хэрхэн тооцсон, нүүрс 42 сая тонн, зэсийн баяжмал 1,4 сая тонн, Монголбанкинд тушаах алтны хэмжээ 21 мянган тонн, коксжих нүүрсний үнийг нэмэгдүүлж тооцсон нь өөдрөг төсөөлөл байна. Үнэхээр урд хөрштэйгөө Засгийн газрын түвшинд яриа хэлэлцээр, ойлголцлоо тодорхой түвшинд баталгаажуулаад, үнээ барих бодлого барих, Тавантолгойгоо явуулж, дэд бүтцийн асуудлаа шийднэ гэдэг сигналаа гадагшаа өгч чадвал энэ бол боломжгүй төсөөлөл биш юм. Төсөөллөө өөдрөгөөр харж, шахаж ажиллах нэг хувилбар байдаг. Нөгөө талаар төлөвлөгөөгөө доош дарж, бодит байдал нь зөрж гардаг хоёр хувилбар байдаг. Уул уурхайн бүтээгдэхүүн ойрын хоёр жилд өөдрөг, тогтвортой байх боломжтой. Гэхдээ гадны зах зээл дээрх хэлбэлзлээс шалтгаалах зүйл олон байдаг учраас шууд дүгнээд хэлэх боломжгүй.

Орлогыг өөдрөгөөс төсөөлсний хэрээр зарлага  нэмэгдүүлсэн байна. Хөрөнгө оруулалтын зардал өмнөх жилтэй харьцуулахад хоёр дахин өссөн байна. Хөрөнгө оруулалтын зардлыг тэлнэ гэдэг нь зөв ч санхүүжилт авч байгаа төслүүд  хэр зэрэг үр ашигтай байх эсэх нь хамгийн чухал. Гэтэл сонгуулийн тогтолцоо өөр, 76 гишүүд нь үр ашиггүйгээр төсөв татдагаас болоод хөрөнгө оруулалт дээр Африкийн орнуудын дараа ордог. Тэгэхээр төсөв боож, үр ашигтай төсөлд л хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ Сангийн сайд хэлж байсан. Энэ Засгийн газрыг харах л үлдэж байна. Гэхдээ төсвөө боловсруулаад УИХ-д оруулаад ирэхээр 76 гишүүн 180 градус эргүүлчихдгээ л болих хэрэгтэй. Үүнийг өөрчлөх хамгийн чухал зүйл бол маш яаралтай Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Сонгуулийн тухай хуульд дураараа хөдөлгөөн оруулаад байдаггүй, 76 тийшээ татдаг зүйлийг болиулах хэрэгтэй.

Анх удаа баялгийн санд мөнгө сууж, 53 тэрбум төгрөгийг ирээдүйн өв санд төвлөрүүлж чадлаа шүү дээ. Энэ бол эдийн засаг, төсвийн сахилга баттай байгаа үед мөчлөгийг сөрж явуулж байгаа санхүүгийн бодлого. Урсгал зардал дээрээ мөнгө тавьж, гишүүдийн тойрог руу мөнгө чирсэн байдал цаашаа үргэлжлээд байвал хэчнээн ч сайхан төсөв Сангийн яам оруулаад нэмэргүй. Тэгэхээр процессын хувьд зохицуулалт хийх шаардлага байна.

-Төсвийг 76 тийш нь хуваарилах гэж оролдох үйлдэл одоо ч үргэлжилж байна. Сангийн яамны оруулж ирсэн төсвийн өнгийг нь хувиргах гээд гишүүдийн шүүмжлэл ч үргэлжилсээр байх шиг байна?

-Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад Сонгуулийн тухай хуулиа засч, пропорционал элементтэй болох хэрэгтэй. Дэлхийн хөгжсөн, хөгжиж буй орнууд ч ийм байгаа. Бид байгалийн баялагтай орон, энэ баялгаа үндэсний хөгжилд нэгдсэн бодлоготойгоор зарцуулах нь манай улсын үндсэн бодлого. Гэтэл цөөхөн гэр бүл асуудлаа шийддэг, баялаг ихтэй орон нутаг хөгждөг гээд тэгш бус байдал өснө. Тиймээс өсөн нэмэгдэх татвар бол маш зөв зарчим. Өнөөдөр асар их лицензтэй, ашиг олчихсон уул уурхайн компани, маш их архи үйлдвэрлээд ашиг олчихсон компани 10 хувь төлж байхад дэргэд нь гурван ажилтантай, өдрийн 12 цаг ажиллаж бага орлого олдог жижиг компанитай адил 10 хувь төлж байгаа нь шударга бус. Тэр агуулгаараа орлого өндөртэй нь өндөр татвар төлдөг, бага орлоготой нь бага татвар төлнө гэдэг нь зөв систем. Энэ хуулийн бодлогыг бид дэмжээд явах ёстой юм. Ингэж байж бид төсвөөрөө дамжуулж, тэгш байдлыг бий болгоно. Цаашид бид төсөв, мөнгөний бодлого хоёроо уялдуулахгүй бол бид ханшийн асуудлаас гарахгүй нь. Тиймээс бодлогоо уялдуулж, ажлаа хийдэг баймаар байна. Сангийн яам төсвөө нэр төртэйгөөр хамгаалаад гарах хэрэгтэй байна. Олон улсын болон мэргэжлийн байгууллагын оруулж ирсэн төсвийг мэргэжлийн бус УИХ авч хэлэлцээд, өөрчлөөд байдаггүй. Төсөв ярихын хажуугаар эдийн засгийн цаашдын чиг хандлага, Монголбанкны бодлогын баримт бичгийг цаг хугацааны хувьд уялдуулаад явах нь илүү үр ашигтай.

-Бид эдийн засгаа зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн дээр суурилж, төлөвлөж ирсэн. Дэлхийн зах зээлээс хамаарч савлагаа үүсэхэд бид дагаж савлаж, төлөвлөгөөгөө биелүүлэхгүйд ч хүрдэг. Засгийн газар нь гурван тулгуурт бодлого хэрэгжүүлнэ гэж хоёр жил ярилаа. Уул уурхайгаас өөр хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарууд хөгжүүлэх, дэд бүтцийг нь нэмэгдүүлж, орлогоо төлөвлөдөг болох зүйл харагдаж байна уу?

-Тухайн салбарыг хөгжүүлэхийн тулд хувийн секторууд хэрэгжүүлж, төр бодлогоо тодорхой болгох ёстой. Хувийн секторын санхүүжүүлж чадахгүй байгаа тэр хэсгийг төр санхүүжүүлж, дэд бүтэц зэргийг төр хөрөнгө оруулалтаар хийх ёстой. Гэтэл Монголын хөрөнгө оруулалтын таван төгрөгийн нэг төгрөг нь л хөрөнгө оруулалтад зарцуулагдаж байна. Бодлогоор аялал жуулчлалын хөгжүүлэхийн тулд зөвхөн энэ салбарт хөрөнгө оруулалт хийхийн оронд 76 тийш нь татчихаар яаж ажил хийх вэ. Бодит байдал дээр болохгүй байгаа зүйл нь систем. 76 тойргоос гарч ирсэн хүмүүс тойрог руугаа л хөрөнгө татахаас аялал жуулчлалын чиглэлд хөрөнгө оруулалт хийхгүй. Энэ асуудлаас болоод бид хөгжихгүй байна. Ийм систем байхгүй бол орлогоо нэгдсэн журмаар олж, түүнийгээ зөв хөрөнгө оруулалт руу хийж, үр дүнд нь бий болсон баялгийг тэгш хувиарлаад явах юм бол бидний хүсээд байгаа нийгэм маш богино хугацаанд бий болох боломжтой.

-Эдийн засагчид гишүүдэд зөвлөмж хүргүүлсэн байсан. Энэ ямар зөвлөмж байсан юм бэ?

-Монголын эдийн засгийн клуб гэх аль нэг намын харьяалалтай биш экспертүүд цуглаж, тодорхой асуудлаар зөвшилцөж дүгнэлтээ өгдөг платформ бий. Сангийн сайдын танилцуулга хийсний дараа бид хуралдаад, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдэд таван зүйлийн зөвлөмж хүргүүлсэн. Нэгд, төсвийн сахилга батыг бэхжүүлэх, төсвийн тогтвортой байдлыг  хангах хүрээнд төсвийн алдагдлыг таван хувиас хэтрүүлэх байя, Засгийн газрын өрийн түвшин 2019 онд ДНБ-ний 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар шахаж төлөвлөе. Харин дунд хугацаандаа төсвийг тэг баланстайгаар, алдагдалгүйгээр төсөөлдөг байя, Засгийн газрын өрийг ДНБ-ний 30 хувь хүртэл бууруулах, хадгалах хэрэгтэй байна.

Хоёрт,  эдийн засгийг тэлэх, хөрөнгө оруулалтыг орчныг сайжруулах чиглэлээр татварын  системийн өөрчлөлтийг эрчимжүүлж,  аль болох тогтвортой орлогын суурьтай болох хэрэгтэй байна. Гадаад худалдааны таатай орчин, экспортын орлогын өсөлттэй байгаа үедээ баялгийн санд буюу ирээдүйн өв санд илүү их орлогыг төвлөрүүлэх  хэрэгтэй. Зөвхөн орлогын тэгш бус байдал бус үе хоорондын тэнцвэртэй байдлыг хангадаг.

Гуравт, орлогын өсөлттэй уялдуулан зардлыг өсгөхгүйгээр шаардлагатай зардлуудыг тэвчих  хэрэгтэй байна. Ялангуяа УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр 76 тойрогт үр ашиггүй хөрөнгө оруулалтыг таслан зогсоож, Засгийн газраас өргөн барьсан төсөв дээр 10 хүртэл хувь дотор өөрчлөлт оруулдаг, оруулж ирсэн түвшинд нь хадгалъя. Дөрөвт, Засгийн газрын тусгай сангууд, тухайлбал, ЖДҮ, Тариалан эрхлэлтийг дэмжих сан зэрэг үр ашиг муутай, тодорхой эрх мэдэлтний цохолтоор шийдэгддэг, хөнгөлөлттэй зээл, татаасыг шууд таслан зогсоох хэрэгтэй. Хувийн секторт шилжүүлж, зах зээлийн зарчимд нь шилжүүлэх хэрэгтэй. Тавт, цаашид төсвийг боловсруулах шатандаа мэргэжилтнүүдийн саналыг тусгах, боловсруулсны дараа биш. Мөн мэргэжлийн төрийн бус байгууллагуудаар төсвийн талаарх мэдлэг олгодог байх зарчим баримтлах хэрэгтэй. Төр бүх зүйлийг өөрсдөө хийх бус, олон нийтийн оролцоог хангаж хийх хэрэгтэй. Төсөв бол ард түмний татварын мөнгө учраас иргэдийн оролцоо маш чухал юм. Ийм зөвлөмжийг хүргүүлсэн. Одоо бид УИХ-ын гишүүдийг ажиглаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж