Өдгөө 64 настай Мэн Хонвэй нь 2004 онд интерполын Хятад дах салбарын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2016 оны 11 сард Интерполын ерөнхийлөгчөөр дөрвөн жилийн хугацаатай томилогдсон. Тэрбээр интерполын ерөнхийлөгчөөр томилогдсон анхны Хятад хүн юм. 2018 оны дөрвөн сард Хятадын коммунист намын төв хорооны гишүүнээс нэрээ татсан. Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэд сайдаар ажиллаж байсан Мэн Хонвэй нь Хууль сахиулах, хилийн хяналт, мансууруулах бодис терроризмтой тэмцэх ажлын 40 жилийн туршлагатай нэгэн.
ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН НЬ
Интерполын ерөнхийлөгч Мэн Хонвэй нь 2016 онд тус албан тушаалд томилогдсоноос хойш интерполын төв байрладаг Францын Лион хотод амьдарч байв.
Түүний эхнэр Грэйс Мэн аравдугаар сарын 5-нд Франц улсын цагдаагийн байгууллагад ханджээ. Тухайн үед нөхөр нь сураг тасраад 10 хонож байсан аж. Есдүгээр сарын 25-нд гэргийнх нь хувийн шуудан руу хутганы зургийг “Миний дуудлагыг хүлээж байгаарай” гэсэн шуудангийн хамт илгээсэн нь түүнд ямар нэгэн зүйл тохиолдсон байж болзошгүй гэсэн сэжиг төрүүлж, цагдаад мэдэгджээ.
Франц дахь интерполын төвөөс Хятад улс руу түүний талаар ямар нэгэн мэдээлэл өгөхийг хүссэн ч Хятадын тал мэдэгдэл хийлгүй байсаар аравдугаар сарын 7-нд түүнийг авлигын хэргээр баривчлан шалгаж буй тухайгаа зарласан байна. 2012 онд одоогийн дарга Ши Жиньпин Хятадын засгийн газрыг удирдах болсноос хойш авлигын эсрэг хатуу бодлого барьж, авлигын хэргээр Хятадын нэр хүндтэй томоохон эрхмүүд ар араасаа ял сонсож байгаа. Ер нь Хятадад энэ төрлийн хэрэгт холбогдсон хүмүүс гэнэт сураггүй алга болдог нь түгээмэл үзэгдэл болсон гэж хэлж болно. Хамгийн сүүлд өнгөрсөн долдугаар сард Хятадын хамгийн алдартай эмэгтэй жүжигчин гэнэт алга болсон тухай мэдээлж байсан. Тэрбээр мөн л авлига, их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр баривчлагдан, ял сонсохоор болсон.
ИНТЕРПОЛЫН БАЙР СУУРЬ ЯМАР БАЙВ?
Ням гаригт интерпол албан ёсны твиттэр хуудсаараа дамжуулан хийсэн мэдэгдэлдээ Мэн Хонвэйн огцрох өргөдлийг хүлээн авч журмын дагуу дэд ерөнхийлөгч өмнөд Солонгосын Ким Ён Яныг интерполын ерөнхийлөгчөөр түр томилохоор болж байгаагаа мэдэгджээ. Ирэх сард Арабын Нэгдсэн Эмират хотноо болох интерполын ерөнхий чуулган дээр шинэ ерөнхийлөгчийг сонгох юм. Бямба гаригт интерполын зүгээс Мэн Хонвэйн хэргийн талаар тодорхой мэдээлэл авахыг хүсэж байгаа тухайгаа Хятадын талд уламжилсан байна.
ХЯТАД УЛСЫН НЭР ХҮНДЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ?
Мэн Хонвэй хоёр жилийн өмнө интерполын ерөнхийлөгчөөр сонгогдохдоо нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Хятад улсын хуулийн шударга ёсыг гадаадад сурталчлан таниулна” хэмээн хэлж байжээ. Гэвч ийнхүү өөрөө авлигын хэргээр баривчлагдаад байгаа нь эх орных нь нэр хүндэд сайнаар нөлөөлөхгүй нь ойлгомжтой. НҮБ, ОУВС, Дэлхийн банк, ЮНЕСКО зэрэг олон улсын томоохон байгууллагуудын өндөр албан тушаалд Хятад гаралтай хүмүүс олон байдаг. Харин энэ хэргээс үүдэн Хятадын албан тушаалтнуудыг олон улсын байгууллагын өндөр албан тушаалд томилохоос зайлсхийх хандлага бий болж байна. Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд “Энэ бол маш зөв зүйл болж байна. Ши Жиньпиний авлигын эсрэг үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байгааг харуулж байна” хэмээн хэлжээ.
Холбоотой мэдээ