Сүүлийн хэдэн өдрүүдэд ам.долларын ханш чангарч, 2568 төгрөгтэй тэнцсэн бол өнгөрөгч амралтын өдрүүдэд шатахууны үнэ өслөө. Тухайлбал, АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 50-100 төгрөгөөр, АИ-95 бензиний үнэ 100-250 төгрөгөөр нэмэгдээд байна. Энэ асуудлаар Ашигт малтмал газрын тосны газраас мэдээлэл хийж байна.
АМГТГ-ын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай учир дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть" компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлж ирсэн. Мөн манай шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам.доллараар төлбөр төлж худалдаа хийдэг тул ам долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлт ч шатахууны үнэд нөлөөлж байна.
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть” компани хэрхэн хувирахаас хамаарч шатахууны үнэ нэмэгдэж ирсэн. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөн нь ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжүүлсэнтэй шууд холбоотой. Мөн АНУ болон Сирийн улс төрийн хурцадмал байдлаас болж газрын тосны үнэ 2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрчээ. Энэ өсөлттэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компани 2018 оны аравдугаар сард шатахууны хилийн үнийг тонн тутамд 45-85 ам.доллараар "нэмсэн" гэв. Ингэснээр АИ92 бензин 766 ам.доллар, дизелийн түлш 758 ам.долларын үнэтэй болжээ. Өөрөөр хэлбэл энэ үнээр манай улсад шатахуун нийлүүлэгдэж буй гэсэн үг. Түүнчлэн ам.долларын үнийн өсөлтөөс үүдэж, өдөр тутмын хэрэглээ болсон шатахууны үнэ нэмэгджээ.
Дашрамд дурдахад, аравдугаар сарын 2-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А80 автобензин 98, АИ92 бензин 34, дизель түлш 33, ТС1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байна.
АМГТГ-с шатахууны үнийн талаар мэдээлэл хийж байна
Posted by News.mn on Monday, October 8, 2018