Өнгөрсөн долоо хоногт Москвад “ОХУ-ын эрчим хүчний долоо хоног” олон улсын чуулган болж өндөрлөлөө. Тус чуулганд 70 улсын төлөөлөгчид тэрдундаа 30 улсын эрчим хүчний сайд, томоохон компани, дэлхийн шинжээчид гээд нийтдээ 10 мянган хүн оролцжээ.
Чуулганд оролцогчдын ярианы гол сэдэв нь газрын тосны үнэ байлаа. Өнөөдрийн байдлаар Brent маркийн газрын тос 2014 оны арваннэгдүгээр сараас хойш анх удаа нэг баррель нь 85 ам.доллараас дээш худалдаалагдаж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус чуулганы үеэр хэлсэн үгэндээ газрын тосны үнийн өсөлтөд зах зээлийн хүчин зүйлсээс гадна геополитикийн хүчин зүйл нөлөөлж байгаа гэв. Үүнээс гадна, тэрбээр тус салбарыг тогтвортой хөгжилд хүргэхийн тулд зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн балансыг бэхжүүлэхээр ОПЕК-тай хамтран ажиллаж байна гэжээ.
"Зах зээл одоогоор тогтвортой байна. Газрын тосны үнэ өсч байгаа нь бидний үйл ажиллагаанаас хамаарах зүйл биш. Энэ бол өнөөгийн нөхцөл байдлын үр дүн. Тодруулбал, Ираны талаар гаргаж буй Вашингтоны хууль бус шийдвэр нь дэлхийн эдийн засагт хохиролтой байна. Мөн Хойд Африкт улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор олборлолт багассан. Мөн Венесуэл олборлолтоо багасгасан нь тус тус холбоотой" гэж Владимир Путин хэлэв.
Сануулахад, наймдугаар сар АНУ Иранд хориг тавьж эхэлсэн. Энэ нь үнэт металлын үнэд нөлөөлсөн ба тус улсын автомашины салбарт ихээр нөлөөлжээ. Үүний зэрэгцээ, ирэх арваннэгдүгээр сарын 05-нд дахин хориг арга хэмжээ авах гэж байна. Энэ нь тус улсын эрчим хүчний салбарыг хамраад зогсохгүй Ираны төв банктай холбоотой ажиллагаа болно. Үр дүнд нь газрын тосны дэлхийн зах зээл өдөрт хоёр сая баррель түүхийн эдээ алдаж болзошгүй ажээ.
Вашингтон Ираны эсрэг баримталж буй бодлого, Венесуэль дэх нөхцөл байдлаас ажиглахад шинжээчид газрын тосны дэлхийн зах зээлийн үнэ аравдугаар сард нэг баррель нь 90 ам.долларт хүрнэ. Үүнээс гадна, түүхий эдийн шинжээчдийн хэлж буйгаар, 2018 оны төгсгөлд нэг баррель газрын тосны үнэ 100 ам.долларт хүрэх магадлалтай гэв.
Сонирхолтой нь, АНУ Ираны түүхий эдийг худалдан авахаас татгалзаад зогсохгүй бусад улс орнуудыг ч үүндээ уриалж байгаа билээ. Үүнээс гадна, чуулганд оролцогчид Европын холбоо АНУ-ын хоригийн эсрэг бодлого баримталж, Тегерантай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа гэв. ОХУ ч гэсэн мөн адил байр суурьтай байгаа тухай ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Ираны эсрэг тавьж буй хоригийн үр дүнд газрын тосны дэлхийн зах зээл алдагдал хүлээх төлөвтэй байна. Иймээс ОПЕК-ийн улс орнууд өөрсдийн олборлолтоо нэмэгдүүлэх замаар алдагдлыг нөхөхөөр төлөвлөж байгаа ажээ. Энэ мэтчилэн газрын тос экспортлогч улс орнууд нүүрс-устөрөгчийн дэлхийн эрэлтийг бүхэлд нь хангахаар зорьж байна. Тухайлбал, Саудын Арабд газрын тосны үйлдвэрлэл өнөөдөр өдөртөө 10.7 сая баррелийн түвшинд хүрэхэд ойртчихсон байна. Харин арваннэгдүгээр сард тус улс энэ үзүүлэлтээ нэмэгдүүлэхээр төлөвлөв. Энэ тухай тус улсын эрчим хүчний сайд Халед аль-Фалех хэлэлцүүлгийн явцад мэдэгдлээ.
Тэгвэл ОХУ-д Эрчим хүчний яамны мэдээллээр, газрын тосны олборлолтын хэмжээ есдүгээр сарын дүн мэдээгээр өдөрт 11.35 сая баррель болж байна. Путин энэ үзүүлэлтийг өдөрт 200-300 мянган баррель түүхий эдээр нэмэгдүүлнэ гэсэн юм.
Чуулганы үеэр ОПЕК-ийн "World Oil Outlook 2018" тайланг танилцууллаа. Энэ жилийн тайлан 2040 он хүртэлх урт хугацааны болон дунд хугацаанд газрын тосны дэлхийн үнэлгээ ямар байх талаар мэдээлжээ.
Тайланг гаргасан судлаачид газрын тосны дэлхийн зах зээлийн ирээдүйг эергээр харж байгааг дурдав. Ирэх 22 жилийн туршид газрын тос дэлхийн эрчим хүч – дулааны салбарт томоохон байр суурь эзэлсэн хэвээр байна. Энэ нь тээврийн салбар болон нефть- химийн үйлдвэрлэлийн өндөр эрэлттэй холбоотой.
2040 он гэхэд газрын тос болон байгалийн хийн хувь хэмжээ өмнө шигээ эрчим хүчний бүхий л эс үүсвэрийн нийт хэмжээний 50 хувийг эзэлнэ гэсэн хүлээлт байна. Энэ үед газрын тосны дэлхийн эрэлт өдөрт 14.5 сая баррель болж өсч, хоногт 111.7 сая баррельд хүрэх таамаг байна. Үүний зэрэгцээ, дунд хугацаанд 2023 онд гэхэд энэ үзүүлэлт 104.5 сая хүрэх төлөвтэй байна.
ОПЕК-ийн таамаглаж буйгаар, 2017-2040 он хүртэлх хугацаанд эрчим хүчний түүхий эдийн эрэлт эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын орнуудад мэдэгдэхүйцээр /өдөрт 8.7 сая баррель/ буурна гэв. Гэхдээ хөгжиж буй улс орнуудад эрэлт маш эрчимтэй / хоногт 22.2 сая баррель/ нэмэгдэнэ. Энэ эрэлтийн дийлэнхийг БНХАУ болон Энэтхэг бүрдүүлнэ гэжээ.