Б.Батзориг: Тодорхой бэрхшээл байгаа ч арга хэмжээг авч байна

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

Б.Батзориг: Тодорхой бэрхшээл байгаа ч арга хэмжээг авч байна

Б.Батзориг: Тодорхой бэрхшээл байгаа ч арга хэмжээг авч байна

Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир болон бусад албаны хүмүүс газар тариалангийн бүс нутаг болох Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад өчигдрөөс /2018.10.08/ ажиллаж эхэллээ.

Eрөнхий сайд Төв аймгийн Сүмбэр суман дахь "Өгөөж Сүмбэр" ХХК-ийн үр тарианы ургац хураалтын талбайд ажиллаж, тариаланчидтай уулзав. Сүмбэр сум энэ жил 7453 га-д тариалалт хийснээс 4655 га-д улаан буудай, 1000 га-д гурвалжин будаа, 308 га-д төмс, хүнсний ногоо тариалжээ. Одоогийн байдлаар үр тарианы 20 хувь, төмс, хүнсний ногооны 100 хувийг хураагаад байгаа талаар сумын удирдлагууд танилцуулав.

"Өгөөж Сүмбэр" ХХК-ийн тухайд социализмын үeд тус суманд тариалалт эрхэлж байсан Октъябрын сангийн аж ахуйн үргэлжлэл аж. 1990-ээд оноос сангийн аж ахуй гурав хуваагдан хувьчлагдах үeэс "Өгөөж Сүмбэр" нэрээр үйл ажиллагаа явуулж буй.

Нийт 1200 га-д үр тариа, 1000 га-д гурвалжин будаа тарьсан ч цаг агаарын нөхцлөөс шалтгаалж ихээхэн хүндрэл туулж, тариалалт хийсэн байна.  Цас их орсноос налсан тариаг иш өргөгч бүхий комбайнаар хураан авч байгаа ч хугацаа хойшлох, зардал нэмэгдэх эрсдэлтэй байгааг тариаланчид хэлж байв. Гэсэн ч энэ жилийн хувьд га-аас авах ургацын хэмжээ өмнөх жилийн дунджаас харьцангуй дээгүүр байгааг тариаланчид хэлж байна.

Өнгөрсөн жил улсын хэмжээнд ургац алдаж, 200 гаруй мянган тонн үр тариа импортоор авч дотоодын хэрэгцээгээ ханган хүндхэн нөхцлийг даван туулсан. Тэгвэл энэ жил Монгол Улсын хэмжээнд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад экспортод үр тариагаа гаргах том зорилт дэвшүүлэн 500 гаруй мянган тонн үр тариа хурааж авахаар төлөвлөн тариалалт хийсэн. Хэдий цаг агаарын давтагдашгүй хүчин зүйл нөлөөлж, хоёр ч удаагийн цаснаас үр тариа тодорхой хэмжээнд дарагдаж, налсан ч тариаланчдын зөв зохион байгуулалттай ажиллагаа, Ургацын комиссын шуурхай ажиллагааны дүнд гарз хохирол харьцангуй бага тусч байна. Ургацын урьдчилсан балансаар 450 мянган тонн үр тариа, үүнээс 425 мянган тонн улаан буудай хурааж авахаар тооцож буй бөгөөд ингэснээр дотоодын хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой гэдгийг салбарын сайд нь баталж байв. Учир нь манай улсын улаан буудайн дотоодын хэрэгцээ 320 гаруй мянган тонн байдаг ба илүү гарсан улаан буудайгаа экспортод гаргах боломж бидэнд бүрдэх аж. Төмс нийт 151 мянган тонн хураан авсан нь дотоодын хэрэгцээг 100 хувь хангах юм. Цаашдаа жилийн дөрвөн улиралд хадгалан, төмс хүнсний ногоогоо борлуулах зоорь бүхий худалдааны цэгийг хангалттай тоогоор байгуулахаар ТЭЗҮ боловсруулж байгааг салбарын сайд газар тариалангийн бүс нутагт ажиллах үеэрээ салбарын сайд мэдээллээ. Цаашид Польшийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр тодорхой санхүүжилтийг шийдэж, Дархан, Сэлэнгэ, Улаанбаатарт төмс хүнсний ногоо борлуулах зоорь  бүхий худалдааны цэгийг байгуулах юм.

Цаг агаарын хүнд нөхцөл тариаланчдыг сорьж байгаа ч Засгийн газраас Газар тариалангийн бүс нутгийг тогтоон зарласан нь цаашдын салбарын хөгжилд ихээхэн түлхэж, хүндрэлийг даван туулах урам зориг болж байгааг тариаланчид Eрөнхий сайдад онцолж байлаа. Тариалангийн бүс нутгийг долоон аймгийн 66 сумын 113 багийг хамруулан тогтоосноор тариалангийн талбайг хашаажуулах ажил эхэлж, энэ онд 4.1 тэрбум орчим төгрөгөөр 450 км хашаа татахаар болсон. Энэ нь тариалангийн талбайгаа малын хөлөөс хамгаалж, цаашлаад хашаалсан талбайгаа ойжуулж, хөрсөө хамгаалах үндэс болж байгаа юм.

Мөн салбар яамнаас бодлогоор тариаланчдад үрийн болон шатахууны хөнгөлөлт олгосон нь ихээхэн нэмэр болсныг тариаланчид мөн хэлж байв. Ургац алдаж, эргэлтийн хөрөнгөгүй болж, үндсэндээ үйл ажиллагаагаа бүрэн зогсоогоод байсан компаниуд 10 хувийн урьдчилгаагаар үр, 50 хувийн хөнгөлөлттэй үнээр шатахуунаа авсан нь дахин тариалалтаа эхлүүлж, хөл дээрээ босох боломжийг тариаланчдад олгосон гэлээ.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын "Түмэн бут" ХХК-ийн захирал Х.Даваахүү

1000 гаруй га талбайн үр тариагаа 8, 9 хоногт хураах техникийн хүчин чадал, боломжтой байсан ч цас, борооны давтамж их байгаагаас үр тариагаа хатааж, хураах шаардлага үүсч хойшлогдож байгааг хэлж байв. Мөн тэрбээр сүүлийн хэдэн жил үр тариа худалдан авах үнэ өөрчлөгдөөгүй, гэхдээ үүнийг нэмэгдүүлэхгүйгээр гаднаас импортоор үр тариа авах квотыг тариалалт дуустал хязгаарлахыг хүсч байв. Ингэснээр дотоодын тариаланчдаас үйлдвэрүүд нөөцөө бүрдүүлэх боломжтой болно гэж байлаа. Мөн болц удааширснаас шалтгаалж дутуу болсон буюу ногоон буудайг тэжээлийн нөөцөд авах боломжийг судлахыг салбарын удирдлагуудад уламжилж байв.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг

“Өмнөх жил улс үр тариагаа алдаж, энэ жил тариалалт хийх үү үгүй юу гэсэн нөхцөл үүссэн байсан. Гэхдээ бид Тариалангийн бүс нутгийг зарлаж, үр, шатахуун, техникийн дэмжлэг үзүүлсэн, тариаланчдын маань урам зориг сэргэсний үр дүнд 497 мянган га талбайд үр тариа тариалсан. Тариаланчид ч хичээж, байгаль хангай ч харж үзлээ. Үр тариагаа ч бид хангалттай хураагаад авна. Тодорхой бэрхшээл байгаа ч бид тухай бүрт нь болох бүр арга хэмжээг авч шийдвэрлэнэ. Сая тавьсан хүсэлтийг бид яаманд судалж үзэж байгаа. Гэхдээ хамгийн эхэнд бид нийт иргэдээ дотоодын улаан буудайгаар хангах зорилгоо барьж ажиллана. Гурилын үнэ хөдлөх ёсгүй. Тийм учраас зохицуулалтыг яам Тариалан эрхлэлтийг дэмжих сангаараа "ТЭДС" хийж болно. Тариаланчдаас ТЭДС-нд авах үр тарианы үнийг нэмэгдүүлж 600 мянган төгрөгт хүргэх боломжтой. Энэ нь тариаланчдаас ТЭДС-нд төлөх өрөөс суутган тооцох учир гурилын үнэд огт нөлөөлөхгүй. Одоо байгаль цаг уурын хүндрэл дахин гарахгүй бол 14 хоногтоо багтаад тариа хураалтаа дуусгаж чадна” хэмээлээ.

“Тариаланчдад зээлээр өгсөн буудайгаа буцааж авахдаа нэгдүгээр ангиллыг 600 мянга, хоёрдугаар ангиллыг 580 мянга, гуравдугаар ангиллыг 560 мянга, дөрөвдүгээр ангиллыг 520 мянган төгрөгөөр тооцож авч байгаа. Худалдан авалтаа 560 мянгаар хийж байна. Өр авлагатаа тооцож авч байгаа учир гурилын үнэ өсөх нөхцөл үүсэхгүй” хэмээн ТЭДС-ийн захирал Б.Үнэнбат хэллээ. Тус сангаас энэ онд 20 гаруй тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм. Eрөнхий сайдын томилолт маргааш Сэлэнгэ аймгийн Eрөө, Хүдэр сумдад үргэлжилж, ургац хураалт, хадлангийн ажилтай танилцахаар төлөвлөөд байна.

Эх сурвалж: Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж