Сонгогдсоноосоо хойш Владивосток руу гүйдэлтэй болсон Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалаар яригддаг “ганц чухал сэдэв” нь Монголын нүүрсийг Оросын Алс Дорнодын боомтоор дамжуулан далайн цаадах цангасан зах зээлд зарах тухай.
Нийтдээ 4500 километр газрыг туулж, далайн боомтод нүүрсээ аваачиж зарахад бидэнд тарифын хөнгөлөлт үзүүлэхээ ч оросууд амлаж, аль болох боломжоо найр тавин олгохоор болсон. Үүнд нь манай монголчууд бөөн баяр аа.
Махаа экспортлох олон жилийн монголчуудын хүсэлтийг үл ойшоож ирсэн оросууд далайн цаана нүүрсээ гаргах бидний мөрөөдлийг гүйцээхээр өнгөрсөн зургадугаар сард ОХУ-ын Тээврийн сайд И.Дитрих Монголд ирж төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай хоёр улсын хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав.
Энэхүү үйл явдал Улаанбаатарт өрнөснөөс хойш гурван сарын Монгол Улсын Ерөнхийлөгч дахин “Дорнын эдийн засгийн чуулга уулзалт"-д оролцоод ирсэн бөгөөд ганзагандаа бас 100 тэрбум рубльтэй шүү.
Оросын “өндөр шаардлагаар” өгч буй 100 тэрбум рублийг авахын тулд “Тарифын зохицуулалттай холбоотой зарим зүйлийг тодорхой болгочихвол зээлийг нааштай шийдэх боломжтой” гэдгээ ч Ерөнхийлөгч онцолжээ. Энэхүү асуудлыг Засгийн газар удахгүй УИХ-д барих гэнэ. Тэр үед “тарифын зохицуулалттай холбоотой зарим зүйл” нь тодорхой ч болох биз.
ОХУ-ын нутгаар дамжих Монголын төмөр замын тээвэрлэлтэд 25 жилийн турш тарифын хөнгөлөлт үзүүлэх, ингэхдээ нүүрсний тээвэрт 66.4 хувь, чингэлэгт 52 хувийн хөнгөлөлт эдлүүлэхээр гэрээлжээ. Мэдээж, оросуудын энэ найрсаг, өгөөмөр зангийн ард чухам ямар бодлого нуугдаж байгаа нь сонирхол татаж буй.
Яагаад Монгол Улсын экспортлогчдод далайд саадгүй гарах нөхцөлийг хойд хөрш бүрдүүлэхээр ийнхүү улайрах болов гэдгээс эхлээд сонирхох юм бол шүү дээ. Монголын хувьд нүүрсээ урд хөршөөр дамжуулан гуравдагч оронд гаргах нь илүү ашигтай, эдийн засгийн тооцооллын хувьд. Бүр энгийн хар ухаанаар тооцсон 4500 км нүүрсээ зөөх, 267 км тээвэрлэх хоёрын хооронд асар их зөрүү ялгаа бий.
Дэлхийн нүүрсний хэрэглээний 50 гаруй хувь нь Хятадад оногддог гэвэл энэ том зах зээлд хамгийн ойрхон оршдог азтай бас азгүй орон бол Монгол. Ердөө 267 километр төмөр зам тавихад Тавантолгойн нүүрс үнэд хүрч, цаашлаад Хятадын Шинхуан төмөр замын сүлжээг ашиглаж чадвал Тяньжины боомтоор гуравдагч зах зээлд гарах бүрэн боломжтой. Даанч, Монголын эрх ашгийг хэрэвзээ манай улстөрчид нэгдүгээрт эрэмбэлдэг байсан бол шүү дээ.
Бидний энэ давуу тал өнөөдөр хамгийн сул тал болж хувирсан төдийгүй өрсөлдөгчид үүн дээр геополитик хийж байна. Ялангуяа, бидэнд гуравдагч зах зээлд нүүрсээ зарахад өгөөмөр дэмжлэг үзүүлэхээ амлаж буй Орос.
2011 онд Хятадад экспортолсон нүүрснийхээ хэмжээгээр Орос Монголын ард бичигдэж байв. Харин энэ онд тус улс 190 сая тонн нүүрс экспортод гаргаснаараа Австрали, Индонезийн дараа гуравдугаарт оржээ. В.Путин ирэх онд 200 сая тонн нүүрс экспортлох зорилго тавьж, Оросын компаниуд нүүрсний экспортоо нэмэгдүүлэхийн тулд төлөвлөгөөгөө “Оросын төмөр зам”-ын (РЖД) зорилттой уялдуулахыг ч үүрэг болгосон байдаг. Харин Монгол Улсын хувьд 2019 онд 42 сая тонн нүүрс экспортод гаргаж, 1.3 тэрбумыг олно гэж Ч.Хүрэлбаатар сайд ирэх оны улсын төсөвт суулгаж өгсөн бөгөөд Тавантолгойн 30 хувийг олон улсын зах зээлд арилжаалж олсон мөнгөөрөө, авто зам, төмөр зам тавина гэсэн замын зураглалтайгаа сууж буй.
Оросууд төмөр замын тарифын хөнгөлөлтийг Монголд ханатал нь өгөхөөр болсон хийгээд нөхцөл шаардлага бүхий "дэмжлэг"-ийн хариуд Монголоос юу хүсч байгаа вэ. Чухам эндээс л оросуудын залийг хөөж, олсны үзүүрт ямар үхэр байгааг олоход төвөгтэй биш. Тувагийн нүүрсэнд тарифын хөнгөлөлт үзүүлэх асуудал уу, аль эсвэл?
Тувагийн Тавантолгой болох “Элегест” нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Хятад руу экспортод гаргах бодлогыг ОХУ-ын Засгийн газар хэдэн жилийн өмнө баталсан. Үүний хүрээнд тус ордын нүүрсийг Монголоор дамжуулан тээвэрлэх асуудлыг оросууд эртнээс судалж эхэлсэн байдаг. Төмөр замын урт нь 1810 км . Элчин сайд асан Л.Хангайн гурван жилийн өмнө бичиж байснаар бол Кызылээс Монголын хил хүртэл 310 км, Монголын хилээс Улаангом хүртэл 130 км, Улаангомоос Ховд хүртэл 240 км, Ховдоос Булган хүртэл 430 км, Булганаас Өрөмч хүртэл 700 км гээд нийтдээ 800 киломерт газар транзит хийх замын зураглалаа хүртал оросууд гаргаж. Үүний тулд тэд “Хийн хоолойг Монголоор дамжуулна” гэж биднийг хөөрхөн хошгируулахад хүргэсэн ч байж мэдэхээр.
“Элегест” нүүрсний ордоос жилдээ 30 орчим сая тонн нүүрс Хятад руу экспортолно гэвэл энэ нь Монголын урагшаа гаргадаг жилийн нүүрсний хэмжээ. Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд Оросын хөнгөлөлттэй зээлийг дагалдаж ирж байгаа тэрхүү том шаардлага нь хувь эзэмшиж буй Улаанбаатар төмөр замаар дамжуулж, Тувагийн нүүрсийг Хятадын зах зээлд хүргэх асуудал байх магадлал асар өндөр. Мэдээж, Тувагийн нүүрсийг Монголоороо дамжуулж, транзист тээврээс ашиг олох нь Монголын нүүрсийг 4500 км тээвэрлэж, далайн цаана зарахаас арай үнэмшилтэй сонсогдож болох л доо. Гэвч Хятадын зах зээлд өрсөлдөгчийнхөө нүүрсийг хямдралтай тарифаар хүргэх нь Монголын нүүрсний үнийг унагаахгүй гэсэн баталгаа байна уу. Олон улсын зах зээлд гаргахаар болсон Тавантолгойн IPO-д сөргөөр нөлөөлөхгүй гэдгийг манай улстөрчид яаж тооцсон юм бэ.
Товчхондоо, биднийг 4500 киломерт Тавантолгойн нүүрсээ зөөгөөд явж байх хойгуур оросууд Монголоор дамжуулан Хятад руу “Элегест"-ын нүүрсийг зарах гэнэ. Хүний хүүхдийн санаа чоно оо чоно гэж.
Холбоотой мэдээ