Өнөөдөр /2018.10.08/ Монгол Улсын Их Сургууль болон Хавдар судлалын үндэсний төв хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ. Тус үйл ажиллагаанд МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, МУИС-ийн профессор Ж.Батхүү, доктор О.Одгэрэл, ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн, дэд захирал Г.Баярсайхан нарын төлөөлөл оролцов.
МУИС, Хавдар судлалын үндэсний төвийн судлаачдын зүгээс санаачлага гарган, дотоод нөөц бололцоогоо дайчлан Монгол хүнээс ялган авсан хавдрын эс, олон эмэнд тэсвэртэй өвчин үүсгэгч дээр мөн өөрийн орны ургамал, микроорганизмын хандны үзүүлэх нөлөөг хамтран судлах ажлыг эхлүүлж, анхан шатны зарим эерэг үр дүн гарсныг өнөөдөр танилцуулсан юм.
МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ ” Монголын хүн амын дундах нас баралтын шалтгааны 37 хувийг зүрх, судасны өвчин, 21 хувийг хавдар эзэлж байна. Монгол орон байгаль, цаг уурын хатуу ширүүн нөхцөлтэй ч түүндээ дасан зохицсон өвөрмөц онцлог бүхий ургамал, микроорганизмын нөөц, уламжлалт нүүдлийн мал аж ахуй, амьдралын хэв загвартай билээ. Манай нийгмийн өмнө тулгарч буй асуудлыг өөр хэн ч биш, Монголчууд бид өөрсдөө л шийднэ. Өнөөдөр бидэнд дотоодын хамтын ажиллагаа, хийж бүтээе гэсэн хичээл зүтгэл, хүсэл эрмэлзэл, байхгүйг нэхэх биш, нөөц бололцоогоо үр ашигтай зарцуулах нь юу юунаас чухал байна” гээд хоёр байгууллагын судлаачдын хамтын ажиллагаа улам өргөжиж, илүү үр дүнд хүрч, хавдраас урьдчилан сэргийлэх, хавдрын оношилгоо, эмчилгээнд хэрэглэгдэх импортыг орлох, мэдлэг, өртөг шингэсэн, Монгол хүний онцлогт тохирсон эм, бэлдмэл, цомог зэрэг эх орны түүхий эд ашигласан бүтээгдэхүүн бий болж хэрэглээнд нэвтэрнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн хоёр байгууллагын хамтын ажиллагааны гэрээ нь олон талын чухал ач холбогдолтойг тэмдэглээд “Хавдрын эсрэг хамтдаа” сэдэвт 2 нэрийн өглөгийн буюу нэмэгдэл үнэтэй маркийн дээжийг МУИС-ийн удирдлагуудад бэлэглэв.
Эх сурвалж: МУИС