Улирлын өмнө: Вашингтон Капиталс баг

Хуучирсан мэдээ: 2018.10.08-нд нийтлэгдсэн

Улирлын өмнө: Вашингтон Капиталс баг

Улирлын өмнө: Вашингтон Капиталс баг

Энэ цаг үеийн ҮХЛ-н нүүр царай болсон А.Овечкин бүтэн 13 жил зүтгэсний эцэст өнгөрсөн улирал анх удаагаа стэнлийн цомыг хүртсэн. Вашингтон Капиталс баг болон фанатуудынх нь хувьд гайхалтай улирал байв. Гэхдээ энэ ялалт тийм амар ирээгүй. Учир нь Вашингтон Капиталс плэй-оффт шалгараад “уламжлал” ёсоор ривал Питтсбург Пингвинс багтай 2-р шатанд шалгарсан. Питтсбург Пингвис багийг плэй-оффт буулгаж авна гэдэг маш хүнд даваа, дээр нь дасгалжуулагч Б.Троц дасгалжуулагчаар ажиллах хугацаандаа плэй-оффын 2-р шатыг давж үзээгүй гэсэн үзүүлэлт дагалдаж байсан. Дасгалжуулагч Б.Троц Нэшвилл Предаторс багийг удирдаж байхдаа 7 удаа плэй-оффт шалгарахдаа 2-р шатнаас тэмцээнээ өндөрлүүлж байсан. Түүний энэ үзүүлэлт Вашингтонд ирсэн эхний 3 улиралдаа ч мөн үргэлжилсэн бөгөөд гурвууланд нь Питтсбург Пингвинс багт хожигдсон. Иймд плэй-оффын 2-р шатанд Питтсбург Пингвинс багтай таарахад улирал дууслаа гэж бодсон хоккей сонирхогчид нэлээдгүй байсан болов уу? Гэвч Вашингтон Капиталс баг аваргыг давж аварга болох замаа зассан. Вашингтон Капиталс өнгөрсөн улиралд 100 оноо авч өмнөх 2 улиралд үзүүлсэн амжилт бага зэрэг буурсан ч гол зорилгоо биелүүлж чадсан.

  • Багаас явсан тоглогчид: хаалгач Ф.Грубауэр Колорадо Эвеланш руу, Ж.Бигл Ванкувер Кэнайкс руу
  • Багт ирсэн тоглогчид: Н.Доуд Ванкувер Кэнайксаас, Д.Яшкин Сент-Луис Блюсээс

Энэ зун хаалгач Ф.Грубауэр болон хамгаалагч Б.Орпик нарыг Колорадо Эвеланш руу худалдсан ч ахмад хамгаалагч Б.Орпик буцаад багтаа ирсэн. Үүнээс өөр наймаа хийгээгүй бөгөөд чөлөөт агентаас ганц нэгэн тоглогч авсан. Багаас 10 жил тоглосон төвийн тоглогч Ж.Биглийн гэрээг чөлөөлж Ванкувер Кэнайкс руу явуулж тус багаас чөлөөт агент болоод байсан Ж.Мена хэмээх төвийн тоглогчийг авчирсан. Нийслэлийн баг өөр онцгойрох солилцоог хийгээгүй. Харин Ж.Карлсоны гэрээг дахин 8 жилээр шинэчилж 64 сая ам.долларын гэрээ, Т.Уилсонтой 6 жилийн 31 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан бол өнгөрсөн улирлын дундуур ирсэн хамгаалагч М.Кемпниг дахин 4 улирал үлдээхээр болсон байна. Гэрээгээ шинэчилсэн М.Кемпни бэртэлтэй байгаа бөгөөд улирлын эхний тоглолтуудад оролцохгүй.

ТААМАГЛАЖ БУЙ ГАРААНЫ БҮРЭЛДЭХҮҮН:

I лайн:

А.Овечкин – Е.Кузнецов – Б.Коннолли

Д.Орлов – М.Нисканен

II лайн:

Я.Врана – Н.Бекстрём – Тей.Жи.Оши

К.Диус – Ж.Карлсон

III лайн:

А.Бураковски – Л.Эллер – Ч.Стефенсон

Б.Орпик – М.Буони

Энэ улиралд аваргууд шинэ дасгалжуулагчтай эхлүүлж байна. Стэнлийн цомыг хүртсний дараа дасгалжуулагч Б.Троц ажлаа өгч түүний оронд 47 настай Америк дасгалжуулагч Т.Риден ирсэн. Шинэ дасгалжуулагч Т.Риден 2009-2010 оны улиралд Питтсбург Пингвинс багийн доод баг болох Скрантон Пингвинс багийг, дараа нь ҮХЛ-т Питтсбург Пингвинс болон Вашингтон Капиталс багуудад туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан эрхэм юм. ҮХЛ-т анх удаагаа бие даан баг удирдах гэж буй залуухан дасгалжуулагч Т.Риденд том сорилт ирж байна. Шинэ улиралд багийн цөм болсон тоглогчид үлдсэн тул дахин амжилт үзүүлэх боломжтой. Харин дасгалжуулагч хэрхэх нь тун сонирхолтой хүлээлт үүсгэж байгаа. Хэдийгээр шинэ дасгалжуулагч ч гэлээ Т.Риден том багуудад туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан тул нэг их төвөгтэй байхгүй болов уу? Ямартаа ч багаа плэй-оффт оруулахад гайхаад байх зүйлгүй юм. Харин цааш хэрхэхийг харах л үлдэж байна. Энэ жил залуу тоглогч А.Бураковский хоёр жилийн өмнөх шигшээ гялалзаж чадах уу?

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж