Тодруулга: Дугаарын хязгаарлалт арга ядсан арга

Хуучирсан мэдээ: 2018.10.08-нд нийтлэгдсэн

Тодруулга: Дугаарын хязгаарлалт арга ядсан арга

Нийслэлийн авто замын түгжрэл цаг хумсалсан, бухимдал үүсгэсэн асуудал болоод удаж буй. Дэлхийн томоохон хотуудтай дүйцэх зовлонтой болсон нийслэлчүүд түгжрэлээсээ хэрхэн гарах вэ.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас  /НИТХ/ нийтийн тээврийн  үйлчилгээ стандарт, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд”  зөвлөгөөнийг өнөөдөр /2018.10.08/ Соёлын төв өргөөнд зохион байгууллаа.  Хэлэлцүүлэгт хууль тогтоох байгууллагуудын төлөөлөл,  нийслэл дүүргийн удирдлага болон  холбогдох албаны хүмүүс оролцсон юм.


Энэ үеэр   НИТХ-ын дарга С.Амарсайхан “Өнөөдрийн Улаанбаатар хотын хүн амыг 1986 онтой харьцуулахад 70 хувиар өсөж өдгөө 1.4 сая гаруй хүнтэй болжээ. Үүн дээр нэмээд түр оршин сууж байгаа хүмүүс, хөдөө орон нутгаас бүртгэлгүй шилжиж ирсэн иргэд, гадаадын зочид, төлөөлөгч, жуулчдын тоог нэмбэл 2 сая орчим хүн хотын хөдөлгөөнд их бага хэмжээгээр оролцож байна.

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд улс болон нийслэлийн жил бүрийн төсөвт багагүй хөрөнгө суулгаж, авто зам, уулзварыг засаж, өргөтгөн шинэчилж, автомашиныг улсын дугаараар ангилан хөдөлгөөнд оролцуулах, нийтийн тээвэрт тусгайлан нэг эгнээг чөлөөлж зорчуулах зэрэг шат дараатай ажил хийж байгаа ч өнөөдөр иргэд, та бидний хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхгүй байна. Нарийвчилсан тооцоо судалгаа, тоон болон шинжлэх ухаанч аргачлалд суурилсан, амьдралын хэмнэл, цаг үеийн өөрчлөлттэй уялдсан зөв зохицуулалт хийгдээгүйн улмаас өнөөдрийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэж ойлгож болохоор байна.Дараагийн нэг шалтгаан нь газартай холбоотой мэдээллийн сан нэгдмэл биш, газрыг төлөвлөлтгүй олгосон явдал нь өнөөдрийн замын ачаалал, хүндрэл үүсгэх нөхцөлд хүргэжээ. Бид хотод авто зогсоол байгуулах, зам гүүр барих, байгуулах гэхэд газар олдохгүй нөхцөлд орчхоод байгаа нь нууц биш. Үүнээс үүдэлтэй замын байгууламжийн хүрэлцээ тээврийн хэрэгслийн өсөлтийг гүйцэхгүй байгаа юм” гэв.

ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ  БОЛ АРГА ЯДСАН ТҮР  ЗУУРЫН Л АРГА

НИТХ-ын даргын зөвлөх С.Энхтөрөөс авто замын хөдөлгөөний өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудлуудын талаар тодрууллаа.

-Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд яг юун дээр анхаарвал илүү үр  дүнтэй гэж харж байна  вэ?

-Түгжрэл буюу хэт их ачааллыг бууруулахын тулд үе шатай ажлыг хийх хэрэгтэй. Өнгөрсөн тавдугаар сард ИТХ-ын тэргүүлэгчид 70 дугаар тогтоол баталж, ажлын хэсэг байгуулан,хөдөлгөөний шинэ зохион байгуулалт хийж авто зогсоолын  тоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. 70 дугаар тогтоол дээр илүүтэй менежментийн зохицуулалтыг тусгаж өгсөн. Менежмент нь асар их хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулсан зүйл биш зөвхөн зохион байгуулалтын ажлыг яаж хийх вэ гэсэн л асуудал. Асар их хөрөнгөөр  зам өргөтгөөд гүүр бариад болсонгүй. Бүтээн байгуулалт хийгээд замаа өргөтгөөд  л байдаг. Хөдөлгөөнд  оролцож байгаа 537 мянган авто машин  бол их тоо биш.  9-12 сая машинтай, манай улс шиг хөгжилтэй  хотууд байж байна. Гол нь бидэнд зохион байгуулалт алга. Мэдээж тооцоолол дээр суурилсан гүүрэн гарц байх ёстой хэдий ч хотын өнөөгийн нөхцөл байдалд нэн тэргүүний асуудал бол биш.

– Тэгэхээр авто зам дээр  дэг журам байхгүй байна гэсэн үг үү?

-Дэг журам биш зохион байгуулалтын л асуудал. Хөдөлгөөнд оролцогчдын 69 хувь нь хувийн машин унаж байна. Гэтэл бусад оронд 30 буюу түүнээс доош хувь нь хувийн машинаа унаж, үлдсэн хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Монгол Улсын хувьд энэ хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ гэдэг  л чухал байна.

-Цас орсноос болоод  өнөөдөр авто замын хөдөлгөөний эрчим удааширч, түгжрэл үүсээд байна. Ийм үед зохицуулалтыг хэрхэн хийх ёстой  юм бэ?

-Жолоочийн ур чадварын асуудал маш чухал. Бид чадваргүй жолооч бэлдээд байна. Үүн дээр тавих хяналт сул. Жолооч нарын чадвар нэгдүгээрт байх хэрэгтэй.  Хоёрдугаарт, хяналт шалгалт. Тухайлбал,  хэрэгжиж байгаа хуульд  тавих хяналт сул байна.  Жолооч нар өвлийн  дугуйгаа хийсэн эсэх, авто машины бүрэн бүтэн байдал техникийн асуудал зэргийг сайтар шалгах  хэрэгтэй. Мэдээж  хөдөлгөөний эрчим замын нөхцөлөөсөө  шалтгаалаад цаг агаартай үргэлж  уялдаж байдаг. Хальтиргаа   үүссэн үед жолооч автомашины хурдаа 5-10 км цагаар бууруулдаг. Зун зүгээр байснаа өвөл түгжрэл үүсдэг. Тэр нь жолооч нар болгоомжлоод хурдаа хасч байгаа  гэсэн  үг л дээ.  Хавар намрын улирлын саармаг үе байдаг.

-Түгжрэл ихэссэнтэйгээр холбоотойгоор иргэдийн зүгээс автомашиныг тэгш, сондгойгоор хуваарилж, хөдөлгөөнд оролцуулах санал их ирүүж байгаа. Энийг дахиж бодож үзнэ гэж хотын дарга хэлж байсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Манай судлаачдын багаас үүнийг дэмжихгүй. Учир нь дугаарын хязгаарлалт  бол арга ядсан түр  зуурын л арга. Үүнээс өөр гарц шийдлүүд байгаад байгаа.

-Тухайлбал,өөр ямар арга байна вэ ?

-Ялангуяа зуны цагт өглөө, өдөр гэлтгүй  зуслангийн замууд их түгжрээтэй байдаг. Сөрөг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээ замд жолооч  нар  хоёр эгнээгээр яваад нөгөө эгнээ нь сул байгаад байдаг даа.  Тэгвэл хоёр эгнээг гурав болгоод  нөгөө талыг нь нэг эгнээ болгохоор болчхож байгаа юм.  Энгийн л арга. Үүнийг яаж хийх вэ гэхээр эгнээний  гурвалжин улаан  тэмдэг тавиад явчихна.

-Тэгвэл үүнийг ямар хууль хяналтын байгууллага хэрэгжүүлэх ёстой вэ?

 –Нийслэлийн  зам тээврийн хөгжлийн газар.

ТҮЛШ 2300 ТӨГРӨГ ДАВЧИХСАН ЭНЭ ҮЕД   ҮНИЙГ ЧӨЛӨӨЛӨХ  ХЭРЭГТЭЙ

Нийслэлийн  тээврийн газрын дарга  Д.Отгонбаатараас нийтийн тээврийн соёлын талаар лавласан юм.

Нийтийн тээврийг бохир,  тав тухгүй өвлийн үед хүйтэн халаалт нь ажилладаггүй гэж ярьдаг. Энэ асуудлыг жил бүрийн өвөл ярьсаар ирсэн.  Эл асуудлыг шийдэх тал дээр ямар ажлууд  хийсэн бэ?

-Өнөөдөр Улаанбаатар хотод явж байгаа нийт автобусны 83 хувь нь наймаас дээш жилийн  насжилттай.  2009 онд улсын төсвөөр 400 автобусны парк шинэчлэлт хийснээс хойш шинэчлэл хийгээгүй. Хувийн аж ахуй нэгжүүд өөрсдийн санхүүжилтээр паркийн нөхөн хангалтыг хийсээр ирсэн. Нөгөө талаасаа автобус баазууд  орой цэвэрлэгээгээ хийгээд, өглөө бүр цэвэрхэн автобустай үйлчилгээнд гардаг. Цас, бороотой үед автобус бохир ихтэй байдаг гэж иргэд ярьдаг л даа. Хуурайшилттай учраас тоос ихтэй байдаг.  Цаашдаа эцсийн зогсоолууд дээр үйлчилгээний угаалтын цэг барих төлөвлөгөөтэй байгаа. Дараа жилээс өдөр нь автобусаа  угаах цэг барих байх. Автобус хүйтэн байна гэдэг нь автобус ямар технологиор үйлдвэрлэгдсэн бэ гэдгээс шалтгаалдаг. Өнөөдөр явж байгаа ихэнх автобуснууд БНСУ-д зориулж  үйлдвэрлэгдсэн. БНСУ-д хэдэн градус хүрж хүйтэрдгийг мэдэхгүй. Монгол Улсад бол -25 -30 хэмт хүртэл хүйтэрдэг. Харин  тэдгээр автобусанд зориулсан технологийн шийдэл нь байхгүй.

-Жилд дунджаар хэдэн төгрөг төсөвлөгддөг вэ?

-Парк шинэчлэлтийн хувьд төсөвлөгддөггүй. Өнөөдрийн байдлаар  нийтийн тээврийн ачааллыг хувийн хэвшлийнхэн үүрч байна. Нийтийн тээвэр хөгжихгүй байгаагийн гол шалтгаан нь төрийн хатуу  тарифын асуудал. 1996 онд 100 төгрөг, 2002 онд 200 төгрөг, 2008 онд 300 төгрөг   гэхчлэн. Тэгэхэд өнөөдөр түлш 2300 төгрөг давчихсан энэ үед   үнийг чөлөөлөх, эсвэл үнэгүй болгох л зоригтой шийдвэр.

-Нийтийн тээврийн үнийг шатахууны үнийн өсөлттэй холбон чөлөөлөх ёстой гэж байна. Тэгэхээр  үнийг чөлөөлсөн тохиолдолд хамгийн түрүүнд юу  хийх ёстой  юм бэ?

-Ер нь нийтийн тээврийн үнийг чөлөөлөх  юм бол  манай байгууллагын тооцоолсноор нэг хүн 1000-1200 төгрөгөөр зорчихоор байгаа юм. Энэ бол төр засгийн бодлогын шийдвэр. Мэдээж үнэ өсгөхгүй иргэддээ  дарамт болохгүй гэдэг үүднээс  нийслэлийн төсвөөс  жилдээ 50.9 тэрбум төгрөгийг 2018 онд  төсөвлөсөн. Өнөөдрийн байдлаар компаниуд алдагдалтай ажиллаж байна.

-Өөрөөр шийдэх  аргууд байхгүй гэж үү.  Дотооддоо  эко автобус үйлдвэрлэж байхад  гадны улсаас  өндөр үнээр автобус оруулж ирэх шаардлагагүй юм шиг?

-2015 онд нийслэлийн төсвөөр дотоодоос 20 эко автобусыг тус бүрийг 179 сая төгрөгөөр худалдаж авсан. Өнөөдрийн байдлаар найман  эко автобус  эвдэрсэн зогсож байна.  Эвдрэлийн шалтгаан нь түлшний асуудалтай эсвэл  хөдөлгүүр нь  их эвдэрсэн байгаа юм.

-Маршрутын асуудал бас яригдаж байна шүү дээ. Урт маршруттай учраас хүйтний улиралд   40 минут автобус хүлээхэд бол  энүүхэнд. Ирсэн ч автобусандаа багталцахгүй байх үе бий?.

-Автобусууд  хотын төвд орж ирлээ  гэхэд  эргэх талбай алга. Хотын зүүн захаас баруун захад эсвэл урд юм уу хойд захад  гарч байж автобус эргэх боломжтой болчхоод байна. Нийтийн тээврийн маршрутыг харах юм бол цацраг хэлбэртэй. Өөрөөр хэлбэл, Чингэлтэй, Хайлааст, Дэнжийн 1000 гэхчлэн  уулын амнаас хүмүүсээ авч хотын төвд буулгаж байна.

E-POLICE АППЛИКЕЙШНИЙГ 6000 ГАРУЙ ХҮН ТАТАЖ АВСАН 

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяраас түгжрэлийг бууруулах гол арга юу болох талаар тодрууллаа.

-Замын түгжрэл олон жилийн турш яригдсаар ирсэн. Ер нь  түгжрэлийг бууруулах гол гарц  нь юу юм бэ?

– Түгжрэлийг бууруулахын тулд олон талын хүчин зүйлүүдийг харгалзах ёстой. Нэгдүгээрт, тээврийн хэрэгслүүдийн тоо их байна. 2-3 сая төгрөгтэй байхад урьдчилгааг нь төлөөд тээврийн хэрэгсэлтэй болчхож байгаа юм. Ер нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хувьд тээврийн хэрэгсэл  худалдаж авна гэдэг ард нь дагалдаж, маш их  хариуцлагын тухай яригддаг.  Авто замуудад гэрлэн дохионы зохицуулалт хийж, мөн замын цагдаа тасралтгүй л ажиллаж байгаа ч   тээврийн хэрэгслийн тоо байх ёстой тооноосоо хэтэрхий их давсан учраас зохицуулалт хийхэд хүндрэлтэй байдлууд үүсэж байгаа. Ийм учраас цаашид хууль эрхзүйн хувьд ч, бусад хөшүүргийн улмаас тээврийн хэрэгслийн тоог бууруулах зөв зарчмаар зөв голдрилд оруулахаас өөр аргагүй.

Танай байгууллагаас  иргэдийн мэдээллээр торгох E-Police аппликейшнийг  ашиглалтад оруулсан. Үүний дагуу  хичнээн иргэнээс гомдол ирсэн бэ? 

-Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийн томоохон эх үүсвэрүүдийн нэг нь дүрэм  зөрчилт. Нэгдүгээр эгнээнд зогсдог, буцаж эргэдэг, улаан гэрлээр явдаг гэхчлэн  энэ бүх дүрэм зөрчиж байгаа үйлдлүүд нь түгжрэлийн  шалтгаан болоод байгаа. Мэдээж нийслэлийн бүх зам уулзвар дээр камер болон  замын цагдаа  нар хяналт тавьж чадахгүй шүү дээ.  Одоогийн байдлаар E-Police Аппликейшнийг 6000 гаруй хүн татаж авсан.  4800 орчим зөрчлийг ирүүлсэн байна. Мэдээж ирүүлсэн  зөрчил бүр  дээр торгууль ногдуулна гэсэн үг биш.  Энийг замын цагдаагийн алба, замын хөдөлгөөний удирдлагын төв дахин нягталж шалгасны үндсэн дээр тухайн зөрчил нь гарцаагүй баталгаажсан тохиолдолд ногдох холбогдох торгуулийг гэрийн хаягаар нь хүргүүлж байгаа. Ер нь замын хөдөлгөөний түгжрэл нягтралыг бууруулахын төлөө ганцхан  төр захиргааны байгууллага, ганцхан замын цагдаа, гэхээсээ илүү хувь  хүн болгон ганцхан миний эрх ашиг гэхээсээ илүү бидний гэж харахаас өөр аргагүй.

 

Э.БУРАМ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж