Жилд 50 эмэгтэй хүний наймааны золиос болж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.08-нд нийтлэгдсэн

Жилд 50 эмэгтэй хүний наймааны золиос болж байна

Жилд 50 эмэгтэй хүний наймааны золиос болж байна

 Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, “Хүйсийн тэгш эрхийн төв” хамтран “ Бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд нийгмийн хамгааллын оролцоо” зөвлөгөөнийг өнөөдөр /2018.10.08/ зохион байгууллаа. Энэ үеэр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Л.Бадамцэцэгтэй хүний наймааны асуудлаар цөөн хором ярилцлаа.

-Хүний наймаа ихэслээ гэж байна. Дэлгэрэнгүй баримт бий юу?

-Хүн худалдаалах гэмт хэрэг манай улсад 1990 оноод хойш бүртгэгдсэн. Энэ хугацаанд нийтдээ 100 гаруй гэмт хэрэг бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр 2018 он гарсаар бэлгийн мөлжлөгийн дөрөв, хүн худалдаалах долоон гэмт хэрэг бүртгэгдсэн. Мөн эдгээр гэмт хэрэг Улаанбаатар хотод үйлдэгдсэн ба хохирогч нарт туслалцаа үзүүлэх, нийгэмшүүлэх ажлыг бид хийж байна.

-Жилд хэдэн хүн хүний наймааны хохирогч болж байна вэ?

-Тоон үзүүлэлтээс харахад хүний наймааны тохиолдол 2016 онд найм, 2017 онд 12, 2018 оны эхний хагас жилийн байдлаар 11 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ бол зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо. Энэ чиглэлээр судалгаа явуулдаг “Хүйсийн тэгш эрхийн төв”-д жилд дунджаар 50 хүн хүний наймааны хохирогч болчихлоо гэж ханддаг байгаа юм.

Залуу хүмүүс сурч ажиллахаар гадагшаа гарч байгаа ч тэдний хэчнээн нь хүний наймааны хохирогч болж байгааг тэр болгон илрүүлж чаддаггүй. Тиймээс энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтийн дунд энэ талаарх ойлголт, сургалт сурталчилгаа хэрэгтэй.

Манайхаас саяхан “Монгол гэр бүлд тулгамдсан асуудал” сэдвээр Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран судалгаа гаргасан. Уг судалгаанд үндэслэн хүний наймаанд өртөх эрсдэлтэй бүлгийг бид тооцоолсон. Тухайлбал, өрхийн орлого багатай, эцэг эх нь салсан, шилжин суурьшсан, дахин гэрлэсэн хосуудын хүүхдүүд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй юм. Өөрөөр хэлбэл, хүүхдээ үл ойшоож, анхаарал халамж тавиагүйгээс болоод хүний наймааны хохирогч болгож болзошгүй.

Дахин нэг жишээ хэлэхэд бэлгийн хүчирхийлэл газар авч байгаад маш их сэтгэл эмзэглэдэг. 2017 онд 213 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөнөөс зургаа нь эрэгтэй хүүхэд байсан. Одоогоор эдгээр хэрэг хуулийн байгууллагад шалгагдаад явж байгаа.

-Хохирогч нарын нийтлэг гаргадаг алдаа юу вэ?

-Бэлгийн мөлжлөгийн тухайд бага насны хүүхэд ихэвчлэн хохирогч болчихдог нь хамгийн харамсалтай. Харин хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид ихэвчлэн 18-25 насны эмэгтэйчүүд байдаг. Бид зөвхөн үүнийг ярих бус цаана нь ямар асуудал байгааг хөндөж тавих хэрэгтэй. Мөн залуус гэнэн итгэмтгий байдал, мэдлэггүйн улмаас энэ гэмт хэргийн хохирогч болж байна. Хохирогчид цагдаагийн байгууллагад хандахаас илүүтэй “Хүйсийн тэгш эрхийн төв”-д хандсан нь анхаарал татууштай. Хохирогчид хуулийн байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлэх бус сэтгэл санааны хувьд дэмжлэг хүсэх, өөрөө өөрийгөө ойлгох чадавхжих, нийгэмших хэрэгцээ байгааг харуулж байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж