Бүсчилсэн татвар гарц мөн ч Улаанбаатар үүнд бэлэн биш

Хуучирсан мэдээ: 2018.10.08-нд нийтлэгдсэн

Бүсчилсэн татвар гарц мөн ч Улаанбаатар үүнд бэлэн биш

Бүсчилсэн татвар гарц мөн ч Улаанбаатар үүнд бэлэн биш

Нийслэлийн замыг бүсчлэн татвартай болгох боломжтой эсэх асуудлаар эдийн засагч Ж.Дэлгэрсайханаас тодрууллаа.


-Эдийн засагч хүний хувьд түгжрэлийг бууруулах гарц гаргалгааг хэрхэн харж байна вэ?

-Зөвхөн эдийн засгийн өнцгөөр асуудалд хандвал гаргалгаа олон бий. Хотын татварыг бий болгох, автомашины болон хотын замын татварыг нэмэгдүүлэхээс гадна өнөөдөр удирдлага, зохион байгуулалт хамгийн муу байгаа нийтийн тээврийн менежмент, ложистикийг сайжруулах гэх мэт олон арга байна. Харамсалтай нь, Улаанбаатар хотын түгжрэлийг  шууд эдийн засгийн аргаар шийдвэрлэх боломжгүй. Эдийн засгийн суурь  нөхцөл нь ч  бүрдээгүй юм. Иймээс бидний хувьд энэ түгжрэлийн ард байгаа ажилгүйдэл, ядуурал, орон нутгийн хөгжил зэрэг нийгэм, эдийн засгийн хамт цогцоор нь харах шаардлага үүсч байгаа юм. Гэтэл тэгж харах, цогц түвшинд алсын хараатай шийдвэрлэх тогтолцоо, чадавх нь  тун эргэлзээтэй байна. Ингэхээр бидний хувьд түгжрэлийг шийдвэрлэх асуудлыг их холоос эхлүүлэх нь зүйтэй юм.

-Төвлөрлийг сааруулахгүйгээр түгжрэл арилахгүй гэдэгтэй та санал нийлэх үү?

-Санал нэг байна. 1990 оноос хойш Монгол Улсын эдийн засгийн цогц бодлого төлөвлөлт алдагдсантай холбоотой, хот хөдөөгийн хооронд шилжих хөдөлгөөнөөс үүдэж олон шалтгаан бий болсон. Түүнийг хориглох ямар нэг эдийн засгийн болон захиргааны механизм алдагдсан нь өнөөгийн нөхцөл байдлыг үүсгэсэн нэг шалтгаан нь яах аргагүй мөн. Гэхдээ төвлөрлийг хэрхэн бууруулах вэ гэдэг асуудал нь өнөөдөр бас л эргэлзээтэй. Мөн боломж багатай зүйлсийн нэг болж харагдаж байна. Төр засгийн зүгээс хийж байгаа зохицуулалтуудыг харахад ойрын ирээдүйд шийдэх талаар дорвитой зүйлс харагдахгүй байна. Мөн өнөөдөр төвлөрлийн эсрэг захиргааны аргаар тэмцэх нь учир дутагдалтай. Учир нь, Монгол Улсын засаглал, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал тааруу байхад Улаанбаатар хотод шилжих асуудлыг хориглох нь түр зуурын аргацаасан шинжтэй үйлдэл болох юм.

-Нийслэлийн замыг бүсчлэн татвартай болгох боломжтой юу. Хэрэв боломжтой бол ямар зохицуулалт хийж болох вэ?

-Татвар бий болгох нь түгжрэлийг шийддэг гол аргуудын нэг гэж дээр дурдсан. Дэлхийн зарим хот ч энэ төрлийн татварыг ашигладаг тохиолдол байдаг. Гэхдээ Улаанбаатар хотын хувьд эдийн засгийн аргаар шууд шийдвэрлэх боломжгүй юм. Учир нь, манай улсын хувьд төвлөрөл, түүнээс шалтгаалсан замын түгжрэлийн асуудал нь бодлогын алдааны эх сурвалжтай юм. Тухайлбал, эдийн засгийн нэгдсэн бодлого, төлөвлөлт үгүй болсны улмаас орон нутгийн иргэдийн эдийн засаг, нийгмийн асуудал хүндэрснээр төвлөрөл ихтэй газар амьжиргаа хайх зорилготой иргэдийн нүүдэл ихэссэн. Төр энэ асуудалд бэлэн байгаагүйгээс Улаанбаатар хотын төвлөрөл түүнээс үүдэн бий болсон олон сөрөг асуудалд хариу үйлдэл хийж чадахгүй байна. Энэ асуудлыг татвараар шийдэх нь нэг гол гарц мэтээр зарим талуудад ойлгогдож байж болох юм. Тэгвэл татварын үндсэн агуулгаар бүсчилсэн болон хотын татварын асуудлыг харвал иргэдийн төлөх эсэх сонголтыг бий болгох асуудал юм. Хэрвээ бид энэ 30-аад жилийн хугацаанд амьжиргааны зохих түвшинд хүрсэн, төлбөрийн чадвартай нийт өрх, иргэдийг бий болгож чадсан бол бүсчлэн татвартай болгох хувилбарыг хэрэгжүүлж болох юм. Мөн энэ төвлөрөл нь иргэдийн амьжиргаа хайсан, арга тасарсан байдалтай холбоотой бус байсан бол татварын механизмаар шийдвэрлэж боломжтой.

Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотод дээрх татварын төрлийг хэрэгжүүлэх нь төлж чадах, чадахгүй хэсэгт иргэдийг хуваах  нь тэгш бус байдал, үл ойлголцлыг улам дэвэргэж мэдэх асуудал болж хувирах юм. Татвар төлж чадах эсэхээр нь ялгаж, төлбөрийн чадвартай чадваргүйгээр нь иргэдийг ялган харагдуулах арга хэрэгсэл биш юм. Нийгэмд тэгш бус байдал, баялгийн буруу хуваарилалт улам нэмэгдсээр байгаа үед энэ аргыг сонгох нь буруу гэж хувьдаа үзэж байна.

Харин зөв бодлого хэрэгжүүлж иргэдийн амьжиргаа төлбөрийн чадварыг нэмэгдүүлэх, хот төлөвлөлт, нийтийн тээврийн асуудлаа зөв шийдэх, орон нутагт иргэд амьдрах боломж орчныг сайжруулах зэрэг бусад аргыг сонгох нь зүйтэй юм.

Ш.АДЪЯАМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж