Цахим мөнгөний үйлчилгээ 3-5 жилд эрчтэй тэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.10.08-нд нийтлэгдсэн

Цахим мөнгөний үйлчилгээ 3-5 жилд эрчтэй тэлнэ

Цахим мөнгөний үйлчилгээ 3-5 жилд эрчтэй тэлнэ

​Цахим мөнгө гаргах дахин хоёр хүсэлт иржээ​. Энэ оны II улиралд цахимаар 2.3 их наяд төгрөгийн гүйлгээ хийжээ

Санхүүгийн үйлчилгээ цааснаас цахимд шилжсээр байна. Өдгөө хоёр монгол хүн тутмын нэг нь гар утсаараа санхүүгийн гүйлгээ хийж байна. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар интернэт банк хэрэглэгчдийн тоо 1.5 сая давсныг төв банк мэдээлэв. НҮБ-ын худалдаа, хөгжлийн хурлын тайланд дурдсанаар цахим төлбөр тооцооны үйлчилгээ нь уламжлалт буюу зээлийн болон дебит картны үйлчилгээг ирэх оноос давна хэмээн тооцоолжээ. Одоогоос таван жилийн өмнө, хөгжиж буй орнуудын нийт төлбөр тооцооны 51 хувийг кредит картаар хийж байсан бол 2019 он гэхэд энэ дүн 46 хувь болтлоо буурах төлөвтэй байна. Ийнхүү олон улсад санхүүгийн системийн цахим шилжилт эрчтэй өрнөхтэй зэрэгцээд Монгол улсын үндэсний төлбөрийн системд шинэ цахим “гишүүн” мэндэллээ. Бидний эчнээ танил “Сandy” үйлчилгээ ирэх сараас эхлэн үндэсний төлбөрийн системийн Монголбанкаар баталгаажсан, төгрөгтэй адилтгах хэрэгсэл болж байна. “Мобиком” корпораци 2014 оноос хэрэглэгчдэдээ урамшуулал олгох зорилгоор уг амтат “чихэр” үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн юм. тэгвэл өдгөө энэ үйлчилгээ нь манай улсын бэлэн бус төлбөрийн системийн хэрэгсэл болоод байна.

  • Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар интернэт банк хэрэглэгчдийн тоо 1.5 сая давсныг төв банк мэдээлэв.
  • Хоёр монгол хүн тутмын нэг нь гар утсаа ашиглан санхүүгийн үйлчилгээ авч байна.
  • Одоогоос таван жилийн өмнө, хөгжиж буй орнуудын нийт төлбөр тооцооны 51 хувийг кредит картаар хийж байсан бол 2019 он гэхэд энэ дүн 46 хувь болтлоо буурахаар байна.

Өнгөрсөн долоо хоногт Candy цахим мөнгө гаргах тусгай зөвшөөрлийг Монголбанк “Мобифинанс” ББСБ-д өглөө. “Мобифинанс”аас гадна хоёр ч компани цахим мөнгө гаргах хүсэлтээ хүргүүлээд буйг төв банк мэдээллээ. Мөн цахим мөнгийг карттай холбоход нэг шат ахисан байна. Тодруулбал, Хасбанк төлбөрийн картаар Candy цахим мөнгө цуглуулж, аппликэйшн болон гар утасны дугаараараа төлбөр төлөх боломжтой болжээ. Candy цуглуулдаг төлбөрийн картыг Хас банк санал болгож буй бөгөөд уг хэрэгслээр төлбөр тооцоо хийхээс гадна хасбанкны АТМ-ээс бэлэн мөнгөө шимтгэлгүй авах аж. Манай улсын мөнгөний нийлүүлэлтийн долоо орчим хувь 1-20 мянгатын дэвсгэртэд “хувирсан” байдаг бол үлдсэн нь санхүүгийн байгууллагуудын компьютерийн санах ойд хадгалагдаж буй. Мөнгөний нийлүүлэлтийг ийнхүү цахим хэлбэрт шилжүүлснээр хаях, гээх зэрэг олон эрсдэлийг бууруулж, зардал хэмнэнэ гэж төв банкны мэргэжилтнүүд үзэж буй.

Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд 12.2 сая удаагийн 2.3 их наяд төгрөгийн цахим гүйлгээ хийжээ. Цахим мөнгөөр төлбөр төлж, шилжүүлж, мөнгөн хөрөнгө рүү хөрвүүлж болно. Харин зээл олгохгүй юм байна. Тухайлбал, та Candy цахим мөнгөөр хүнсний дэлгүүр, супермаркет зэргээр үйлчлүүлж болно. Гэхдээ бизнесийн зорилгоор эсвэл үл хөдлөх хөрөнгө, цахилгаан бараа зэрэг өндөр үнийн дүн бүхий төлбөр тооцоонд ашиглахгүй. Түүнчлэн, цахим мөнгөөр хийх нэг удаагийн гүйлгээний дээд хязгаар нь нэг сая төгрөг. Мөн нэг өдрийн гүйлгээний дээд түвшин нь гурван сая төгрөг аж. Хэдийгээр энэ нь харьцангуй бага дүн боловч цахим мөнгөнөөс үүсэх эрсдэлийг бага байлгахын тулд ийн шийдснээ албаныхан тайлбарласан. Цахим мөнгөний үйлчилгээ үзүүлж буй этгээд эдгээр үйлчилгээг өөрийн гэрээт төлөөлөгчөөр дамжуулан хэрэглэгчдэд хүргэх боломжтой. Нэгж нь нэг төгрөгтэй тэнцэх цахим мөнгө нь төгрөгөөр баталгаажиж, баталгаа нь банкинд байршина.

КРИТПОВАЛЮТЫГ ЦАХИМ МӨНГӨНД ТООЦОХГҮЙ

Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар

-Цахим мөнгийг криптовалюттай адилтгасаар байна. Төв банк ямар байр суурьтай байдаг вэ?

-Монголбанкнаас баталсан цахим мөнгийг криптовалюттай адилтгах, энэ төрлийн валютад тусгай журам баталсан мэтээр зөрүүтэй ойлголт түгэж байна. Цахим мөнгөний журмаар критповалютыг зохицуулахгүй гэдгийг албан ёсоор дахин мэдэгдье. Учир нь биткойн, эфэриум зэрэг криптовалют нь үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар тодорхойлсон цахим мөнгөний шинжүүдийг хангаагүй. Криптовалют нь мөнгөн хөрөнгөөр баталгааждаггүй, төгрөгт чөлөөтэй хөрвөдөггүй, төгрөгтэй ижил нэгжгүй, төвлөрсөн хяналт байхгүй. Тиймээс цахим мөнгөнд тооцох боломжгүй.

-Цахим мөнгөний журамд хэрэглэгчийг хамгаалах ямар заалт оруулсан бэ?

-Цахим мөнгөний журмаар энэ үйлчилгээ эрхэлж буй этгээд зах зээлд гаргасан нийт цахим мөнгөтэй тэнцэх мөнгөн хөрөнгийг баталгаа болгон, тусгай дансанд байршуулахаар заасан. Зах зээлд нэг сая цахим мөнгө гарвал, үүний баталгаа болгох нэг сая төгрөгийг баталгааны дансанд байршуулах ёстой. Ингэж цахим мөнгөний баталгааг зуун хувь гаргуулснаар цахим мөнгөний үйлчилгээнд үүсэх аливаа эрсдэлээс хэрэглэгчийг бүрэн хамгаална. Түүнчлэн хэрэглэгч цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгчид биеэр очиж, гэрээ байгуулахгүйгээр энэ төрлийн үйлчилгээг авч болно.

ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ДИЖИТАЛ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛЭХЭД АНХААРНА

“Мобиком” корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамада

-Монголын цахим мөнгөний ирээдүйг та хэрхэн төсөөлж байна вэ?

-Одоогоор цахим мөнгө нэвтрэх үйл явц удаан байгаа. Гэхдээ энэ төрлийн санхүүгийн бизнес болон цахим мөнгөний үйлчилгээ ирэх 3-5 жилд эрчтэй өсөх төлөвтэй байна. Ирэх сараас манай Candy цахим төлбөрийн үйлчилгээг бүх үүрэн холбооны хэрэглэгчид ашиглах боломжтой болно. Мөн бид Candy-г түшиглэн бусад төрлийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

-Монголчуудын мобайл хэрэглээ ямар түвшинд байна вэ?

-Монголд зөөврийн төхөөрөмжийн үйлчилгээний хэрэглээ 100 хувийг давчихсан. Бараг 110 хувийн нэвтрэлттэй гэж хэлж болно. Дата хэрэглээ жил ирэх тусам өсөж байна. Бид үйлчилгээгээ илүү дижитал хэлбэр рүү шилжүүлэхэд анхаарахаар төлөвлөж байна. Өдгөө гар утас зөвхөн хоорондоо холбогдоход зориулсан төхөөрөмж байхаа больсон. Уг төхөөрөмжөөр санхүүгийн үйлчилгээ үзүүлэхэд дөхөм болж, гар утсаараа зарим хүн хөрөнгийн зах зээлд хүртэл оролцдог боллоо. тиймээс энэ чиглэлд илүү анхаарна.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж