Бангладешт Засгийн газрыг эсэргүүцэгчид өнөөдөр /I.14/ автобусанд гал тавьснаас дөрвөн зорчигч амьдаараа шатжээ. Автобусанд 50 хүн зорчиж явсны 10 нь түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн шөнө экс Ерөнхий сайд Халеда Зиагийн зөвлөхүүдийн нэг Риаз Рахманыг автомашинд нь буудан хөнөөж, галдсаны өс авалт аж. Бангладешийн эрх барих нам өнгөрсөн жилийн сонгуулийн ялалтаа тэмдэглэхээр зарласнаас орон даяар үймээн дэгдэж, онц байдал тогтоогоод байгаа юм. Сөрөг хүчний жагсаал эхэлсэн парламентын сонгуулийн ойн өдрөөс /I.5/ хойш зөрчил мөргөлдөөний улмаас 18 хүн амь үрэгджээ.
Экс Ерөнхий сайд Халеда Зиагийн тэргүүлсэн сөрөг хүчний гол эвсэл өнгөрөгч 2014 оны нэгдүгээр сарын 5-нд явагдсан парламентын сонгуулийг бойкотлож, оролцоогүй аж. Гэвч эрх барих “Авами” намын тэргүүн, одоогийн Ерөнхий сайд Шейх Хасина сонгуулийн ялалтын ойг тэмдэглэн жагсаал зохион байгуулахаа мэдэгдсэнээр сөргөлдөөн үүсчээ. Өнгөрсөн жилийн парламентын сонгуулиас хойш Бангладешийн ард иргэд энэ хоёр намд хуваагдаад байгаа аж. Ерөнхий сайд Шейх Хасина “сөрөг хүчин өнгөрсөн жил сонгуулийг бойкотлосон нь алдаа болсон” хэмээн шүүмжилж, Халеда Зиаг улс орны тогтвортой байдлыг алдагдуулж буйд буруутгажээ. Харин сөрөг хүчин Ерөнхий сайд Шейх Хасинаг огцорч, ирэх арванхоёрдугаар сард дахин сонгууль явуулахыг шаардсан байна. Гэвч Бангладешийн Ерөнхий сайд парламентын таван жилийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас /2019 он/ нааш сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ.
Халеда Зиа нь 2001-2006 оны хооронд Бангладешийн Ерөнхий сайдаар ажилласан боловч Засгийн эрхийг тайвнаар барьж чадаагүй аж. Хожим нь 2008 оны сонгуульд Шейх Хасинагийн нам ялах хүртэл тэрээр цэргийхнээр ар талаа болгон засгийн эрхийг барьжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters