Хайгуулын тусгай зөвшөөрлийг хэрхэн авах вэ?

Хуучирсан мэдээ: 2015.01.14-нд нийтлэгдсэн

Хайгуулын тусгай зөвшөөрлийг хэрхэн авах вэ?

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрийн 19.9 хувьд буюу 31 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор болсон. Үүнд 13.4 хувь буюу 20.9 сая га талбайд өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, 6.5 хувь буюу 10.1 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгохоор журамлаад байгаа юм. Ашигт малтмалын газар/АМГ/-т хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгчдийн өргөдлийг энэ сарын 26-наас эхлэн хүлээн авч, шийдвэрлэж эхлэхээр болсон байна. Үүнтэй холбоотойгоор Уул уурхайн яам, АМГ-ын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид:

-Тусгай зөвшөөрлийг олгохдоо Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох бодлого баримтална. Энэ үүднээс нутаг дэвсгэрийн баруун хагас буюу уртрагийн 104 дүгээр меридианаас баруун тийш хэсэгт  хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөж байна. Сонгон шалгаруулалтыг явуулахдаа үнээр өрсөлдүүлэх гэсэн олон улсад нийтлэг мөрддөг зарчмыг баримтлах бөгөөд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогч нийт үнэлгээний 50 хүртэлх хувийн оноог авна. Харин үлдсэн 50 хувийн оноог тухайн талбайд гүйцэтгэх хайгуулын ажлын төсөл, оролцогчийн мэргэжлийн боловсон хүчний чадвар, техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан байдал зэргийг үнэлж өгнө. Сонгон шалгаруулалтын талбайн босго үнийг тогтоохдоо нэгж үнийг эрдсийн хуримтлал бүхий талбайд 2244 төг/га, тусгай зөвшөөрөл цуцлагдсан талбайд 1800 төг/га, тусгай зөвшөөрөл дуусгавар болсон талбайд 1350 төг/га байхаар тус тус тооцохоор зохицуулсан гэсэн юм.

Мөн зөвшөөрлийг олгохдоо ил тод, нээлттэй байлгах, төрөөс үзүүлж буй үйлчилгээг хүнд сурталгүй, чирэгдэлгүй, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах, шийдвэрлэх ажиллагааг “нэг цонх”-ны үйлчилгээнд шилжүүлсэн байна. Басхүү өргөдөл гаргах дугаарыг мэдээллийн технологийн дэвшилтэд хэлбэр болох цахимаар олгох гэнэ. Ийнхүү төрийн үйлчилгээг цахимжуулснаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах үеэр Ашигт малтмалын газарт үүсдэг байсан хэт их дараалал, хүлээлт, үүнээс үүдсэн иргэдийн уур бухимдал, чирэгдэл, хардлага бүрэн арилна гэж үзэж байгаа бололтой.

Ингээд хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар олгох талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Ашигт малтмалын хайгуулын тусгайы зөвшөөрлийг манай улсад татвар төлөгч  хуулийн этгээдэд олгох бөгөөд нэг тусгай зөвшөөрлөөр олгох хайгуулын талбай нь 25 гектараас багагүй, 150 мянган гектараас ихгүй байх шаардлагатай гэнэ. Хайгуулын зөвшөөрөл авахыг хүссэн хуулийн этгээд нь "Хайгуулын тусгай зөвшөөрөл авьахыг хүссэн хуулийн этгээдийн бүртгэлийн хуудас"-ийг үнэн зөв, алдаагүй бөглөн АМГ-т өгч, бүртгүүлэх юм байна. Бүртгэл хийлгэхэд дараах материалыг хавсаргах юм. Үүнд,

-Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг хавсаргах/лавлагаанд гадаадын хөрөнгө оруулалтын байдал, хөрөнгө оруулалтын хувь хэмжээ зэргийг тодорхой тусгах/ шаардлагатай юм байна.

Дээрх бүртгэлийг хийлгэсэн хуулийн этгээд нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх өргөл гаргах дугаарыг цахимаар олгох системийг худалдан авах шаардлагатай аж. Ийнхүү өргөдлийг цахимаар бүртгэж, зөвшөөрөл хүсэгчид VPN гэгч төхөөрөмжийг худалдан авснаар зөвшөөрөл хүсэгчийн материалыг кибер халдлага, хэн нэгэн алба хаагчийн ашиг сонирхлоос бүрэн хамгаалах гэнэ. Энэ талаар АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа "Энэ төхөөрөмж бол тухайн аж ахуйн нэгж манай системтэй өөрсдөө шууд харилцана гэсэн үг. Ингэсэн тохиолдолд бүртгүүлж дугаараа авмагц real time буюу хэд дэх дугаарт бүртгэснийг болон хэзээ АМГ-т хандан өргөдлөө гаргахийг мэдэгдэнэ. Ингэснээр хөндлөнгийн хардлага сэрдлэггүй, системийн аюулгүй байдлыг бүрэн хангах боломжтой юм" гэсэн юм.

VPN төхөөрөмжийг хэрхэн авах вэ?

VPN төхөөрөмжийг үнэ болох 280 мянган төгрөгийг "Аксэнсэ Айти Суппорт" ХХК-ийн Хас банкинд дахь 5000010281 дансанд төлөх шаардлагтай гэнэ. Мөн системд нэвтрэх эрх буюу Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар авах үйлчилгээний хөлсийг АМГ-н Төрийн сангийн 900018003 дансанд төлөх гэнэ. Хураамжийн тухрайд долоон хоног нэвтрэх эрх нь 500 мянга, нэг сар нэвтрэх эрх нь хоёр сая төгрөг байх юм. Ингээд өргөдлийн дугаарыг авсан аж ахуй нэгж хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн хураамж болох 250 мянган төгрөгийг АМГ-ын төрийн сан дахь дээрх дансанд тушаах гэнэ.

Өргөдөл гаргахад бүрдүүлэх бичиг баримтын тухайд

-Өргөдөл гаргачийн албан ёсны тодорхойлолт

-Улсын бүртгэдийн гэрчилгээний хуулбар/нотариатаар баталгаажуулсан/

-Өргөдөл гаргагчийн талбайн булангийн цэгүүдийн солбилцол, аймаг сумын нэр, хилийг буулгасан зураг 2 хувь

-Үйлчилгээний хураамж төлсөн баримт эх хувиараа

-Ажлын туршлага, санхүүгийн чадавхи мэргэжлийн боловсон хүчнээр хангадсан талаарх мэдээлэл /маягт К-18/

-Монгол Улсад татвар төлөгч болох тухай нотолгоо/харъяа татварын албанаас/п

-Өр төлбөргүй тухай тодорхойлолтууд /ТЕГ, НДЕГ, ШШГЕГ/

-Өргөдөл гаргагч гадаадын хөрөнгө оруулалттай бол хөрөнгө оруулалтын мэдээлэл /маягт К-19/ зэрэг материалыг бүрдүүлэх шаардлагатай гэнэ.

Ашигт малтмалын газраас мөн зөвшөөрөл хүсэгчдийг бүртгэж эхлэхээс өмнө хоёр удаагийн хурал хийж, иргэд, аж ахуй нэгжүүдэд мэдээлэл өгөх тул холбогдох баримт, материалыг бүрдүүлэхэд хангалттай юм байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж