УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бус хуралдаанаараа Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцээд хэд, хэдэн чухал шийдвэрт хүрчээ.
УИХ-ын төвшинд төсвийн хуулийг боловсруулах шатанд Сангийн яамныхан 221 тэрбум төгрөгийн эх үүсвэр олжээ. Үүнийг төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд 90 тэрбум, тэтгэврийн нэмэгдэлд 15 тэрбум төгрөгийг тус тус суулгах нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн Хүүхдийн мөнгөнд зориулж 7 тэрбумыг, Одонтой ээжүүдийн мөнгөнд 19 тэрбумыг, жирэмсэн эхчүүдийн тэтгэмжид зориулж 15 тэрбум төгрөгийг нэмж тусгахаар болсон аж.
Засгийн газар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхдээ хэд, хэдэн төрлийн татварыг нэмэгдүүлэхээр орж ирснийг дараах байдлаар өөрчлөх санал гаргажээ. Тухайлбал, бууны татварыг 6.3 мл хүртэл голчтойд 30 мянган төгрөгийн, 6.4 мл голчтойгоос дээш бол 60 мянган төгрөгийн татвар ногдуулах. Сургалт, үзмэрт ашигладаг буунд одоо татвар ногдуулахгүй байгаа бол 15.000-30000 төгрөг болгон өөрчлөх.
Авто машины албан татварыг ногдуулахдаа бензин, шатахуун бага зарцуулдаг “Habrid” маркийн бүх төрлийн авто машины татварыг нэмэгдүүлэхгүй, моторын багтаамж ихтэй том машинуудад татварыг өндөр тогтоох нь зүйтэй гэж үзжээ.
Малын хөлийн татварыг тогтоох нь зүйтэй гэж бүлгийн гишүүд санал нэгдсэн байна. Татварыг 1000 хүртэл төгрөгт багтаан тогтоох эрхийг аймаг, сумын ИТХ-д олгож байгаа. Гэхдээ малын хөлийн татвараар дамжиж орж ирсэн орлогыг буцааж гурван зүйлд зарцуулах санал гаргажээ. Үүнд Бэлчээрийг сайжруулах, худаг ус гаргах, малын удмын санг сайжруулахад малын хөлийн татвараар орж ирсэн мөнгийг буцаан зарцуулдаг байх. Нийслэл хотын татварыг мөн шинээр тогтоох нь зүйтэй гэж үзжээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн даваа гаригт ээлжит хуралдаанаа хийх үеэрээ Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголтой холбогдуулж УИХ-ын гишүүн А.Бакейгаар ахлуулсан таван гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан юм. Тус ажлын хэсэг хоёр хоног ажиллаад энэ оны төсвийн тодотголыг боловсруулах хүрээнд 221 тэрбум төгрөгийн эх үүсвэр бий болоод байсныг дээрх байдлаар зарцуулах санал гаргалаа.
Энэ тухай УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүд өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан мөн жиргээд байна.
Г.ДАРЬ