Р.Бурмаа сайдад шаардлага хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.01.14-нд нийтлэгдсэн

Р.Бурмаа сайдад шаардлага хүргүүлэв

Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооноос Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад мэдэгдэл хүргүүлэхээр болсон тухайгаа хэвлэлийнхэнд дуулгалаа. Тариаланчид хэлэхдээ  эдийн засгийн хямралын үед  үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь уриалж байхад салбарын сайд нь  гадаадын импортын улаан буудайг оруулж ирэх зөвшөөрөл олгож байгаад урам нь хугарч буйгаа дуулгасан юм.

Өнгөрсөн намар Ш.Түдвэндорж сайд ийм шийдвэр гаргаж, үүнээс нь болоод тариаланчдын багагүй эсэргүүцэлтэй тулгарч байсан. Тиймээс ч гаргасан шийдвэрээ цуцлахад хүрсэн билээ. Тэгвэл  импортын хэрэглээг багасгах, үндэсний үйлдвэрүүдээ дэмжих  Засгийн газрынхаа бодлогын эсрэг ажиллаж байгаа Р.Бурмаа  сайд  энэ оны нэгдүгээр сарын 7-нд 20 мянган тонн улаан будай импортлох зөвшөөрлийг гурилын үйлдвэрүүдэд олгосоныг тэд шүүмжилж,  дотоодын улаанбуудайн чанар импортын улаанбуудайн чанараас дутахгүй гэдгийг онцолсон. Мөн энэ жил тариаланчид өндөр ургац хураан авсан бөгөөд 350 мянган тонн улаан буудайг гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд тушаажээ. Энэ нь дотоодын улаан буудайн хэрэгцээг зун хувь хангаж байгааг онцолсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бизнесийнхэнтэй уулзах бүрдээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээ илэрхийлдэг. Засгийн газар үндэсний үйлдвэрлээ дэмжихээр багагүй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Гэтэл  улс орны эдийн засагт чухал, стратегийн гэгддэг хөдөө аж ахуйн салбарыг удирдаж яваа сайд нь үндэсний үйлдвэрлэлээ үл тоож буйд тариаланчид бухимдалтай байна.

 Р.Бурмаа сайдын гаргасан 20 мянган тонн улаан буудай импортлох шийдвэрийнх нь талаар асууж тодруулахаар тариаланчид уулзахад хоёр өөр зүйл хэлж байгааг ч “Газар тариалан” холбооныхон ярьж байна.  Эхлээд сайд “Энэ бол бодлогын алдаа” гэж байснаа дараа нь “Энэ миний хариуцах зүйл биш. Урьд нь тэгээд шийдчихсэн байсан. Надад хамаагүй шүү” гэх ухааны юм яриад сууж буйд тариаланчид бухимдаж байна. Шийдвэр гаргах ёстой салбарын сайд нь “Надад хамаагүй, би оролцоогүй” хэмээн хээв нэг хэлээд сууж байгаа нь ажилдаа ямар ханддагийн илрэл юм.

Өнгөрсөн онд салбарын яам, гурил үйлдвэрлэгчид, тариаланчид хэлэлцээрийн ширээний ард сууж энэ оны гуравдугаар сарын 1 хүртэл импортын улаан буудай оруулж ирэхгүй, хэрэв оруулж ирэхээр болбол заавал тариаланчидтай уулзаж шийдвэрлэнэ гэж тохиролцсон аж. Гэтэл Р.Бурмаа сайдаар томилогдоод сар ч болоогүй байж үндэсний үйлдвэрлэлийнхээ эсрэг шийдвэр гаргаж, тариаланчдыг үл тоомсорлосон маягтай дэндүү зарчимгүй хандаж буйг тариаланчид ийнхүү эсэргүүцэж байна.

Дотоодынхоо хэрэгцээг зуун хувь хангах, чанар сайтай улаан буудай байсаар байтал гаднаас 15 сая долларын импорт хийх нь үндэсний үйлдвэрээ сөнөөсөнтэй ялгаагүй бодлого гэдгийг ч онцолсон.

Засгийн газрын үйл ажиллагааг хариуцлагатай явуулах үүднээс өнгөрсөн жилээс эхлэн “давхар дээлээ” тайл хэмээн хашгирч байсан Р.Бурмаа сайд өөрөө давхар дээл нөмрөнгүүтээ   гурил үйлдвэрлэгчдийн лоббид автлаа гэж тариаланчид хардаж байна. “Манай улаан буудайн  чанар тааруу” гэж гурил үйлдвэрлэгчид хэлдэг . Энэ бол худлаа, ийм цуурхал тарааж байгаад гурил үйлдвэрлэгчид импортын улаан буудай оруулж ирэх лобби хийж байна гэв. Тиймээс  Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооноос  2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн сайдын тушаалыг   энэ сарын 20-ны дотор хүчингүй болгохыг салбарын сайд Р.Бурмаагаас шаардлаа.  Энэхүү шаардлагаа Р.Бурмаа сайдад хүргүүлжээ.  Мөн  Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн дагуу гурилын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгосон атал үйлдвэрүүд нь бүтэн хоёр жилийн турш тариалангийн компаниудаас авсан улаан буудайн төлбөрөө  төлж барагдуулаагүйг сануулж, үүнийгээ нэн даруй олгуулах арга хэмжээ авахыг шаардаж байгаагаа илэрхийллээ.

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж