Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Бодлогын хүүг нэг хувиар өсгөх шийдвэр нь ам.долларын ханшид яаж нөлөөлөх вэ. Долларын ханш буурах уу?
-Он гарснаас хойш валютын ханш хоёр хувиар хөдөллөө. Энэ хөдөлгөөн бидний хүлээж байсан хүлээлтээс нэлээн зөрсөн. Гэхдээ доторх эрэлтээ харвал уул уурхайн салбарын сэлбэг, тоног төхөөрөмж нэлээн өндөр байсан нь энэ салбарт энэ онд эерэг хүлээлт байгаа нь харагдаж байна. нөгөө талаас валютын орох урсгал маань бидний бодож байснаас сайнаар гарсангүй. Дээрээс нь валютын цэвэр нөөц 12 сард эерэг мэдээтэй байсан. Нэлээн удаа хүлээгээд байсан валютын нөөцөө 12 дугаар сард бага зэрэг нэмж авлаа. Ингэснээр ханшийн бодлогод нөлөөлөх бололцоог нэмж өгч байна.
-Бодлогын хүүг 13 хувьд хүргэсэн нь эдийн засагт хэр зэрэг агшилт авчирах вэ?
-Макро тооцоог нэлээн дэлгэрэнгүй хийсэн. Олон улсын валютын сангийн тооцоогоор 2015 онд Монгол Улсын эдийн засаг 5 хувийн өсөлттэй гарна гэсэн төсөөлөл байна. Жишээ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт нэг тэрбум ам. доллараар нэмэгдвэл яах вэ, хоёр тэрбумаар нэмэгдвэл яах вэ гэдэг асуултын хариулт нь том бодлогын сонголт, эрсдэл өгөөд байна. 2010 оны жишээг дурдахад тэрбум долларын хүлээлтээс давсан валютын урсгал ханшин дээр 100 төгрөг болж гарч байсан. Заавал эдийн засаг агшина гэж ойлгох хэрэггүй. Макро баланс хадгалагдаад, валютын орох урсгал маань сайжирч байгаа тохиолдолд эдийн засаг тэлэх бололцоогоо валютын орох урсгалаараа нөхөх нь зүйтэй гэдэг дүгнэлтэд хүрч байна. Дээрээс нь эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг олон удаа ярьж байна. 2011 онд 17 хувь байсан эдийн засгийн өсөлт 2014 онд 13 болж буураад одоо 5.4 хувь болтлоо буурахаар байна. Бодит эдийн засгийн нөхцөл байдалдаа тохирсон эдийн засаг бий болж байна гэж харж байгаа. Хэрэв валютын орох урсгал сайжирвал урт хугацааны эдийн засгийн өсөлтийн суурь болгох ёстой юм. Бодлогын шийдвэр маань бодит нөхцөл байдал дээр суурилсан, хэрэв эерэг өөрчлөлтүүд гарвал энэ шийдвэрээ эргэж харахад бэлэн.
-Гаднаас нэгэнт валют орж ирэхгүй бол Монголбанк ханшаа яаж хадгалах юм бэ. 2015 оны эцэс гэхэд Монгол Улсын эдийн засаг ямар хөрсөн дээр буух вэ?
-Монгол Улсад энэ жил орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт Оюутолгойг оруулаад 2008 оныхоо түвшинд очсон. 2008 онд одоогийнхоос гурав дахин бага долоон их наядын эдийн засагтай байсан. Өнөөдөр 21 их наядын эдийн засагтай болсон. Одоогийн энэ валютын орох урсгалын түвшинд эдийн засгийг өсгөхөд цааш авч явахад хүндрэлтэй. Хийгдэх ёстой ажлын хамгийн эхэнд гадаадын шууд хөрөнгө оруулалт орно. Өнгөрсөн жил манай экспортын хэмжээ өслөө. Өсөхөд нөлөөлсөн хүчин зүйлс бий. Газрын тос, алт, зэсийн экспорт өсч төмөр, нүүрс сул хэвээр явсан. Эндээс харахад бидэнд нөөц бололцоо байна гэж харж байгаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт амархан сэргэчихдэггүй. Хийгдэх ажил, ажилбарууд маш их. Үүнд Засгийн газар анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай.
-Өрийн таазыг 70 хувьд хүргэхгүй бол инфляци хэдэн хувьд хүрэх вэ?
-Өрийн таазын тухайд олон маргаан УИХ дээр болсон. Хуулиараа өрийн таазын хэмжээ 40 хувь гэж байгаа боловч одоо 53 хувьтай болсон. Өнгөрсөн баасан гаригт өрийн таазыг 70 хувьд хүргэх асуудал ороод уначих шиг болсон. Бидний харж буйгаар 40 гэдэг тоо нэгэнт зөрчигдсөн. Зөрчигдсөн шалтгаан нь гадаадаас орж ирэх валютын урсгал татарсантай холбоотойгоор ханшин дээр ирсэн өөрчлөлтөөс нөлөөлөл байсан нь ойлгомжтой. Валютын орох урсгал маань сайжирвал өрийн таазын хэмжээ шууд хамааралтай гэж үзэж байгаа. Инфляцийн нөлөөлөл, бодлогын хүүгийн нөлөөллөөс илүү Монгол Улсад орж ирэх валютын урсгал эерэг нөлөөтэй эсэхээс хамаараад бодлогын хүүн дээр шийдвэр гаргахдаа тооцож үздэг. Үнэхээр өрийн таазаа нэмж чадахгүй байгаа бол Засгийн газрын хэлбэрийн зээл аж ахуй нэгжүүддээ өгч чадах баталгааны хэмжээ 0 гэсэн үг. Нэг ёсондоо Засгийн газар нь аж ахуй нэгжүүдээ валютаар дэмжиж чадахгүй, баталгаа гаргаж чадахгүй, гаднаас Засгийн газар шинээр зээл авч чадахгүй гэж байгаа бол Монгол Улсад орж ирэх гадаад валютын урсгал тодорхой хэмжээнд хязгаарлагдмал байх нь гэдэг ойлголтыг дагуулдаг. Тэгэхээр өрийн таазын хэмжээ маань бидний шийдвэрт голлох нөлөө үзүүлдэг.
С.ОТГОН