Дархан-Уул аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос зохион байгуулж, багш, эмч, соёлын байгууллага, эрчим хүчний ажилчид оролцсон цуглаанаас Шийдлийн Засгийн Газарт хандан шаардлага тавилаа. Төр засгаас төсвийн байгууллагын ажилтнуудын цалин, ахмадууд, эхчүүдийн тэтгэмжийг нэмэгдүүлж, иргэдийн ажлын байрны баталгааг хангах, хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулах арга хэмжээг авахдаа ард түмнээ доройтуулах аргаар биш, улс төрийн намуудад хувиарласан илүү албан тушаалуудыг хасах замаар шийдвэрлэхийг Дарханы иргэд шаардлагадаа тусгажээ.
Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн Холбооны дарга Д.Нацагдорж мэдэгдэхдээ “-Эдийн засгийг тогтворжуулах хэмнэлтийг дээр байгаа хэтэрхий данхайсан нүсэр том бүтцийг өөрчлөн цомхон болгож, давхардсан илүү орон тоог цөөлөх замаар шийдвэрлэх хэрэгтэй. Төр захиргааны бүх шатны байгууллагуудад байгаа, ажлын чадваргүй, хийх юмгүй цагаа бүртгүүлээд цалин аваад сууж байгаа албан тушаалтнуудыг цомхотгох шаардлагатай. Орон нутгийн засаг захиргаанд ажлын байрны жагсаалтанд байхгүй орон тоон дээр хүн авч ажиллуулж байгааг таслан зогсооё” хэмээн шаардлаа. Үг хэлсэн хүмүүс “-Одоо хэлэлцэж байгаа Үндсэн Хуулинд оруулах өөрчлөлтөөр Улсын Их Хурлын бүрэлдүүнийг 76 биш 38 болтол бууруулж, яамдын тоог цөөрүүлэн нэн даруй дэд сайдуудгүйгээр ажиллуулах шийдвэр гаргаж, бусад өндөр албан тушаалтнуудын орон тоог багасган тэдний өндөр хангамж, эрх ямбыг үгүй хийе. Хямралыг гэтлэхийн тулд УИХ, Засгийн Газрын гишүүд бүгд өөрсдөө үлгэр үзүүлэн цалингаа бууруулж, аливаа нэмэлт зардлаа багасгаж ажиллахыг шаардъя. Төсвийн байгууллагын ажилтнуудын ихэнх нь банкнаас өндөр хүүтэй зээл авсан. Тийм учраас цалингийн зээлийн хүүг яаралтай бууруулах арга хэмжээ авъя” гэж санал гаргацгаав. Татварынхан өөрсдөдөө олгосон их хэмжээний урамшууллыг буцаан төлүүлж ард иргэдэд тайлагнахыг ч сануулав. Цуглаанд оролцсон Дарханы сургууль, эмнэлэг, соёл, төсвийн байгууллагын ажилтнууд нь гаргасан шаардлагадаа бүгд гарын үсгээ зурж, дүрс бичлэгээр баталгаажуулан Засгийн Газарт хүргүүллээ.
О.ХИШИГСҮРЭН