Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт нэгдүгээр сургуулийн захирлыг авлигын хэргээр саатуулсан нь нийгэмд дуулиан тарьж байна. Үнэндээ бол авлига авч байгаад үйлдэл дээрээ гардуулсан нь нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ болохоос биш баригдаагүй нь хэдэн арваараа бий.
Наад захын жишээ татахад хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд эрхлэгчид нь эсвэл багшид нь авлига өгөхөөс аргагүй болдог. Зарим тохиолдолд хоёуланд нь авлига өгнө. Хэрэв багшид нь авлига өгөөд эрхлэгчид нь өгөөгүй байгаад мэдэгдвэл багш ажилгүй болно, эсвэл хүүхэд нь цэцэрлэгээсээ хөөгдөнө. Хүүхдээ дагуулаад ажил хийх боломжгүй тул хэдэн төгрөг төлөөд цэцэрлэгт багтаах нь асуудлаа шийдэх хамгийн найдвартай арга болж хувираад байна.
Хүүхэд зургаан нас хүрэхэд эцэг, эхчүүд хамгийн сайн боловсрол эзэмшүүлэх сургуулийг хайж эхэлдэг. Харамсалтай нь, чанартай боловсрол олгодог сургууль нь тоотой, элсэх сурагчдын тоо нь хэд дахин давсан байдаг нь сургуулийнх нь удирдлага, багштай тулахаас аргагүйд хүрдэг. Хүүхдийн тоо нь 40 гарсан байсан ч хамаагүй, зүтгүүлнэ. Чанартай гэсэн сургуульд орж л байвал хүүхэд боловсрол олно гэж боддог. Эцэст нь зорьсон хэргээ бүтээсэн тул тогтсон ханшийнх нь дагуу талархлаа илэрхийлж, авлигаа өгдөг. Захирал ч, багш ч авлигаас эмээхгүй.
Өөрөөр хэлбэл, боловсролын салбар авлигадаа идэгдсэнд дан ганц багш, эрхлэгч, захирлын буруу биш эцэг, эхчүүд төдийгүй төр ч буруутай. Хүртээмжтэй сургууль, чанартай багшийг бэлтгэж чадаагүй нь эргээд авлигачдыг хэдэн арваар нь төрүүлж байна.
Дээр нь сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг аймаг, сум, дүүргийн Засаг дарга томилдог нь эргээд улс төрийн барьцаанд нь орох, авлигач болох бас нэгэн үүд хаалгыг нээсээр удлаа.
Зарим сумдын сургууль Засаг даргын хамаатан саднаар дүүрсэн. Хүүг нь, хүргэнийг нь, бэрийг нь гээд Засаг даргын захиас занаастай болгоныг ажилд авсан жишээнүүд захаас аван бий. Гэтэл мэдлэг чадвараар илүү, хүүхдэд боловсрол олгочих боловсон хүчин нь ажилд орж чаддаггүй. Арын хаалга, өгөх авлигагүй учраас. Эцэст нь мэдлэггүй багшаар хичээл заалгасан хүүхдүүд л хохирогч болдог . Сургалтын чанар нь унаж, хүүхдүүд хохироод байхад сургуулийн захирал тоохгүй, авлига өгсөн хүнийг л ажилд авна. Галч, жижүүр, цэвэрлэгч гээд худалдаж болох бүхий л местийг агт морь, амбан шар, хоёр сая төгрөгийн үнэд хүргэж, зарж байна. Тэр бүү хэл, тендер зарлаад сумын Засаг даргынхаа дэлгүүрээс сургуулийнхаа дотуур байрны хүүхдийн хоол, хүнсийг хангадаг. Мах, ногоог зах зээлийн үнээс өндөр үнээр авдаг. Бүр сүлжээнд орчихсон гэж хэлж болно. "Үдийн цай" хөтөлбөр нэг бол сургуулийн захирлын бизнес эс бол сумын Засаг даргын бизнес байдаг. Гэтэл Авлигатай тэмцэх газраас эхлээд аудит нь ажилладаг хэрнээ ашиг сонирхлын зөрчилтэй эл бизнесийг нь илчилж чаддаггүй.
Анхаас нь авлига авсан болгон ньхариуцлагаа хүлээдэг, төрийн албанд дахин томилж, хариуцлагатай алба хашуулдаггүй байсан бол боловсролын салбар ингэтлээ авлигад идэгдэхгүй л байсан болов уу. Одоо энэ салбарт авлигатай хийх тэмцлээс гадна улс төрөөс хамааралтай болсон авлигынх нь сүлжээг таслахын тулд ядаж л сумын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчээ аймгийн Боловсролын газраас нь томилох. Ингэхдээ хамт олных нь саналыг үндэслэдэг байдлаар шийддэг тогтолцоонд оруулах шаардлага байна.
Чанартай боловсролын тогтолцоотой болохын тулд мэдлэг чадвартай багшийг сонгон шалгаруулдаг болох. Багшийг ур чадвараар нь үнэлж цалин олгодог болох. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн өндөр ур чадвартай багш нь сая төгрөгийн цалин авдаг тогтолцоонд шилжүүлэхгүй бол жил ирэх тусам авлига боловсролын мөн чанар, утгыг алдагдуулж, тэр хэрээрээ нийгмийн хөгжлийг удаашруулж, улсыг мөхөөх нь ээ.
Холбоотой мэдээ