"Баримт алдагдсан бол Ц.Нямдоржтой хариуцлага ярина"

Хуучирсан мэдээ: 2018.10.08-нд нийтлэгдсэн

"Баримт алдагдсан бол Ц.Нямдоржтой хариуцлага ярина"

"Баримт алдагдсан бол Ц.Нямдоржтой хариуцлага ярина"

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад нэг жилтэйгээ золголоо. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газар хэр ажиллаж чадав?

-Засгийн газрыг сайлахаас илүү шүүмжлэх зүйл нь олон байна. Хаврын чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажилласан. Иргэдийн хүлээлтийг энэ Засгийн газар гүйцэхгүй байна. Нэг зүйлд дүгнэлт хийхэд Ж.Эрдэнэбатын Засгийн газар -1 хувьтай эдийн засаг хүлээж авснаа 5,3 хувьтай болгож У.Хүрэлсүхийн Засгийн газарт хүлээлгэж өгсөн. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын гарааны эхлэл маш  хүнд байсан, бодит мэдээлэл ч байхгүй. Шинэ Засгийн газар бүтцээ байгуулаад л өдөржин, шөнөжин ажилласан. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар, У.Хүрэлсүхийн Засгийн газар хоёрын гарааны эхлэл газар, тэнгэр шиг ялгаатай байдлаас эхэлсэн. Гарааны эхлэлээр нь тооцвол эдийн засгийн нэг хувийн өсөлт бол чамлахаар тоо. Нэг жилийн хугацаанд маш их зүйлийг хийж болдог. Товчхондоо У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дүгнэж хэлбэл, иргэд, нийгмийн хүлээлтийг гүйцэхгүй байна.

Түүнээс гадна зөвхөн төсөв, мөнгөөр бүх зүйлийг шалтаглаж, ам хааж болохгүй. Цаг, мөнгө зарцуулахгүй хийж болох олон ажил бий. Ерөөсөө ажил явахгүй байна. УИХ одоо төсөв хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд үгээ хэлж, асуудлаа тавьж байна. Гэтэл гишүүдийнхээ үгийг хүлээж авахгүй  байна. Хэрэв гишүүдийн тавьж буй асуудлыг сонсохгүй, үгийг нь авахгүй юм бол энд гишүүд төсөв хэлэлцэж суух ямар хэрэг байна. Попрох дуртайнууд нь яриад л, ажил хийе гэсэн гишүүд нь чуулганд суух шаардлагагүй шүү дээ.

Ерөнхий сайдтай би өнгөрсөн тавдугаар сард уулзсан, сүүлд ч уулзсан. Түүнд юм хийх санаа бол байна. Гэвч танхимд нь үнэн хөгийн, унжийсан хэдэн сайд нар байна шүү дээ. Даанч үлбэгэр хэдэн сайд нараасаа болоод санаа байвч, ажил нь явахгүй байна.

-Сайд нартаа асуудал байна гэдэг нь амьдрал мэдэхгүй хүмүүс алба авсан гэсэн үг үү?

-Би сайдаар томилогдоод ажил авангуутаа цагаан зангиатай оффисын албан хаагчдыг хүний амьдрал мэдэхгүй шийдвэр гаргаж байна гээд бүгдийг нь айлаар орж, хүмүүсийн жаргал зовлонг сонс гээд долоо хоног гудамжинд гаргаж ажиллуулж байлаа.

Бид харин бодлогын асуудлаа Ерөнхий сайдын өрөөнд цайны цагаар ярьдаг, ажил тараад байнга л Ерөнхий сайдын өрөөнд цуглаж, ажлаа ярьж, санал бодлоо солилцдог байсан. Дараа нь УИХ-ын гишүүдээ яаманд урьж, бодлогоо танилцуулж, хийх ажлуудаа танилцуулдаг байсан. Долоо хэмжиж, нэг огтол гэдэг зарчмаар ажлыг шуурхай явуулж болдог доо. Харамсалтай нь, ийм зарчим энэ Засгийн газраас огт харагдахгүй байна. Хаврын чуулганаар сайд С.Чинзориг, Д.Сарангэрэл нартай маргалдаж, нилээн ширүүн зүйл болсон. Тэгээд л асуудал болсны дараа уулзаж, таван цаг гаруй хуралдаж, засах, өөрчлөх асуудлуудыг нь хэлж өгч байсан. Заавал нэг асуудал болохоор ярилцдаг байж болохгүй. Энэ Засгийн газар дайчин биш,  маш сул байна. Нэг жилийн хугацаанд асар их зүйл хийж болох байсан. Бид нэг жил гурван сарын хугацаанд гүйцэтгэл сайтай ажилласан. Жишээ нь, миний хариуцаж байсан салбарын яамны ажлын гүйцэтгэл 96,5 хувьтай, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 70 гаруй хувьтай биелэсэн байсан. Дөрвөн жилийн ажлыг нэг жилийн  хугацаанд л хийсэн. Би өөрийгөө дөвийлгөж, магтаад байгаа юм биш. Өөр надад жишээ авч, харьцуулах зүйл алга л даа. Ер нь юм хийе гэвэл нэг жил ч гэсэн их хугацаа. Яг тулаад ажил хийе гэвэл болдог л юм.

Би анх 2012 онд Дорнод аймгаас сонгогдож байхад тус аймгийн нийгэм эдийн засгийн үзүүлэлт 17-т бичигдэж байсан бол одоо эхний нэг, хоёрдугаар байрт бичигддэг болсон. Би улс төрийн дөрвөн жилийн мөчлөгөөс тогтвортой  хөгжлийн бодлого алдагдаж, чөтгөрийн тойрогтоо эргэлдээд байна, сонгуулийн мөчлөгөөс шалтгаалаад хөгжлийн жанжин шугам  алдагдаад байна гээд хөгжлийн том бодлогоо тодорхойлох найман бодлого гаргаад, нэг түр байнгын хороо хянаад явахаар байгуулах саналыг УИХ-ын дарга З.Энхболдод хэлж байсан. Энэ нь явсаар Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль болж, батлагдсан. Тэгэхэд Дорнод аймгийн багууд, сумд, аймгаараа яаж хөгжих, хөрш аймгуудтайгаа яаж хөгжих зэрэг дэд бүтцийн бодлого болон нийтлэг улстайгаа хөгжлийн хувьд ямар хамааралтай байх, хоёр хөрш, зүүн хойд Азидаа ямар байх вэ гэдэг долоон үе шаттай хөгжлийн бодлого тодорхойлсон. Хагас жилийн хугацаанд бодлогоо өлгийдөж аваад, аймгийн ИТХ-аар батлуулж байсан. Бодлого баталсны дараа аймгийн төсөв бодлоготойгоо уялдах ёстой юм.

-Тэгэхээр улс орныг хөгжүүлэх нь хүнээсээ, хэн байхаасаа шалтгаалж байна гэсэн үг үү?

-Улс орны хөгжлийн болон эдийн засгийн бодлого хүндрэлтэй зүйл биш шүү дээ. Цэлийтэл нь харж чадвал асуудалгүй.  Одоо утааны улирал ирж байна, дүүргээс сонгогдсон бүх гишүүд л утаа ярина. Энэ бол тэр чигтээ макро эдийн засгийн бодлого. Түүнээс түүхий нүүрсийг хорьж, зуух тарааснаар шийдэгдэхгүй. Иргэдийг орон сууцаар хангах. Орон сууцтай болохын тулд орлоготой, орлоготой байхын тулд ажилтай болох хэрэгтэй. Эрчим хүчний бодлого, дэд бүтцийн бодлого, хогийн менежмент, зам гээд макро эдийн засгийн бодлогоо зөв тодорхойлох ёстой.

“ОУВС, ПРОПОРЦИОНАЛ СИСТЕМ ХОЁР ТӨСӨВТ МАШ ИХ НӨЛӨӨЛЖ БАЙНА”

-Эдийн засгийн өсөлт 6,5 хувьтай болсон гэж байгаа боловч иргэндээ, өрхдөө наалдахгүй, бодит өсөлт мэдрэгдэхгүй байна гэж олон нийт шүүмжлээд байгаа?

-Одоо үүсээд байгаа эдийн засгийн тогтолцоон дээр анхаарлаа  хандуулах шаардлага байна. Эдийн  засгийн өсөлт 6,5 хувь, ирэх жил 8 хувь гарна гэж байна. Энэ өсөлт иргэндээ наалдацтай байдал нь мэдрэгдэхгүй байна. Нэг хүнд оногдох ДНБ яаж иргэнд наалдаж байгаа, төсөв гэхэд өнөөдрийн байгаа татварын эрх зүйн орчиндоо тааруулж өргөн барьсан байх жишээтэй. Татварын шинэчлэлийн ажлыг яаралтай хийх ёстой. Хүн бүр татвар төлдөг, татвар төлөлтийн цар хүрээг нэмэгдүүлж,  төсвийн орлогоо дэмжмээр байгаа юм.

-2019 оны төсөв хэлэлцэж байна. Гишүүд маш их бухимдалтай байх шиг. Та төсөвтэй танилцаж, судлав уу?

-Уншиж л байна. Дэмий үрэлгэн зардлууд маш их байна. Энэ мэт бодлогын ажлуудаа яаралтай хийх л шаардлагатай байна даа. 2019 оны төсөв дээр бүх гишүүд л бухимдалтай байна. Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайдтай ч мөн ярьсан. Төрийн албан хаагчдын тоо маш өндөр байна. 3 сая хүнд үйлчлэх 186 мянган төрийн албан хаагч гэхэд хэцүү. Энэ асуудал дээр томоохон бодлогын түвшний арга хэмжээ авах шаардлагатай байна. Зөвхөн цалингийн урсгал зардал нийт улсын төсвийн 25 хувийг эзэлдэг. Үүн дээр бусад зардлыг тооцвол энэ тоо бүр их өснө. Тэр хэмжээгээрээ нийгэмд хийх хөрөнгө оруулалт багасна. Төрийн ажлын хувьчлалыг бид хийх цаг болсон. Төрийн зарим ажлыг хувьчилна гэдэг нь цомхотгол биш, чаддаг чиглэлээр хүмүүс ажлаа хийгээд төр худалдан авалтаа хийгээд явах боломжтой. Мөн цалингийн  тогтолцоо олон улсын практик жишигтэй нийцэхгүй яваад байна. Уг нь энэ ажлуудыг бэлдээд өгсөн, даанч энэ засаг хийхгүй байна. Мөн 2019 оны төсөв баталснаар мөрийн хөтөлбөрийн хэдэн хувь хэрэгжих вэ гэдэг тооцоо судалгаа төсөвт огт тусаагүй байх жишээний. Уг нь Сангийн сайд, Ерөнхий сайд хоёр хөгжлийн бодлоготойгоо ингэж уялдана, ийм зүйлийг ингэж хийж, ингэж батална гэж ярих ёстой юм.  Ер нь төсөв батлахад жижиг 76 тойрог маш хүнд гэдэг тод харагддаг. Пропорционал системийг дэмжиж байгаа юм биш, гэхдээ пропорционал байхад  төсөв рүү деталчилж ордоггүй байсан, гишүүд. Үндсэндээ төсвийн нэгдсэн бодлого чуулган дээр орж ирээд алдагдчхаж байгаа юм. Хүн бүр өөрийнхөө тойргийг л бодно шүү дээ. Жишээлбэл, Дорнод аймагт гэхэд 150 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байхад таван тэрбум төгрөгт багтаах зөвлөмжийг Засгийн газар өгч байх жишээтэй. Энэ төсвөө нэмэх гэхээр боломж нь байхгүй. Сүүлийн хэдэн жилүүдэд уул уурхайг дэмжих зорилгоор дэд бүтцээ хөгжүүлсэн. Гэтэл аялал жуулчлал, хөдөө аж ахуйн  салбар, татвар төлөлтөө нэмэгдүүлэх,  гурван тулгуурт бодлогын дэд бүтцийн асуудлыг хийх ёстой юм. Сонгуулийн тогтолцоо, ОУВС-гийн хөтөлбөр хоёр төсөвт маш их нөлөөлж байна. Тэртээ тэргүй нийгэмд хөрөнгө оруулах шаардлагатай байгаа зардлын хэмжээг орлого нь давахгүй байгаа шүү дээ.  Орлого гэхэд зөвхөн уул уурхай, тэр дундаа нүүрсэн дээр л түшиглэж байна. Нүүрсийг алт мэт л шүтээд байдаг үнэд хүрэхгүй бол үнс шүү дээ. Монгол нүүрсний 4000 жилийн нөөцтэй. Үнэ хүрэхгүй бол ямар ч хэрэггүй үнс.

“ХЭРГИЙН МАТЕРИАЛ АЛГА БОЛСОН БОЛ Ц.НЯМДОРЖ САЙДТАЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ”

-Төрийн албан хаагчид нэгнийхээ аминд хүрч, сайд огцорч, өнгөрсөн баасан гаригт орлох сайдыг томиллоо. Энэ асуудалтай холбоотойгоор төрийн албан хаагчдын ёс зүйн асуудал их хөндөгдөж байна?

– Зам тээврийн, хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ маш сайн ажиллаж байсан. Гэвч улс төрийн хувьд хэд хэдэн хүнд цохилтод орсон, хүн амины хэрэг гарсан учраас хэн ч байсан ажлаа өгөх байсан. Би ч гэсэн хуулийн хүрээнд хүлээх хариуцлагыг үүрээд ажлаа өгөх л байсан. Тэгэхээр заавал салбарт нь том асуудал гарахаар ёс зүйн асуудал хөндөгддөг байж болохгүй. Сая эрчим хүчний салбарт тэг зогсолт хийсэн. Эрүүл мэндийн салбар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэх мэт  асуудалтай салбарууд байна. Багш нарыг үнэндээ жагсаал хийлгэж, ажил хаях  хэмжээнд хүргэхгүй байх боломж байсан. Шаардлагатай бодлогын арга хэмжээг авах боломж байсан.

-Хандлагаас илүү манай, танай нам, танай нам гэхэд л  дотроо хоёр хэсэг болчихсон байгаа нь илүү нөлөөлөөд байгаа юм биш үү?

-МАН цөөнх байхад Ардчилсан намын зөв зүйл дээр нь би бүлгийн дэд даргын хувьд дэмжээд л явдаг байсан. Одоо ч гэсэн хэлэх гэж байсан шүүмжлэх үгээ залгиад явж чадахгүй байна. Миний нэг давуу тал бол хэнд ч барьцаалагдаагүй. Би улс төрд ороод  10 гаруй жил болж байна. 32, 33 гэж хуваавал би 32-ын бүлэгтээ орно. Яг үнэндээ амьдрал дээр энэ 32, 33 гэх зүйл байхгүй. Гэхдээ Засгийн газар  огцрох үеэр бүлэг дотроо тусдаа хуралддаг байсан. Энэ нь хүн ёсны харилцаа, бие биенийгээ илүү ойлгодог, харилцдаг гэх мэт коллектив байдал үүссэн нь үнэн. Тэглээ гээд улс төрд нөлөөлөөгүй. Ерөнхий сайдын томилгоон дээр 32-ын бүлэг ороогүй. Улс төрийн хувьд хагарал нь тэр хэмжээнд хүрсэн байсан. Одоо бол тийм зүйл байхгүй болсон.

-Зам тээврийн, хөгжлийн яаманд гарсан хэргийн талаар гишүүд нотлох баримт алга болсон гэх мэдээллийг чуулганы хуралдааны үеэр хэлж байсан. Энэ ямар учиртай юм бол, танд энэ талаар мэдээлэл ирсэн үү?

-Харин гишүүд чуулганы хуралдааны үеэр тийм зүйл яриад байсан, арай үгүй байлгүй дээ. Хэрэв тийм асуудал болж байгаа бол Ц.Нямдорж сайдтай хариуцлагын асуудал ярих хэрэгтэй. Яг үнэндээ энэ асуудал болоод л олны анхааралд ороод байгаа болохоос биш эргээд төрийн алба, төрийн албыг бүрдүүлсэн томилгоог харах ёстой. Жишээлбэл, намайг огцорсноос хойш Н.Номтобаярын хүн гээл нэр хоч өгч, хаягладаг асуудал зөндөө гарч байна гэсэн. Миний оролцоотой томилогдсон олон хүн бий. Нэг зүйлийг бардам хэлэхэд нэг ч хамаатан, хамаарал бүхий хүнээ би томилоогүй. Улс төрөөс л төрийн  албыг холдуулж, мерит зарчмаар буюу хариуцлагатай, сайн байхын хэрээр албан тушаал ахидаг байх алтан зарчмыг л баримтлах ёстой. Яг үнэндээ энэ төрийг удирдах  албан тушаалтныг манай нам л бүрдүүлсэн. Энэ дунд намаас гадна ажил мэргэжилдээ  сайн, ачаалал даах чадвартай, хариуцлагатай хүмүүс бий. Хань хамаатан, садны төрөл маш олон бий. Бид цөөнхийн бүлэг байхдаа Ардчилсан намынхныг төрийн албыг төрлийн алба болголоо гээд л шүүмжлээд байсан, одоо хэлэхэд хэцүү л байна. Би хүртэл гишүүдийн хань, хамаатан садныг зөндөө л томилсон. Яах арга байхгүй л хамаарал бүхий этгээдийг томилж л байсан. Заримдаа ч мэдэхгүй томилдог, заримдаа харахад томилоход асуудалтай нөхдүүд зөндөө л байсан. Түүнээс гадна төр хийж байгаа ажлаа хувь хүн үүднээсээ хувийнх нь асуудлыг шийдэж өгч байгаа юм шиг байдал  төрийн албанд хавтгай байна. Зарчим нь бол төрийн албан хаагчийн үүрэг нь шүү дээ. Нэг асуудал шийдүүлэх гэж энэ сайд нараас гуйж, ааш аягийг нь хардаг байдал их бий. Жишээлбэл, Нарийн сухайтын уурхай дээр үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэг, ШТС, уурхай гэх мэт 33 компани байдаг. Над дээр 33 компанийн төлөөлөл нэгдэж, эрчим хүчний хэрэглээ хүрэхгүй, төвийн эрчим хүчнээс шугам татвал 370 км татах шаардлагатай, гурван сум нь тог цахилгаангүй харанхуй болсон байсан. Үүнийг улс хийх боломжгүй байсан. Бид урдаас татах шугамаа өргөтгөж, 110 км болгож, тойргийнх нь гишүүнд хандаж, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд хандаад улсаас нэг ч төгрөг гаргахгүй аж ахуй нэгжүүд өөрсдөө нийлээд хийх гэсэн боловч Ц.Даваасүрэн сайд зөвшөөрөл өгөхгүй, маш их хугацаа алдсан. Энэ мэт ажилдаа хандаж байгаа хандлага нь буруу юм байна даа гэж бодож байсан.

“ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛАА САЙЖРУУЛААД ЯВАХ НЬ ЗӨВ”

Үндсэн хууль, сонгуулийн хуулиуд гэх мэт чухал хуулиудыг намрын чуулганаар хэлэлцэх гэж байна. Хамгийн чухал нь Үндсэн хууль. Гэхдээ намрын чуулганаар хэлэлцэж амжих уу?

-Хамгийн чухал нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулсны дараа бүх хуулиуддаа аудит хийх шаардлагатай байна. Давхацсан, зөрчилдсөн, хууль нь байдаг ч хэрэгждэггүй хуулиудаа эргэж харж, өөрчлөх шаардлагатай.  Ялангуяа амьдрал дээр хэрэгждэггүй хуулиуд маш их байна. Жишээлбэл, Залуучуудын хөгжлийн тухай хуулийг санаачилж батлуулж байсан. Залуучуудын хөгжлийг дэмжих замаар улс орныг хөгжүүлнэ гэх сэдвээр би НҮБ-ын хуралд илтгэл тавьж байсан. Өнөөдөр энэ хуулийн ганц л заалт хэрэгжиж байна. Тухайлбал, цалингийн зээл, тэтгэврийн зээлийн 63 хувь нь залуучуудад хамааралтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, үр хүүхэд, ач зээ нарынхаа сургалтын төлбөрт зарцуулаад байгаа юм. Цалин, тэтгэвэр нь хүрэхгүй болохоор барьцаалж зээл аваад байгаа юм. Би сайд байхдаа тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан. Гэхдээ энэ бол бодлогын арга хэмжээ биш. Төр засаг нь тэтгэвэр, цалингаа олигтойхон нэмээд амьдралд нь хангалттай хүрэлцэхүйц өгч чадахгүй, аргацаасан арга хэмжээ. Яагаад тэтгэврийн зээл аваад байгааг судлаад үзэхэд 63 хувь нь үр, хүүхдүүддээ зориулж байгаа юм. Тиймээс сургалтын зээлийн санг санаачилж, сурч байхдаа төлбөрөө зээлээд ажилд ороод төлөх боломжийг бүрдүүлж, 70 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Энэ заалтаас гадна Залуучуудын хөгжлийн хуульд маш олон чухал заалт орсон ч хэрэгжихгүй байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлттэй зэрэгцэн парламентын эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу гэдэг асуудал хөндөгдөөд эхлэх шиг боллоо. Та юу гэж бодож байна?

-Монгол Улс эдийн засгийн хувьд бэхжээгүй, аюулгүй байдлаа бүх чиглэлээр  хангаж чадаагүй, дотроо үймээн, самуун ихтэй, геополиткийн хувьд, эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа билээ, ийм байхад Ерөнхийлөгчийн засаглал огт тохирохгүй. Парламентын засаглал бол олонхоороо шийдээд явдаг. Гэхдээ энэ тогтолцоогоороо явна гэж болохгүй. Ерөнхийлөгч, Засгийн газар, парламентын засаглалын хувьд ойлгомжгүй зүйл олон бий. Сүүлдээ УИХ бүр шүүх  хурал шиг, заримдаа гүйцэтгэх засаглалын ажлыг хийдэг. Ийм тогтолцооны гажуудал бол бий. Ерөнхийлөгчийн засаглалыг би дэмждэггүй, одоо байгаа тогтолцоогоо чиг үүргээр нь хариуцлага хүлээх чиглэлээр нь өөрчлөх хэрэгтэй. Миний хувийн бодлоор бол өнгөрсөн парламентын үед аль нэг нам нь олонх болоогүй, олон намын төлөөлөлтэй байхад хийх нь зөв байсан болов уу гэж би хувьдаа боддог. Аль парламент хийвэл тааламжтай байна гэж хэдий болтол хүлээх вэ. Гол нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа батлах процесс буюу олон нийтийг хамруулах, ард иргэдийн санал бодлыг чөлөөтэй илэрхийлэх, олон нийтийн болон бусад намуудын төлөөллийг хэр зэрэг оролцуулж байна вэ гэдгээс л хамаарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж